Ерөнхийлөгчийн суудал мөрөөдөн “Үүрээ шатааж буй” МАН-ынхан улсаа түймэрдэх вий

Х.Батсайхан
1 цаг 39 минутын өмнө

Төр арчаагүй, эрх баригчид эв түнжингүй байгаагийн балгийг ард түмэн үүрч, амьдралаа үрэн таран хийж байна. Төрийн эрхийг хоёр намд ээлжилж өгөхөд нэгнийхээ эхлүүлсэн ажлыг зогсоож, 1-2 жил дарж хэвтэж байгаад өөрийн намаар авторлож гаргаж ирдэг, үүнээс болж улс орны хөгжил удааширдаг сөрөг үзэгдлийг бид өмнө нь бишгүй л харсан. Тэр ч утгаараа 2016 оноос хойш МАН-д тасралтгүй төрийн эрх мэдэл өгч  байна.

Харамсалтай нь, сүүлийн хоёр жил эрх баригчид 30, 38-аараа хуваагдаж, нэгнийгээ түлхэн унагаж, 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг үндсэндээ зогсоолоо. “Үхэж, үхэж үлдсэн...” гэдэг шиг, үзэж, үзэж “Дундын хувилбар“ гэдгээрээ сонгогдсон Ерөнхий сайд Н.Учралын арай гэж хангасан эв нэгдэл Ерөнхийлөгчийн сонгуулиас болоод дахиад хагарлаа.

МАН-ын дотоодод одоо хэрүүл тэмцэл өрнөж, хагарах шахаж байгааг тааж ядах юмгүй болжээ. Энэ нам үндсэндээ дотоод, гадаад хоёр чиглэлд тэмцэж, дайтаж байна. Дотоодынх нь Ерөнхийлөгчийн залгамжлагчийг тодруулах тэмцэл. Одоогийн Ерөнхийлөгчийн талынхан буюу 38-ын бүлэг яг энэ асуудал дээр Ж.Энхбаяр, Г.Занданшатар, С.Бямбацогт гэх мэт горилогчдыг даган 2-3 тасарсан гэдэг мэдээлэл бий.

30-ийн бүлэг харин энэ тал дээр боловсон хүчин тааруу, түлхэгдэх ээлж нь ирсэн С.Амарсайхан гэсхийгээд болно. Тиймээс С.Амарсайхан руу чиглэсэн гүтгэлэг, сүүлд Ерөнхий сайдтай холбоотой 3.5 тэрбумын асуудал үндсэндээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэдгийг энэ сэдвээр ам нээсэн хөндлөнгийн улстөрч болгон хэлж байна. Өөрөөр хэлбэл, 38-ын бүлэг нийлээд 30-ийн бүлгийн боломжит кандидатыг намнаж буй хэлбэр бөгөөд дарж авсныхаа дараа хоорондын дайнаа эхлүүлэх нь бас тов тодорхой асуудал. Яасан дуусдаггүй тэмцэл вэ, сандал суудал хөөхөө болиод мөрийн хөтөлбөрөө хөөхийг нь ард түмэн хэзээ болтол хүлээх ёстой вэ. 

Нэг нам байтлаа хоёр юм шиг тэмцэлдэж, төсөл хөтөлбөрийг зогсоон иргэдийн амьдралыг хөлдөө чирж байгаа энэхүү улс төрийн нам гэхээсээ илүү мафижсан бүлэглэлийн шинжийг олж буй бүтцийн гадагшаа чиглэсэн улс төр, амбийц нь ард түмнийг туйлдуулаад зогсохгүй, улс орныг дампуурал руу хөтлөх хэмжээнд очлоо. Өргөн мэдүүлсэн 2027 оны төсвөөс нь үүнийг харж болохоор байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна