Оройноосоо суурь руугаа доошлох Оюутолгойн хэлэлцээр

Х.Батсайхан
1 цаг 21 минутын өмнө

Аливаа гэрээ, хэлэлцээрийн суурь гэдэг бага тохироогоор ихийг хөдөлгөх боломж байдаг. Сууриасаа эхэлбэл дээшлэх тусмаа нөлөө их. Эсрэгээрээ, аар саархан, ач холбогдолгүй зүйлсээр оролдсон ч суурь хэвээрээ бол нөлөө бага байдаг. Засгийн газар "Рио Тинто"-той хийж буй хэлэлцээр, хүрч буй үр дүн нь суурь зарчмыг өөрчлөх тал дээр дорвитой ахиц харагдахгүй байгаа бөгөөд үр дүн, гарах ашгийг ам.доллараар биш, өдрөөс өдөрт ханш нь суларч буй төгрөгөөр зарлаж байгаагаас харахад л эргэлзээ төрөхөөр байгаа юм. Оюутолгойн хэлэлцээр дээр жишээ нь, зарчмын буюу суурь болсон гурван том асуудал бий. Эдгээрийг тус, тусад нь авч үзье.

“Онтрэ” ХХК-ийн эзэмшилд буй “Жавхлант”, “Шивээ толгой”-н тусгай зөвшөөрлийг 2009 оны гэрээнд хамруулах эсэх

“Онтрэ гоулд”-ын лицензит талбайд /“Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг/ нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190.000 тонн молибдений нөөц бий.

"Онтрэ"-гийн зүгээс энэхүү өөрт ногдох 20-иа 100 хувь гэж үзээд 34 хувийг нь /Лицензит талбайн баялгийн 6.8 хувь/ төрд эзэмшүүлэх саналыг тавьсан. . Энэ бол Монголын Засгийн газар “Онтрэ”-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн) 6.8 хувь/ буюу 700,000 тонн зэс, 51.6 тонн алт гэх мэтээр эзэмших боломжтой гэсэн үг.  

Өөрөөр хэлбэл, энэ бол УИХ, Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн халаасанд ороод ирчихсэн, наад захын үр дүн.

Тэгвэл үүнээс илүү ашигтай хувилбараар шийдэх боломжууд Засгийн газрын халаасанд бий. Манай талын байр суурь ядаж л “Онтрэ” дээр 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс тусдаа гэрээ байгуулахаас эхэлнэ. Ингэсэн тохиолдолд Оюутолгойн баялгаас 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190.000 тонн молибденийг АМНАТ-ийг 5 хувьд түгжсэн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс гаргаж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа татварын орчноор төлбөр, татвараа авах боломж бүрдэнэ.

742 тонн алт, 10.3 сая тонн зэсэн дээр АМНАТ-ийг үнэ ханшаас хамааран 2-3 дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүн хуваах гэрээ болгож чадвал энэ маш том үр дүн болно. Ингэж чадахгүй бол алдагдсан боломжтийг өчигдөр зарлагдсан үр дүнтэй харьцуулж харж байж хэлэлцээрийн жинхэнэ үр ашиг харагдана.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын үед “Рио Тинто”-д тавьсан шаардлагуудын нэг нь энэ бөгөөд “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх” хэмээн товч, тодорхой оруулсан. Энэ нь хоёр лицензит талбайд байгаа баялгийг 2009 оны гэрээнээс тусад нь авч үзнэ гэсэн үг бөгөөд бусад шаардлага шиг алга болчихож магадгүй учраас энд зориуд дурдъя.  

Оюутолгойн зээлийн хүүг олон улсын жишигт хүргэсэн эсэх 

Монгол Улс, “Рио Тинто” групп Оюутолгой төслийн зээлийн хүү бууруулах, менежментийн төлбөр багасгах гэсэн хоёр чухал асуудлаар тохиролцоонд хүрч чадсан талаар Засгийн газар сүр дуулиантай мэдээлсэн билээ.

Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр, хэлэлцээрээс Монгол Улс:

-Зээлийн хүү 10.5 хувь /SOFR+6.5%/ байсныг 2.5 хувиар бууруулж 7.9 хувь /SOFR 4.0%/ болгосон. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж найман их наяд төгрөгөөр нэмэгдэнэ.

-Менежментийн төлбөр 6 байсныг 3 хувь болгосон.

Ингээд ирээдүйд Оюутолгойн баялгаар төлөгдөх байсан 30 орчим их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн гэжээ.

Сангийн сайд байхдаа хэлэлцээрийг эхлүүлж, анхны уулзалтуудад Монголын талын шаардлагуудыг тавьсан УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хэлснээр, Засгийн газар зээлийн хүүг олон улсын хөрөнгө оруулалтын жишигт нийцүүлж, 4-6 хувиар буулгаж дор хаяж 6.5 /SOFR+2.5/ хувьд хүргэх шаардлага тавьсан юм билээ.

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээлээс 6.9 хувийн хүүтэй бонд босгосон. Хэрвээ манайх зээлийн хүүг ядаж Засгийн газрынхаа зээлжих зэрэглэлтэй дүйцүүлсэн бол 6.9 буюу дахин нэг хувиар бууруулах боломж байсан гэсэн үг. 

Менежментийн үйлчилгээг зогсоох эсэх 

Дээр хэлсэнчлэн, хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөр 6 хувь байсныг 3 хувь болгосон. Ингэснээр жил бүр 150 сая орчим сая ам.доллар манай талд үлдэнэ гэж эрх баригчид тайлбарлаж байгаа. Энэ үр дүн мөн үү мөн. Гэхдээ энэ нийтлэлийн гол агуулга болох орой, суурь талаас харвал хувь хэмжээ бууруулах бол суурь биш, орой нь. Суурь нь менежментийн төлбөрийг зардлаас биш, цэвэр ашиг буюу менежментийн багийн ажлын үр дүнгээс тооцож олгодог болох. Улмаар 2030 оноос менежментийн хувьд бие даах буюу менежментийн төлбөр гэж юм огт байхгүй болгох явдал.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан нар байхдаа “Рио Тинто”-д тавьсан таван шаардлагын нэг нь “Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах” гэсэн энэ шаардлага байсан. Гэвч тэднийг ажлаа өгснөөс хойш энэ талаар огт яригдсангүй.

Эцэст нь, өмнөх Засгийн газрын үед “Рио Тинто”-д тавьсан таван шаардлагыг сануулъя. Хэн нь буулт хийсэн, манайх ярьж байгаа шигээ ашигтай тохироо хийж байгаа эсэхийг харна биз. Хэлэлцээр хоёр тал харилцан буулт хийх зарчмаар явагддагийг мэдэж байгаа ч суурь зарчмууд хөндөгдөхгүй, яригдахгүй байгаа нь үнэн юм. 

1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,

2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,

3. Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,

4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах

5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна