Ж.Баясгалан: 330 мянган төгрөгөөс юуг нь хасах вэ дээ

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 52 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх асуудлын талаар тодрууллаа.

Тэрбээр "Төсөв нэг ч нэмэгдээгүй харин эсэргээрээ хөгжийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт дээр тавигдсан төсвөөс хасагдсан.

2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал хураалт явагдах гэж байна. Яг энэ цаг мөчид би та бүхэнд маш харамсалтай төсвийн тодотгол нэртэй үнэхээр алдаатай их мөнгөний ард Монголын ард түмэн өөрсдөө хохирч үлдэж байгааг хэлэх гэсэн юм. Төсвийн тодотголын талаар Ерөнхий сайд хэлэхдээ төсвийн тодотгол бол халамжийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, тог цахилгаан, дулааны мөнгө, цалин хөлс.

 Энэ төсвийн тодотголын цаана айл бүрийн амьдрал, гал тогоо, аж амьдрал холбоотой гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр энэ төсвийн тодотголоор орсон дүнгүүд дотор Монгол улсын хамгийн хүнд хэцүү амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган өрх айлын асуудал хөндөгдөөгүй байна. Яагаад 112 мянган өрхийнхөө талаар тооцоолоогүй юм бэ? Эдгээр хүмүүс өнөөдөр амжиргааны доод түвшнээс ч доогуур амьдарч байна. Иргэн Баясгалан өөрийнхөө тэтгэвэр тэтгэмжийг нэмүүлэх гэж байгаа асуудал биш. Энд 112 мянган өрхийн асуудал яригдаж байгаа.

Та бүхэн бодоод үз 330 мянган төгрөгийн тэтгэмжтэй хүнийг сая би байнгын хорооноос яагаад төсвийн тодотголд нэмээгүй вэ гэхэд төсвийн тодотолоор энэ хүмүүсийн мөнгийг нэмэх юм бол инфляцид нөлөөлөх гээд байна гэж ярьсан. Өмнө нь Ерөнхий сайд Г.Занданшатартай мэтгэлцэж байх үед яг энэ шалтгааныг хэлж байсан.

Яагаад амжиргааны түвшнээс доош амьдарч байгаа иргэдээ үндсэн хуульд нийцсэн жирийн амьдруулах эрхийг нь хангахын төлөө инфляцид нөлөөлнө гэж худлаа яриад байгаа юм бэ. Яагаад өндөр цалинтай төрийн дээд албан тушаалтнуудын хийх айлчлалуудаас нь хасахгүй байгаа хирнээ нэг ширхэг нь 56 сая төгрөгийн үнэтэй хогийн савыг аваад байгаа 4.1 тэрбум төгрөг байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээсээ төр маань нүүр буруулж байгаа юм бэ?

Ийм байж болохгүй. 56 сая төгрөгийн үнэтэй хогийн савны оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэдэн хувийн тэтгэмжийг нэмж болох вэ. Энэ бүх асуудлыг төсвийн байнгын хороон дээр хэлэлцэхэд нэг ч бодитой хариулт хэлээгүй. Харин ч өөдөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвөөс хасаагүй шүү гэж даапаалж байгаа юм. 330 мянган төгрөгнөөс юуг нь хасах вэ дээ. Тэр хүмүүст илүүчлэх ямар төсөв мөнгө байгаа вэ.

Та бүхэн 330 мянган төгрөгөөр нэг сар амьдраад үзвэл хэдээр нь эм тариагаа, хэдээр нь хоолоо аваад хэдийг нь хасуулах юм бэ? Хасах юм байхгүй шүү дээ. Нэмээгүй шалтгаанаа хасаагүйгээр тайлбарлаж болохгүй ээ.

Ирэх оноос 10 хувь нэмнэ гэж ярьж байгаа. нэмэгдээд ч дээд тал нь 520 мянган төгрөг болно. Амжиргааны доод түвшингээс дор яаж амьдар гэж байгаа юм. Эсвэл энэ хүмүүсээ хасмаар байгаа бол хүний тоогоо хасчих. Монгол улсын 3.6 сая иргэн биш 110 мянгаар нь хасчих. Хэрвээ хасаж чадахгүй юм бол тэтгэвэр тэтгэмжийг нэм гэж шаардаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.152
    16 минутын өмнө

    Яг зөв би бас хөгжлийн бэрхшээлтэй нэмээч муусайн хулгайчид

    Хариулах