О.Батнайрамдалын зөв, оновчтой хуваариалахгүй бол шинжлэх ухаанд төсөвлөсөн мөнгө “Элсэнд асгасан ус”

Х.Батсайхан
2 цаг 3 минутын өмнө

-Шинжлэх ухааныг чөдөрлөсөн “Үл үзэгдэх гар”-

Том гүрний хараат болсон жижиг улс хөгждөггүй гэсэн ойлголт бий. Энэ нь Монголд хамаатай. Бид өнөөдөр Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай хөл нийлүүлэх талаар ярьж, тодорхой алхмууд хийж буй нь сайшаалтай хэрэг. Гэвч шинжлэх ухаан, технологийн салбарт дорвитой амжилт олох боломж хомс байсаар өнөөдрийг хүрлээ. Баталгаа нь өнөөдрийн бидний байж байгаа байдал, хөгжлийн түвшин гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал төсвийн хэлэлцүүлэг дээр Шинжлэх ухаан хөгжүүлэх сан дотор дахиж нэг сан байгуулаад 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөснийг шүүмжилж, “Шинжлэх ухаанд мөнгө зарлагадлаа гээд Монгол Улс хөгжсөн үү гэж асуугаад “Шинжлэх ухаанаас мөнгө харамлалаа” гэдэг шүүмжлэлд өртсөн. Гэхдээ харамсалтай нь, энэ бол хатуу боловч үнэн үг. Үүнд эрдэмтэн судлаачдын буруу байхгүй, сайн эрдэмтэд манайд хангалттай бий. Үүнийг баталж нотлох ч шаардлагагүй. Гагцхүү улс орныг хөгжүүлэх хэмжээнд зөв бодлогоор санхүүжүүлдэггүйтэй холбоотой юм.

Салбар шинжлэх ухааныг орхигдуулж, суурь судалгаанууд руу хэт их анхаардаг, судалгааны төслүүдийг бүрэн санхүүжүүлэхгүй гажиг систем бүтээж, “талдаа хүрээд зогссон” судалгаа үйлдвэрлэх тогтолцоог өнөөдрийг хүртэл авч явсан төр л үүнд хамгийн их буруутай. Гэхдээ засах боломж бий.   

Шинжлэх ухааны салбар хөгжлийн гарц хэвээрээ байна

Шинэ сэргэн мандсан Монгол Улсын Ардын Засгийн газар 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулснаар Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болжээ.

Хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зарлигаар ШУА-ийг байгуулсан түүхтэй.

Шинжлэх ухааны төв байгууллагатай болсноор монголчуудын хүрсэн дэвшлийг өгүүлж баршгүй. Гэхдээ судалгааны чиглэлд нэг гажуудал байсан нь суурь шинжлэх ухаанд хэтэрхий их ач холбогдол өгөөд салбар шинжлэх ухааныг орхигдуулдаг явдал байв.

Ирвэс дээр жишээ авч ярихад, суурь шинжлэх ухаан бол ирвэсээ л судална. 40 хэмийн хүйтэнд элгэн хадан дээр хэвтдэг онцлогтой гэх мэтээр судлаад тэмдэглээд л боллоо, дэгсдүүлж хэлэхэд…

Харин “Яагаад ийм хүйтэнд элгэн хадан дээр хэвтдэг хэрнээ ханиад хүрдэггүй юм бэ. Ямар учир шалтгаан байна. Түүнийг нь олж тогтоогоод ханиадны эм хийхэд ашиглая” гэдэг ажлыг салбар шинжлэх ухаан гүйцэтгэдэг. Мэдээж, сэжүүрийг хөөж ингэж ажиллахад хөрөнгө санхүү их шаардана, гэхдээ л үр дүн нь гайхалтай байдаг.

Гэтэл яагаад ч юм, суурь шинжлэх ухаандаа л ач холбогдол өгсөөр ирсэн нь гадны бодлого байсан гэлтэй. Социализмын үед Монголчууд суурь судалгаагаа хийгээд явдаг, тэр ололтыг оросууд салбар шинжлэх ухаандаа ашигладаг зүй тогтол ажиглагдаж байсан. Монгол эрдэмтдийн мэдлэг чадвар хаана ч гологдохгүй, чанартай судалгаа хийдэг гэдгийн баталгаа нь энэ мөн. Дубна дахь цөмийн судалгааны институтэд ажилласан монгол эрдэмтэд ЗХУ-ын энэ салбарын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн жишээ ч үүнийг харуулдаг.

Гэтэл ЗХУ задарч, гадны ямар нэг нөлөөгүй болсон гэх Монгол Улс 2012 онд Инновацийн тухай хууль баталж, бүтээгч сэтгэхүйтэй хүмүүсээ баярлуулчихаад ганцхан жилийн дараа буюу 2013 онд инновацийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй Венчур капиталын сан байгуулахтай холбоотой бүлгийг нь хасч хаясан. Ингэснээр их, дээд сургуулиудад хуримтлагдсан мэдлэгийг баялаг болох үйл ажиллагаа доголдсон.

Хэрвээ Венч капиталын санг байгуулаад өгчихсөн бол их сургуулиудын судалгааны чадавх эрс сайжирч, мэдлэгт суурилсан эдийн засаг бодитоор бий болох, түүнд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр нь ихсэх байв. Энэ өнцгөөс харвал, энэ бол Монгол Улсын хөгжлийг удаашруулсан хорлонтой ажил болсон.

Гарааны компаниудыг дэмжлэг “Coworking Space” буюу дундын оффисууд ажиллаж байгаа ч хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлж өгөөгүй байх жишээтэй.  Эрсдлийн санг нь байгуулах хууль боловсрууллаа гэхэд хувийн хэвшилд даатгаад хаях жишээтэй.

Манайхан аутсорсинг хийнэ гэж нэг хэсэг явсан. Гадны компаниудын ажлыг хийж өгөөд түүнийхээ хөлсийг аваад явна гэсэн үг. Гэтэл энэ нь маш олон хүн амтай улс л амжилт олдог салбар. Цөөн тооны компани тодорхой чиглэлд ажиллах боломж бий ч 2.7-хон сая хүнтэй манай улс аутсорсингоор Хятад, Энэтхэгтэй өрсөлдөөд барахгүй шүү дээ. Филиппинээс англи хэлний багш, Бангладешаас барилгын ажилтан авах талаар яригдаж байгаа нь үүний жишээ.  

Тэгээд ч Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал нэвтэрснээр робот ажилчныг орлож, аутсорсинг байхгүй болно гэдгийг К.Швабаас авахуулаад эрдэмтэн мэргэд зөгнөсөөр байгаа. Тиймээс бусдын ажлыг хийж өгдөг, гүйцэтгэгч улс байхаас татгалзаж, цөөн хүн амтай ч хүчтэй өрсөлдөгч брэндтэй, бүтээгч улс болох нь хөгжлийн хамгийн зөв гарц. Гэтэл гарааны компаниудыг дэмжих далайц хангалтгүй, судалгааны төслийг бүтэн санхүүжүүлдэг тогтолцоо бүрдүүлэх тал дээр хойрго хандсан хэвээр.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, арилжааны банкуудад хандах боломжтой ч тэндхийн ажил танил талаар явдаг, банкууд төсөлд зээл өгдөггүй зовлонтой. Хувийн хэвшлээс хөрөнгө татах бололцоо байдагч хөрөнгө оруулагч нь 80-аас дээш хувийг эзэмших болзол тулгадаг гээд бэрхшээл дүүрэн байна, энэ салбарт.

ШУА хөгжлийн хөшүүрэг үү, саад тушаа юу

Шинжлэх ухааны академи нь мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нэг тулгуур болох боломжтой ч бүтцийн хувьд асуудалтай /төрийн байгууллага ч биш, ТББ ч биш/. Үүнээс гадна үйл ажиллагаа бодлогодоо өөрчлөлт хийх ёстой гэсэн шүүмжлэл арилаагүй хэвээр.

О.Батнайрамдал гишүүний хэлсэн гашуун үнэн үг яаж амьдрал дээр хэрэгждэг вэ гэдгийг жишээгээр тайлбарлая.

Улс эх орондоо хэрэгтэй бүтээл туурвих санаа олсон 10 эрдэмтэн Шинжлэх ухаан хөгжүүлэх сангаас санхүүжилт хүсчээ гэж бодоё. Төсөл тус бүрийг хэрэгжүүлэхэд 100 сая төгрөг хэрэгтэй. 10 төсөлд тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн үг. Гэтэл санд тэр жил 500 сая төгрөг төсөвлөсөн гэж төсөөлье. Энэ тохиолдолд уг нь хамгийн чухал тавыг нь сонгож аваад бүрэн санхүүжүүлэх нь зүй мэт. Гэтэл манайхан тэгдэггүй, 10 төсөлдөө 50, 50 саяыг хуваагаад өгчихдөг.

Дутуу санхүүжилттэй төсөл мэдээж, зогсоно. Тэгээд үлдсэн санхүүжилтээ авья гэхээр “Үр дүн” нэхдэг аж. Дутуу хэрэгжсэн төсөл мэдээж үр дүн гаргаж өгөх боломжгүй. Ингээд зөв зүйтэй, өндөр үр ашигтай төсөл цаасан дээрээ үлддэг ажээ. Ийм маягаар шүүгээнд хэвтэж байгаа эрэмдэг төслүүд зөндөө. Шинжлэх ухааны хөгжлийг чөдөрлөж буй энэ мэт журам бодлогыг л “Үл үзэгдэгч гар” гэж байгаа санаатай юм.

2024 онд Засгийн газар  Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинжчилсэн найруулгын төслийг өргөн барьж, тавдугаар сард нь батлуулсан.

Энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед  үед Б.Энх-Амгалан сайд “…Өнөөдрийг хүртэл шинжлэн ухааны салбараа бүтэн циклээр санхүүжүүлж байгаагүй” гээд “Сүүлийн 10 жилд шинжлэх ухаан, технологийн санд 190 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4500 орчим судалгаа хийсэн байгаа. Нэг судалгаанд дунджаар 20 сая төгрөгийн санхүүжилт ногдож байгаа бөгөөд үр дүн нэхэх боломжгүй. Тиймээс судалгаа хөгжүүлэлт, инновац хөгжүүлэлт, бизнесийн хөгжүүлэлт гэдэг бүтэн циклээр нь санхүүжүүлдэг тогтолцоог бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалт тусгасан” гэж хэлж байв.

Мөн хуралдаан дээр “Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийсэн бөгөөд улсын хэмжээнд 350 орчим лаборатори байдаг. Гэвч ашиглалт хангалтгүй, 5 сая ам.долларын өртөгтэй лаборатори худалдаж авсан хэдий ч ашиглахгүй, судалгааны эргэлтэд оруулалгүй тоосонд даруулаад хадгалсаар технологийн хоцрогдолд оруулчихсан тохиолдол ч гарсан…” талаар танилцуулагдсан.

Сайдын хэлсэн үг олон эрдэмтний сэтгэлд нар мандаасан гэхэд дэгсүүлсэн болохгүй. Ядаж л таллаж орхиод мартсан байсан судалгаануудаа шүүрч авч дуусгаад эргэлтэд оруулахад Монгол Улс сэпхийтэл болсдоггүй юм гэхэд импортын хамаарлаа багасгаж л таараа гэсэн дэврүүн бодол мань мэтэд ч төрж байсныг үгүйсгэхгүй.

Хууль батлагдсан, гэхдээ хэрэгжилт нь одоогоор мэдрэгдээгүй. Хурдан мэдрэгдэх ч албагүй, судалгаа гэдэг угаас олон жил шаарддаг хүнд ажил. Гагцхүү бүтэн циклээр санхүүжүүлэх тал дээр хангалтгүй гэсэн нь эмзэглэх шалтгаан болж буй. Өөрөөр хэлбэл, давхар ажил хийхийг зөвшөөрсөн гэдэг дээр бага ч болов дээрдлээ гэдэг байдлаар хандаж буй эрдэмтэд байгаа нь харамсалтай санагдсан.

Төр шинжлэх ухаанаас мөнгө харамлах ёсгүй. Гэхдээ 10, 20, 30 жилээр бүтэн санхүүжүүлэх тогтолцоогоо ажиллуулах л шаардлагатай байна.

Амьдралд ойрхон нэг жишээ хэлэхэд, хагас коксон түлшний асаагчийг БНХАУ-ын эрдэмтэд нүүрснээс хагас кокс руу шилжих төрийн бодлогын хүрээнд олон жилийн судалгааны дүнд гаргаж авсан. Тийм ч учраас тэдний түлш таван минутад цогшиж, утаа алга болдог. Харин манайхны хийсэн асаагч энэ түвшинд хүрэхгүй бөгөөд хүрэхийн тулд мөнгө зарцуулж, судалгаа хийх ёстой. Мэдлэг бий болгох процесст хугацаа хэлэх боломжгүй, гэтэл хагас кокс нь гялс асахгүй л бол адилхан л хорт хий ялгаруулсаар байдаг юм билээ. 

Эцэст нь, О.Батнайрамдал гишүүний хэлсэн сан доторх санг нь дээр хэлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 17 дугаар зүйлээр зохицуулдаг бөгөөд ингэж заажээ. 

17 дугаар зүйл.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан

17.1.Засгийн газар судалгаа хөгжүүлэлт болон инновацын төслийг санхүүжүүлэх, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, үр дүнг тооцох зорилгоор Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан /цаашид "Сан" гэх/-г байгуулан ажиллуулна.

17.2.Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.3-т заасан арга хэмжээг санхүүжүүлнэ.

17.3.Сан нь санхүүжилт олгохтой холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.3.1.эрдэм шинжилгээний байгууллагад судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг ашиглахад зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжилт олгох, олгосон хөрөнгийг эргэж төлүүлэх арга хэмжээ авах;

17.3.2.судалгаа хөгжүүлэлтийн төслийг сонгон шалгаруулах, зээл, тэтгэлэг олгох, хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагаа нь нийтэд нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх.

17.4.Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т заасны дагууажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тоог Засгийн газар тогтооно.

17.5.Сангаас дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, тэтгэлэг, зээл олгох, хэрэгжилтэд хяналт тавих, эргэн төлүүлэхтэй холбоотой асуудлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18.5-д заасан журамд тусган зохицуулна.

17.6.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажлын албаны даргыг томилж, чөлөөлнө.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна