640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Б.Мөнхболд
1 цаг 32 минутын өмнө

Интермед IUHW эмнэлэг Япон улсын Canon Medical Systems компанийн Aquilion ONE / INSIGHT Edition 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа суурилуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Бид Япон улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааныхаа хүрээнд тус улсын эрүүл мэндийн дэвшилтэт технологи, олон улсын стандарт, мэдлэг туршлагыг нутагшуулж, иргэд эх орондоо дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд нэвтрүүлсэн шинэ компьютерт томографийн төхөөрөмж нь зүрх судас, тархи мэдрэл, уушги, хэвлийн эрхтэн, хавдрын болон яаралтай тусламжийн оношилгооны боломжийг өргөжүүлж байна.

Шинэ үеийн компьютерт томографийн давуу талууд

Зүрхийг нэг цохилтын хугацаанд бүтэн дүрслэх боломж Төхөөрөмж нь 0.24 секундэд буюу секундийн 4/1 хугацаанд нэг бүтэн эргэлт хийж, 16 см хүртэлх хэсгийг нэг дор хамран дүрслэх хүчин чадалтай. Ингэснээр зүрхийг нэг цохилт хийх хугацаанд бүхэлд нь дүрсэлж, титэм судасны нарийсал, шохойжилт зэрэг өөрчлөлтийг илүү нарийвчлалтайгаар үнэлэхэд тусална.

Илүү хурдан, тав тухтай шинжилгээ СТ шинжилгээний үед удаан хугацаагаар хөдөлгөөнгүй хэвтэх, амьсгалаа түгжих шаардлагыг багасгаж, илүү богино хугацаанд чанартай дүрс авахад тусална. Энэ нь ялангуяа бага насны хүүхэд, ахмад настан болон биеийн байдал хүнд хүмүүст илүү тохиромжтой. Мөн төхөөрөмжийн 80 см-ийн өргөн нээлхий нь давчуу орчинд тавгүйтдэг, хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүст шинжилгээнд илүү тайван, тав тухтай хамрагдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хиймэл оюунд суурилсан дүрс боловсруулалт PIQE технологи нь дүрсний сарнилтыг бууруулж, эд эрхтний бүтцийг илүү тод харуулахын зэрэгцээ өмнөх үеийн CT төхөөрөмжтэй харьцуулахад цацрагийн тунг 80 хүртэлх хувиар бууруулсан аюулгүй шинжилгээ юм.

Дэлхийн түвшний тусламж үйлчилгээг эх орондоо Дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглах чадвартай эмч, технологич, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх нь нэн чухал хэсэг. Энэ хүрээнд компьютерт томографийн шинэ төхөөрөмжийг ажиллуулах эмч, мэргэжилтэн, технологичид Япон улсын Нарита хотод мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлээд ирсэн.

Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн тоног төхөөрөмжийн шинэчлэл бус, олон улсын дэвшилтэт технологийг эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвартай хослуулан иргэдэд илүү нарийвчилсан, чанартай оношилгоо үйлчилгээг үнэн зөв, цаг алдалгүй эх орондоо авахад чиглэсэн бодит алхам юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна