МАН-ЫН ЗОДООН 3.0: Дотроос шидсэн чулуу

Zuv.mn
2 цаг 14 минутын өмнө

МАН өмнө нь олон удаа эвдэрч байсан ч дээрээ хөлөө олохтой зэрэг доодуул нь гүйдлээ олоод явчихаж дөнгөдөг байв. Зодоонд оролцогч талууд УИХ, Засгийн газрын түвшинд ойлголцоход болдог, доош тэгтлээ гүнзгийрдэггүй байлаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас болоод энэ эв нэгдэл удаан тэссэнгүй.

Ялсан тал болох У.Хүрэлсүх, Н.Учрал, С.Бямбацогт, Г.Занданшатар, Я.Содбаатар тэргүүтнүүд нам доторх Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг нэлээд эртнээс, зарлалгүйгээр буюу албан бусаар эхлүүлэх төлөвлөгөө зурсан бололтой.

Сүүлийн үед өрнөсөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг санаанд оромгүй бузар асуудлаар сошиалд шидэн боорлуулах ажиллагаа ч тэндээс шидсэн “чулуу” гэх.

Харамсалтай нь, тэр чулуу нь эсрэг талаа бас чулуу шүүрэхэд хүргэнэ, эс бол үйлийн үр нь эргэж ирнэ гэдгийг тооцоолсонгүй юу, "Ерөнхий сайд Н.Учрал ээж, аавынхаа сургуулиар төсвөөс мөнгө авах гэсэн" гэх хэрэг мандаж, Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн өмнө тийрч үзүүлэв. Улмаар Монгол төр албан ёсны нэг Түгжил, нэг Түгжилмаатай болов уу яав.

Доороос эхэлсэн үл ойлголцлыг хэтэрхий томруулж, дээд түвшинд авч ирээд зогсохгүй төрийн ажилтай хутгаж, нэг, нэгэндээ хаяг шошго зүүх нь намыг улам хагална уу л гэхээс эвлүүлдэггүй.

Чухам ийм эрсдлээс сэргийлэх нь удирдагч хүний алсын хараа, зангараг байх учиртай.

Нам доторх зодооныг таслан зогсоохгүй дэврээнэ гэдэг илүү олон хүнийг хамруулна гэсэн үг. Олон хүнийг хамрах тусам доргио нь их байх нь ч тодорхой. Одоогоор удган бөөгөөс эхлээд төрийн тусгай албан хаагч генералыг хүртэл хамруулаад явж байна.

Дотоод үл ойлголцол, асуудлаа шийдэх тэмцэл нам дотор байх нь хэвийн үзэгдэл ч нам гэдэг өөрөө иргэдийн итгэл дээр тогтдог субъект учраас хэрээс хэтэрвэл аюултай.

Намын нэрээр төрийн эрх барьж байгаа этгээдүүдийг эвтэй байгаасай гэж ерөөсөндөө ч ингэж болгоомжилж байгаа юм биш. “Хулан наадахад хулгана сүйддэг” гэгчээр, дээр сууж байгаа хэдхэн хүний эрх ашгаас болж ард түмний амьдрал, улс орны хөгжил хохирдог болсоор удаж байгаа учраас сануулж байгаа юм.

Нам доторх асуудлаа шийдэж чадахгүй байгаа улсууд улс орны асуудлыг шийднэ ч гэж юу байх билээ.

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын хооронд өрнөсөн "МАН-ын зодоон 1.0"-ийн үеэр талууд өөрсдийн эрх ашгаа улсынхаас дээгүүр тавьж, УИХ-ын чуулганы хэвийн ажиллагааг алдагдуулсан. Нэгэн намын хэрүүл талцлыг улс орны хэмжээний асуудал болгосон.

Ялсан тал нь ялагдсан талаа дэвшүүлсэн үзэл санаа, зорилгыг нь харгалзаад бага ч атугай хүндэтгэж үздэг, зайлууллаа гэхэд аажмаар, “цэвэрхэн” холдуулдаг соёл ямартай ч 2010 оны XXVI их хурал хүртэл энэ намд байсан юм. 2005 оны Ө.Энхтүвшин тэргүүтний “жигүүр” байгуулсан хэрэг, 2007 оны “Элсний 13” гэх нэгдэл, тэдгээрт хамрагдсан кадруудын замналыг харахад энэ бүхэн тодорхой харагддаг. Харин XXVI дугаар хурлаас хойш ялсан тал нь ялагдсан талдаа хайр найргүй ханддаг шинэ жишиг тогтчихлоо.

2017 онд 32, 33-ын бүлэг гэж хуваагдахад ялагдсан талд орсон улстөрчид өнөөдөр ихэнх нь улс төрөөс арчигдсан. Ялагдсан тал нь нэр хүндгүй улстөрчид, хуваагдлын шалтгаан нь явцуу эрх ашиг байсан, хамгийн гол нь асуудлыг УИХ, Засгийн газрын түвшнээс тэгтлээ доошлуулаагүй учраас энэ хайр найргүй дайн төдийлөн олон нийтэд анзаарагдаагүй.

Гэтэл Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэтэй маш ширүүн зодолдсон. Н.Учрал, Х.Нямбаатарын хооронд явагдсан МАН-ын зодоон 2.0 ч ялгаагүй, Ерөнхий сайд Н.Учрал улстөрчдийн “зодоон” ард иргэдэд тус, тусынхаа бодлогын зөвийг батлах байдлаар явагддаг алтан дүрмийг зөрчиж, шүүгч болох ард түмнээ хууран мэхлэх замаар явуулсан. Одоо махны үнээс эхлээд худал хуурмаг нь ил гарч байгаа ч улам хол явахаар шийдэж, ахмадуудын тэтгэврээр, төрийн алба хаагчдыг цалингийн нэмэгдлээр, бизнесийн бүлэглэлийг Тавантолгойн хувьцааг иргэдийн 1072-оос авч өгөх авлигын шинжтэй төсөв оруулж ирээд байна.

Харамсалтай нь, худлаа юм худлаа л байдаг хойно цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрсдийнх нь хийсэн балаг өөрсөд дээр нь овоорч, цаг хугацааны карма үйлчлэх нь ойлгомжтой. 

Г.Занданшатарын Засгийн газар эх үүсвэр тодорхойгүй мөнгөөр багш, эмч нарын цалин нэмсний гайг нийслэлчүүд амьдралын чанараа эрс дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдээрээ төлсөн.
Одоо Н.Учралын орж ирээгүй байгаа мөнгөөр төсөв тэлсний гайг нийслэл байтугай улсаараа үүрээд ч барахгүй гэдэг нь тодорхой болж байх шиг. Хэрвээ 2027 оны төсөв батлагдвал ялагч нь ард түмэн биш, Ерөнхийлөгчийн сэнтийд хүнээ залсан МАН байх болно. Тэрний маргааш юу болох нь хамаагүй байх л даа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна