Г.Дашням: Зогсоол дээр байсан машиныг маань мөргөчихөөд, хутга барьж дайрсан

Г.Долгорсүрэн
2 цаг 21 минутын өмнө

МАН-ын дарга Н.Учралын зөвлөх, дэд сайд асан Г.Дашням руу хутгатай этгээд согтуугаар дайрсан хэрэг өчигдөр /2026.09.17/-нд гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны гадна согтуугаар жолоо барьж явсан өвөрмонгол залуу Г.Дашнямын зогсоолд тавьсан машиныг мөргөж, улмаар хутгатай дайрч танхайрсан байна. Энэ талаар Г.Дашнямтай холбогдож, тодрууллаа.

-Хутгатай, согтуу этгээдийн хадлагад өртсөн тухай таны цахим хуудаснаас харлаа. Яг юу болсон бэ?

-Согтуу этгээд гэрийн гаднах зогсоол дээр байсан машиныг маань мөргөсөн. Машин мөргөх чимээнээр гараад хамгаалагчид хандаж, цагдаа дуудъя гэж хэлэхэд хутга бариад над руу дайрсан. 

-Танд ямар нэгэн гэмтэл учруулсан уу?

-Үгүй. Хутгатай хүн хараад шууд л зугтана шүү дээ. Гэрийн хаалга нүдэж, баахан орилж хашгирсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Бүх бичлэг, нотлох баримтыг хүлээлгэн өгсөн. Эхнэр, хүүхдүүд маань маш их айж, сандарсан. Эр нөхөр, эцэг хүний хувьд таагүй санагдаж байна.

-Хутгатай этгээдийг та таньдаг байсан уу, танай хотхонд амьдардаг юм уу?

-Танихгүй. Манай хотхоны нэг байшинд өвөрмонголчууд байдаг. Камерын бичлэгээс харахад, тухайн этгээд согтуу жолоо барьж гарч яваад буцаж орж ирэхдээ миний машиныг мөргөсөн нь юм байна лээ. Цагдаа нар ирээд баривчлаад явсан. Надаас мэдүүлэг авсан. Бодит байдлыг хэлээд камерийн бичлэгүүдийг нотлох баримтаар өгсөн. Тухайн этгээд одоо Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхэд байгаа. Өнөөдөр хорих эсэх шүүх хурал нь болно. Эхлээд мэдүүлэг авах байх. Хэдийгээр монголоор ярьж, ойлгож байгаа ч хятад улсын иргэн учир орчуулагчтай байцаалт авах юм байна.

-Бичлэг дээр өөр хүмүүс харагдсан?

-Цуг байсан өвөрмонголчууд нь гарч ирээд "Уучлаарай манай дүү согтуу байна. Засвар шаардлагагүй, машиныг чинь худалдаад авчихъя" гэсэн. Согтуугаар жолоо барьж, танхайрсан энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой. 

-Тухайн этгээд Монголд юу хийдэг хүн юм бол, та мэдсэн үү?

-Ах нь юм уу, захирал нь юм уу, би сайн мэдэхгүй байна. Нэг хүн гарч ирээд нүүрс тээвэрлэдэг, хөрс хуулдаг компанитай. Асуудлаа хоорондоо шийдье гэж гуйсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Ийм л зүйл болсон. Тиймээс зүв зүгээр гэртээ байж байгаад хадлагад өртсөн биднийг цахимд элдвээр хэлж байгаад гайхаж байна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.212
    10 минутын өмнө

    Ил тлд ярих нь зөвөө

    Хариулах