Ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэх Б.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуульд горилж явна

С.Батзаяа
2 цаг 4 минутын өмнө

Ерөнхийлөгчийн сонгуульд горилогсдын цуваа МАН-д тасрахгүй байна. Ирэх оны Төрийн тэргүүний сонгуульд Үндсэн хуульд зааснаар 50 нас хүрсэн хүн өрсөлдөх ёстой. 50 насны босго давсан Ерөнхийлөгчийн суудал “мөрөөдөж” сэрүүн зүүдэлж яваа улстөрчид МАН, АН-д олон байна. МАН-аас горилох сонирхолтой байгаа УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарыг бид өмнө нь бичсэн билээ. Энэ удаад горилогсдын дунд нэр нь яригдаж буй Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхлан ямар яриа хэлэлцээ, маргаан мэтгэлцээн өрнүүлж байгааг тоймлоё.

Б.Жавхлан бол Сүхбаатар аймгийн угшилтай, Дархан-Уул аймагт төрж, өссөн, улс төрд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр гэгддэг. Эдийн засагч мэргэжилтэй, 2010-2016 он хүртэл Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, МАН-ыг 2012-2016 онд сөрөг хүчин байхад төсөв, эдийн засаг талаасаа сайн зөвлөж, тухайн үеийн эрх баригчдыг “шардаг” байв. Үүнийхээ шанд 2016 оноос УИХ-д нэр дэвшиж, эдүгээ гурав дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газар дамнан гурван удаа Сангийн сайдаар ажиллахад  боловсрол мэдлэгт нь болсон гэхээсээ илүүтэй Төрийн Тэргүүний дэмжлэг байсан гэдэг. Сангийн сайдаас буусан даруйд УИХ-ын гол бодлого зангидагддаг Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж байна. Хэн хүнд тохиогоод байх аз завшаан биш юм.

2024 оноос хойш МАН гурав дахь Засгийн газрынхаа нүүрийг үзэж буй. Засаг төр хөдлөх бужигнаанаар дараагийн Ерөнхий сайдад Сангийн сайд Б.Жавхлангийн нэр яригдаж байна гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв. Бодит байдалд түүний нэр яригдаж байгаагүй ч ингэж өөрийн байр суурь, амбицаа ил, далдаар илэрхийлж ирсэн байдаг. Өнгөрсөн зун МАН-ын хэсэг нөхөд Хөвсгөлд амрахад нам дотроо Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх сонирхолтойгоо илэрхийлсэн ч дэмжлэг аваагүй гэх мэдээлэл бий.

Б.Жавхлан 2016 оноос хойш УИХ-д гурав дахиа сонгогдож, гурван удаа Сангийн сайдаар ажиллахдаа түрийвчээ түнтийлгэж, хамаарал бүхий хүмүүсээ төсөв мөнгө ахиутай газруудад байршуулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан одоо ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын ярианаас харж болно.

Тэрбээр Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэх үеэр /2025.04.02/ "7.5 тэрбум төгрөгийн авлигын мөнгө сейфэндээ хадгалж байгаад баригдсан С.Батдөлийг Б.Жавхлан авчирсан гэж улс төрийн хүрээнд ярьдаг. 2023 оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсгол хийж байхдаа би үүнийг ярьж байсан. “Бор тээг” гэж ордын нүүрс худалдан авах монополь гэрээний 10 хувийг Б.Жавхлангийн хамаарал бүхий компани оролцож авсан байна. Ингэхдээ хоёр удаа “Эрдэнэс Тавантолгой”-гоос тендер зарласныг цуцлаад гурав дахь удаад нь Сангийн яаманд бүх тендерийн маргаан шалгагдаж байх үед Б.Жавхлангийн хамаарал бүхий компани нэмэлтээр орж ирсэн. Гэхдээ 10 хувийг нь авсан. Шинжээчийн дүгнэлтэд энэ баримт нь бий. Сонсголд гэрчээр дуудахад Б.Жавхлан орж ирж суугаад шинжээчийн дүгнэлттэй өөртэй нь холбоотой хэсгийг сонсчихоод асуулт асуухаас өмнө гарч явсан. Тэр шинжээч ийм ноцтой дүгнэлт ярьж байхад огт тайлбар хийгээгүй” хэмээн ярьсан.

Энэ бол нэг л жишээ. Б.Жавхлан С.Батдөлтэй холбоогүй хэмээн байр сууриа илэрхийлсэн ч Б.Энхбаяр түүний сонгуулийн ерөнхий менежерээр ямар хүн ажилласныг та нар судлаарай. Хэний аав, ээж байв гэдгийг хараарай гэсэн юм.

УИХ-ын гишүүнээс сонгогдоод удаагүй байхад Б.Жавхланг “Чингис” хаан банкны “нууц ноёнтон” гэх яриа улс төрийн хүрээнд гарсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр Б.Жавхлан “Чингис” хааны банкны хувьцаа эзэмшигч аж. Дүү нь тус банкны орлогч захирлаар ажилладаг. Гэтэл УИХ-аар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахдаа Б.Жавхланг ахлагчаар томилсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байсан билээ. Энэ бол 2017 оны үйл явдал. Хэдий ХОМ-үүтээ хувь эзэмшдэггүй гэж мэдүүлсэн ч эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгийг энэ банканд хадгалуулсан гэх шүүмжлэл түүнийг дагадаг. Мөн “Чингис хаан” банк Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан баримт ч бий. Энэ талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2021 онд анх “Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна" гэх ноцтой мэдэгдлийг хийж байв.

Үүнээс гадна Дарханы МАН-аа гурав хуваасан гэх мэдээлэл бий. Аймгийн намын хороо нь хоёр, гурав талцаж, нэгнийгээ харлуулах явдал хэвийн үзэгдэл болтлоо улстөржиж байгаа аж. Улс төрийн хувьд ганц аймгийн намын хороог эв зүйтэй байлгаж чадахгүй байгаа хүн, нөгөө талдаа улс төр, эдийн засгийн ашиг сонирхлын асар их зөрчилтэй хүн ирэх оны Төрийн Тэргүүний сонгуульд өрсөлдөхөөр горилж яваа нь хэр ёс зүйд, хэм хэмжээнд нийцэх вэ гэх асуулт гарч ирж байна. Нам дотроо ч, нийгэм ч хүлээн зөвшөөрөгдсөн дүр төрх биш юм. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна