Санхүүч агсан Жеффри Эпштейнтэй холбоотойгоор Монголд өрнөсөн байж болзошгүй үйл явдал, баримтуудыг мэдээлэх сонсголыг УИХ-аас зохион байгуулах гэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор бид АНУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цувралаар ил болгосон "Эпштейний" гэгдэх баримтуудаас Монголтой холбоотойг нь цувралаар хүргэхээр бэлдээд байна.
Эхэнд нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтуудыг онцоллоо.
Педофил санхүүч эр Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, нэр дэвшигч Х.Баттулгад ямар нэгэн байдлаар тус хүргэсэн байж болзошгүй энэхүү ноцтой баримтууд энэ оны нэгдүгээр сарын 30-нд АНУ-ын Хууль зүйн яам дөрөв дэх багц баримтыг ил болгоход дотроос нь гарч ирсэн юм.
Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад гадагш зугтаж гарсан Ч.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байх үе, эхний шатны санал хураалтын дүн гарах үе, хоёрдугаар шатны санал хураалт дуусч ялалт байгуулсан үед Жеффри Эпштейн рүү мэйлээр байнга мэдээлэл явуулж байсан нь ил болсон юм.

Ч.Ганбатын Ж.Эпштейн рүү бичсэн мэйлд “Дэмжсэнд баярлалаа”, “Дэмждэгт баярлалаа”, “Цаашид дэмжих шаардлагатай байна” гэх үгс олон давтамжтайгаар орсон байх бөгөөд энэ нь маш ноцтой юм.
Жишээлбэл, хэрвээ цахим захидлуудад тодорхойгүй байдлаар бичигдсэн дэмжлэг нь мөнгөн хэлбэртэй байсан бол Х.Баттулга 2017 оны сонгуульд гаднын, маш ашиг сонирхол бүхий этгээдээс санхүүгийн дэмжлэг авч сонгуульд ялсан болно.
Өөр хэлбэртэй байсан ч Х.Баттулга нь ач санаж хариу барих хэмжээний дэмжлэг авсан байх магадлалтай бөгөөд Монголд оффшор бүс байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэх ёстой байсан гэж хэвлэлд мэдээлэгдсэн. Гэвч бодит байдал дээр энэ мэдээлэл батлагдаагүй юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Монгол Улсад оффшор бүс байгуулах тухай асуудал өндөр түвшинд яригдаагүй байна.
Өөрийгөө улс төр, нийгэм, урлагийн элит хэсгээр хүрээлүүлж, улмаар тэдгээр тойрон хүрээлэгчдийнхээ насанд хүрээгүй хүнтэй харилцах, улмаар бэлгийн харилцаанд орох гаж хүсэлтийг нь хангах үйл ажиллагаа явуулж байсан нь илчлэгдэж, улмаар шоронд хоригдож байхдаа нас барсан АНУ-ын санхүүч Жеффри Эпштейний хэрэг АНУ-д шалгагдаж, улстөржилтийн гол сэдэв болоод байгаа билээ.
Түүний үйл ажиллагаатай холбоотой ээлжит баримтууд дэлгэгдсэнтэй холбоотойгоор Конгресс нийтийн мөрдөн шалгах сонсгол зохион байгуулахаар болж, Ерөнхийлөгч асан Билл Клинтон тэргүүтэй олон алдартнууд мэдүүлэг өгсөн. Энэ жишиг Монголд үргэлжилж байна.
Эцэст нь, Х.Баттулгыг төлөөлөн Ж.Эпштейнтэй харилцсан Ч.Ганбат гэгчийн талаарх мэдээллийг хүргэе.
Ч.Ганбат нь Монголд төрж, Москвад өсөж, АНУ-д амьдарч байсан нэгэн. Аав нь НҮБ-д ажилладаг, Москвад байнга суух шаардлагатай тул бага нас нь Москва хотод өнгөрчээ.
Тэрбээр Монголдоо буцаж ирээд дээд сургуульд сурч, бакалаврын зэрэг хамгаалж, улмаар арилжаа наймаа эрхэлж байсан аж. Ноолуурын салбарт ажиллаж байжээ. Улмаар АНУ-д банк, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар очиж, тэндээ ажиллаж байсан байна. ХБНГУ-ын “Commerce Bank”-ны “Нью-Йорк дахь салбарт ажиллаж байсан, чухам тэр ажил нь Монголд буцаж ирэх шалтгаан болсон гэж өөрөө ярьжээ. Учир нь, тус банкны үйлчлүүлэгчид Монголд бизнес эрхлэхийг хүсэж, Ч.Ганбат тэр чиглэлээр нь ажилласан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд айлчилсныхаа дараа нөлөөллийн бүсдээ Монголыг багтаасан. Энэ нь америк бизнесмэнүүдэд Монголд ажиллах сэдэл төрүүлсэн бөгөөд манай улсыг идэвхтэй судалж, холбоо тогтоож байх үед Ж.Ганбат банкинд ажиллаж таарсан /2003- 2009/ аж. Ингээд Монгол руу ирж, очиж байх үедээ Х.Баттулгатай холбогдож, улмаар Монголд буцаж ирэн орон тооны бус зөвлөхөөр нь томилогджээ. Тэрбээр Нью-Йоркийн банкин ажиллаж байхдаа Өмнөд Америк болон бусад хөгжиж байгаа орнуудад АНУ-ын бизнесмэнүүд хөрөнгө оруулах үйл явцад оролцож байсан, мэдлэгтэй учир Монголд буцаж ирэхийг зөвшөөрсөн гэнэ.
Тэрбээр 2009 онд Х.Баттулгын ятгалгаар Монголд буцаж ирсэн. Улмаар санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-ийг 2010 оны 3 сарын 12-ны өдөр байгуулж, тус компани нь Тавантолгойн төмөр зам барих төслийн зөвлөх АНУ-ын «McKinsey» компанийн Монгол талын түншээр шалгарсан аж. Зөвлөх үйлчилгээнд их мөнгө зарсан, тэр мөнгөнийхөө хэсгийг Монгол талын хамтрагч компанийн дансаар буцааж авсан гэх хардлага эндээс эхтэй бөгөөд тэрбээр гадагшаа яваад эргэж ирээгүй юм.
Ирээгүй шалтгаанаа “Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох хүсэл гэм зэмгүй надад огтхон ч байгаагүй тул Бээжингээс Улаанбаатар нисэх гэж байснаа больсон” гэж тайлбарласан байдаг. Тэрбээр мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн захирлаар ажиллаж байсан бөгөөд амжилттай явж байсан ажил нь улстөржилтөөс болж зогссон гэж үздэгээ ил захидалдаа бичиж байжээ.
2015 онд ийнхүү Монголоос гарч явсан тэрбээр Х.Баттулгатай холбоотой, тодорхой үүрэгтэй ажиллаж байсан нь Ж.Эпштейний баримтуудаар ил болсон хэрэг. Түүний талаар эх орноосоо зугтаж, АНУ-ын иргэн болсон гэдэг мэдээлэл гарч байсан. Тэгвэл өөрөө АНУ-ын иргэншлийг 2012 онд авсан гэж бичсэн байна.
Өөрөөр хэлбэл, "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд 2009 онд Монголд ирж, ажиллаж, амьдарч байхдаа АНУ-ын иргэншил авч байжээ. Тэрбээр Монголд ажиллаж амьдарч байхдаа хөөцөлдсөөр АНУ-ын иргэншил олж авч, төрийн том төслүүдэд үүрэг гүйцэтгэж байхдаа гаднын иргэншилтэй байжээ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна