МАН-ын зүсээ хувиргах төсөл №1: Туулын хурдны зам

Х.Батсайхан
15 цаг 25 минутын өмнө

Улс төрийн нам, улстөрчид нэгнийхээ хийж хэрэгжүүлж буй ажлыг харлуулан гүтгэж, унагах хэрэгсэл болгодог жишиг тогтоод удаж байна. Тухайн ажил нь төрийн бодлогын дагуу хийгдэж байсан, эс бөгөөс зайлшгүй шаардлагатай ажил байсан тохиолдолд хэсэг дарж хэвтэж байгаад сайтар угааж, төрөл арилжуулаад өөр нэрээр гаргаж ирэх нь ч бий.

Манай улсын хувьд ийм ажиллагаа өмнө нь хоёр өөр намын хооронд ихэвчлэн гардаг байв. Тэгвэл 2024-2028 онд МАН дотор гарах нь. Бүр тодорхой хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эхэлсэн бодлогын шинжтэй ажлууд байрлал, хэлбэрээ бага сага өөрчлөөд, нэрээ огцом солиод Н.Учралын гэх автортай болох үйл явц тун удахгүй эхлэх гэж байна.

Шанг нь Туулын хурдны зам тавих нь ээ.

Туулын хурдны зам гэж юу вэ

Туулын хурдны зам нь 2012-2016 оны Засгийн газрын үеэс яригдаж, судалгаа тооцоо нь эхэлсэн. 2013 онд “Дөрвөн эгнээ авто зам, 1.3 км гүүрэн байгууламж 468 сая ам.доллараар барих” анхны ТЭЗҮ нь гарч байжээ.

Түүнээс хойш Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн таван Ерөнхий сайдын Засгийн газар дамжин тодорхой ахиц гарч, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусаж ирсэн төсөл. Энэ утгаараа Туулын хурдны замыг хийсэн улс төрийн хүчин, эсвэл улстөрч цаашид улс төрд дархлаагаа бий болгох хэмжээнд хэрэгцээ шаардлагатай ажил гэж тооцогдож байв.

Энэ ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа зориглон “барьж” авсан. Хөнгөн хуумгай ч хөдлөөгүй, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль баталж, санхүүгийн хувьд бие даах боломжийг өгсний үндсэн дээр “Зургаан эгнээ 9.9 км гүүрэн байгууламжтай, өртөг нь 680 сая ам.доллар”-аар барих ТЭЗҮ-тэйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гардан хэрэгжүүлсэн. 2025 оноос гзар чөлөөлж, өнгөрсөн гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Гэвч бүтээн байгуулалт эхэлсэн өдөр огт өөр газар, өөр юм бодчихсон явж байсан /Аливаа төслийг анхнаас нь эсэргүүцэж байсан бол бүтээн байгуулалт эхлэх үед газар дээр нь очиж акц хийдэг жишиг бий. Туулын зам дээр энэ жишиг үйлчлээгүй/ нэр бүхий иргэд “Хатан Туулыг ширгээх гэж байна” хэмээн эсэргүүцэж, “Х.Нямбаатар Хятадуудаар хамаг ажлыг хийлгэж байна”, “Х.Нямбаатар хуурамч компанитай гэрээ байгуулсан”, “Х.Нямбаатар 500 тэрбум төгрөг хулгайлсан” гэх мэтээр ярьж бичсээр Ерөнхий сайд Н.Учрал энэ төслийг зогсоож, улмаар Нийслэлийн Засаг даргыг чөлөөлсөн байдаг.

Ингэснээр, Монголын төрийг хуурсан Хятад компани хуурамч болох нь илчлэгдэж, Туулын хурдны зам барих, бариулах гэрээ цуцлагдан, Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар 500 тэрбум төгрөг улсын төсвөөс буюу ард түмний халааснаас хулгайлсан хэргээр хуулийн хариуцлага хүлээх үр дагавар гарах  магадлал бий болсон.

Гэвч тийм зүйл болсонгүй. Х.Нямбаатарыг орыг залгаж Нийслэлийн Засаг дарга болсон Б.Пүрэвдагва “Нэг талаасаа Нийслэл хот захиалагч гээд гарын үсэг зурчихсан, нөгөө талаасаа “Чайна Хувэй” гээд компани гүйцэтгэгч гээд гарын үсэг зурчихсан гэрээний эрх зүй тэнд явж байгаа. Тиймээс бид нэг талдаа хөрөнгө оруулагч, гаднын гүйцэтгэгч компанийн эрх ашгийг бас харах ёстой учраас хэлэлцээр хийгээд явж байгаа юм аа, ард иргэд ээ. Туулын хурдны зам гэдэг ойлголт одоо байхгүй болсон. Харин нэгэнт гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрээр юу яригдаж байгаа вэ гэхээр, энэ төлөвлөгдсөн төсвийг түгжрэлийг илүү бууруулах үр ашигтай замууд руу шилжүүлэх хэлэлцээрийг хийж байгаа” гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар автортой Туулын хурдны зам төсөл Н.Учрал, Б.Пүрэвдагвын автортойгоор Улаанбаатарын хаа нэгтээ ямар нэг нэртэй зам болж баригдана гэсэн үг.

Нөгөө хууль бус, хуурамч гээд байсан Хятад компаниараа, Х.Нямбаатар төсвөөс аваад зугтсан гэх 500 тэрбум төгрөгөөр...  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна