Н.Номтойбаяр: С.Амарсайханыг гүтгэсэн асуудал бол хүний ёсонд байж боломгүй зүйл

Х.Есү
1 цаг 27 минутын өмнө

Улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр жилийн жилд улсын төсөв хэлэлцэх үеэр хэн нэгэн гишүүн, сайд нарыг зохион байгуулалттайгаар гүтгэж харлуулдаг ажиллагаа өрнөдөг болчихсныг тодотголоо. Үүний нэг жишээ нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы гэр бүл рүү орж, увайгүй байдлаар гүтгэн харлуулах ажиллагааг зохион байгуулалттайгаар өрнүүлж байгааг хэллээ. 

Энэ тухайд тэрбээр “Улс төрд хөл тавьснаасаа хойш зовлонг нь амсаж яваа хүний хувьд хэлэхэд зарчмын бусаар хэтэрхий их гүтгэж харлуулж доромжилдог. Бүр сүүлдээ гэр бүл, үр хүүхдүүд рүү нь ордог болчихсон. С.Амарсайхан сайдыг гэр бүлтэй нь холбоотойгоор гүтгэсэн асуудал бол хүний ёсонд байж боломгүй зүйл шүү дээ. 

Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг гэдгийг баталгаатай хэлье. Хаанаас вэ гэвэл МАН дотроос л зохион байгуулсан. Эзэн биетэйгээ байгаа. Энэ гүтгэлэг нь хөгжөөд эрүүл саруул нь мэдэгдэхгүй бөө удган гэх хүн байж боломгүй асуудлыг С.Амарсайханд наагаад явчихсан. Ийм увайгүй явдалтай холбож байгаа учраас С.Амарсайханыг би хатуу өмөөрнө. Ер нь хэн ч байсан ийм зовлож амсаж буй хүнийг өмөөрнө. Энэ бол үнэхээр хэрээс хэтэрсэн асуудал. 

Би хэрвээ С.Амарсайхан байсан бол миний гэр бүл рүү ийм увайгүй байдлаар зохиомол хэргээр халдвал хэзээ ч “Уучлалт гуйчих, тэгвэл гомдлоо татъя” гэхгүй. Шоронд ортол нь үзнэ. Айлын гэрт хийсэн гээд байгаа бичлэг нь зохион байгуулалттай. Би мэргэжлийн гүйцэтгэх ажилтан хүн. Мэргэжлийн хүний нүдээр харахад тэр бол зохион байгуулалттайгаар хийсэн бичлэг, тийм тэнэг гүйцэтгэх аижлтан гэж байдаггүй юм” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна