Ч.Мөнхнасан: Дуулж олсон мөнгөөрөө мөрөөдлөө биелүүлж, дахин гүйж, бүжиглэхийг хүсэж байна

Т.Отгонсувд
1 цаг 37 минутын өмнө

Намрын налгар өдөр хотын хөл хөдөлгөөн үргэлжилсээр. Харин хүмүүсийн дундаас гитарын намуухан аялгуу, түүнд уусах нэгэн залуугийн дуу сонсогдоно. Тэр бол Ч.Мөнхнасан. Гудамжинд гитар тоглон дуулж, өөрийнхөө дуугаар хүмүүст тэр эерэг мэдрэмж бэлэглэж сууна.

Түүний хувьд гудамжинд дуулах нь зүгээр нэг сонирхол, цаг нөхцөөх зүйл биш. Энэ бол өөрийн мөрөөдөлдөө хүрэх нэгэн зам. Бас өөртэйгөө адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх төвтэй болох том хүсэл юм.

Түүнтэй цөөн хором ярилцсаныг хүлээн авна уу. 

“Намайг Ч.Мөнхнасан гэдэг. Гитар тоглоод дуулах дуртай. Одоогоос 3-4 жилийн өмнөөс өөрөө бие дааж дуунуудаа сураад хүмүүст зориулаад дуулж сууна.

Хоёр настай байхдаа хөлөндөө гэмтэл аваад ээж маань хагалгаанд оруулж байсан. Би өөрөө санадаггүй, ухаан орохдоо л доголдог байсан. Өсвөр насандаа дахин хагалгаанд орж байсан. Одоо дахин хагалгаа хийхэд эрсдэлтэй гэсэн. Гэхдээ миний хувьд найдвар байгаа. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед эрүүл болоод бага нас шигээ гүйж, бүжиглэж чадна гэж итгэдэг.

Би өөрөө группт байдаг болохоор дуулж олсон мөнгөөрөө өөртэйгөө адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөр өнжүүлэх нээх юм сан гэж мөрөөддөг.

Гудамжинд дуулаад сууж байхад хүмүүс их сайхан хүлээж авч, урмын үг хэлдэг. Зарим нь "сэтгэл санаа муу байсан, таны дууг сонсоод тайвширлаа" гэж хэлдэг. Тэр үгсийг сонсоход надад маш их урам өгдөг. Бас энэрэнгүй сэтгэлээр надад тусалж, дэмждэг хүн нэг бүрт талархаж явдаг.

Хөгжмөө тоглоод дуулаад суухад маш их эрч хүч шаардаж, ядардаг юм байна. Өдөрт 2-3 цаг дуулаад суухад өсгөгчний маань цэнэг дүүрэн ч миний цэнэг дуусаад ядарчихсан байдаг. Гэсэн ч олны дунд ороод тэдэнд эерэг мэдрэмж өгч байгаадаа баяртай байдаг.

Залуусдаа хандаж хэлэхэд зорилго, мөрөөдөлтэй байж, түүнийхээ араас тасралтгүй яваарай" гэв. 

Гудамжны нэгэн буланд эгшиглэх гитарын аялгуу бол зөвхөн нэг залуугийн дуу биш. Түүний цаана амьдралын бэрхшээлийг үл ажран мөрөөдөлдөө хүрэх гэсэн итгэл, бусдад гэрэл гэгээ өгөх хүсэл, нэг өдөр дахин гүйж, бүжиглэх хүүхэд насных нь мөрөөдөл бий.

Өнөөдөр түүний “цэнэг” дууссан ч мөрөөдлийнх нь цэнэг дуусаагүй. Харин ч улам нэмэгдсээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна