МАН-ын автортай “Шинэ хоршоо" хөдөлгөөн үр дүнгүй, зээлүүдээ зориулалтын бусаар зарцуулжээ

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

МАН 2024 оны сонгуулийн өмнө “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг эхлүүлж,  малчдаа дэмжиж буйгаа зарлаж, аян өрнүүлсэн байдаг. Хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг арилжааны банкуудтай хамтран олгох юм. 2024 онд нийт 500 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн билээ. Ингэхдээ арилжааны банкуудын эх үүсвэрээр олгох жилийн 6 хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ гэж ярьж байв. Тухайн үед энэ хөдөлгөөнөөр авторлагддаг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "Зээл тэглэх бол өнөөдрийн уушги, “Шинэ хоршоо” бол маргаашийн өөх юм. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч болно. Харин нэг хоршоо 2 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Таны хүүхэд насаараа мал дээр амьдарч болно, гэхдээ нийгмийн гарлаараа дор гэж үзэгдэж болохгүй. Насаараа мал дээр амьдарсан ч нийгмийн гарлыг нь дээр хүргэж өгөх ёстой гэдэг агуулгаар хандаарай" гэж байв.

Нэг ёсондоо хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малчдын амьжиргааг дэмжих, мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, эрчимжсэн, нэмүү өртөг шингээсэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөөтэй гэж байсан ч одоо бодит байдал тэс өөр байна.  Эл хөдөлгөөний хүрээнд олгосон зээлд Үндэсний аудитын газраас аудит оруулж, шалгажээ. Тус газраас “Шинэ хоршоо хөдөлгөөний эрх зүйн орчин бүрдээгүй, хяналт сул, хөтөлбөр хэрэгжүүлэх уялдаа холбоо хангалтгүй байна гэж дүгнэсэн байна.

Бид орон нутагт олгосон зээлүүдийг аймаг тус бүрээр цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаа Өвөрхангай, Ховд аймагт хэрэгжүүлсэн төслийн үр дүн, зээлийн эргэн төлөлт ямар байгааг хүргэе.

Өвөрхангай аймгийн хэмжээнд Засгийн газрын 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын дагуу нийт 414 хоршооны 1486 малчинд 51,253.3 сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгожээ. Эндээс хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт хэвийн боловч зээл олгох шалгуур, зориулалтын ашиглалт, үр дүнд тавих хяналт хангалтгүй байна гэж дүгнэжээ.

Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”өрнүүлэх тухай тогтоолыг 2024-2029 онд хэрэгжүүлэхээр баталсан ч суурь үзүүлэлт, хүрэх түвшнийг он тус бүрээр нарийвчилж бодитой тусгаагүй байна. Энэ нь тухайн жилд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг үнэлэх боломжгүй, үндсэн болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын оролцоо тодорхойгүй, тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл бүрэн бус, үр дүнг нэгтгэн тайлагнаагүй нь хэрэгжилтийн үр нөлөөг бууруулж байна гэж аудитын байгууллага үзжээ.

Хоршоодын 51.4 хувь нь санхүүгийн тайлан гаргаж, нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй санхүүгийн чадавх сулаас гадна хоршооны үйл ажиллагааны тогтвортой байдал, хариуцлагатай тайлагналд сөргөөр нөлөөлж байна гэсэн байна.

Харин Ховд аймагт 76.1 тэрбум төгрөгийн зээл олгосноос 23 хувь нь хангалтгүй хэрэгжжээ. Зарим хоршооны үйлчилгээний цэгүүд 2025 оноос зогсож, санхүүгийн тайлан гаргаагүй, бүртгэл хөтлөөгүй зэрэг олон зөрчил илэрчээ. Мөн 96 зээлдэгч зээлийг зориулалтын бусаар буюу сургалтын төлбөр, зээл төлөх, байр, машин авах, зэрэгт зарцуулсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна