Сэтгүүлч С.Будрагчаагийн гэр рүү өнөөдөр үл таних этгээд нэвтрэхийг завдаж, гэр бүлийнхнийг нь айлган сүрдүүлжээ

Zuv.mn
1 цаг 36 минутын өмнө

Сэтгүүлч С.Будрагчаагийн гэр рүү өнөөдөр үл таних этгээд нэвтрэхийг завджээ.

Тэрбээр энэ талаар фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр 13:35 цагт энгийн хувцас өмссөн ийм царай төрхтэй эрэгтэй хүн манай хаалгыг бараг хэмхэртэл нүдэж, би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна. Хаалгаа нээ. Дотор хүн байгааг би мэдэж байна. Будрагчаад хилийн хориг тавьж баривчилна хэмээн орц хонгилоор цуурайттал бархирч гэр бүлийнхнийг минь маш аймшигтайгаар айлган сүрдүүлснийг сая дууллаа.

Би хөдөө ажлаар явж таарсан тул сая сүлжээнд ороод мэдэж маш их цочирдлоо.

Миний бие шүүхийн шийдвэрээр хүлээсэн ял шийтгэл байхгүй. Өр төлбөр байхгүй. Миний нэр дээр нээгдсэн эрүүгийн ямар нэгэн хэрэг, яллагдагчаар татагдсан тогтоол шийдвэр байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Гайхаж ядахдаа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар руу холбогдож, танай байгууллагын албан хаагч ийм зохисгүй үйлдэл гаргаж сүрдүүлэг заналхийлэл үзүүлсэн байна. Эзэн холбогдогчийг олж тогтоон “Яагаад ямар учраас ийм үйлдэл гаргасныг тодруулж өг” хэмээхэд “Манай байгууллагаас тийм үйлдэл гаргах боломжгүй. Хэрвээ очлоо гэхэд заавал албаны хувцастайгаа очих ёстой. Манай байгууллагын нэрийг барьсан залилан мэхлэгч эс бөгөөс өөр зорилго агуулгатай хүн байх” гэдэг тайлбарыг өглөө.

Монгол Улс минь эрх зүйт төртэй гэж би итгэдэг. Аливаа юм хууль журмынхаа дагуу явах ёстой гэж ойлгодог. Гэтэл учир тодорхойгүй байдлаар ийм ноцтой хэрцгий балмад үйлдэл гаргасанг үнэхээр ойлгохгүй байна.

Бага насны үр минь маш их айж уйлсан байна.

Тоталитар дэглэм тогтоохоор эрмэлзэгч эрх баригчдын гар хөлүүд өнөөдөр хууль ёсыг уландаа гишгэж, дур зоргоор авирлаж буйг би хаана хандаж хэрхэн шийдвэрлүүлэх ёстой юм бэ?

Би зөвхөн улс орныг минь тонон дээрэмдэж ханаж цадахгүй цуслагч хулгайч нарын буруу булхайг баримттайгаар илчилснийхээ төлөө ингэж хавчигдан гадуурхагдаж, шүүхийн шийдвэргүйгээр яргалуулах ёстой юу” хэмээн бичсэн байна.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.154
    15 минутын өмнө

    Hunii muud buu durla… Tuluusuu bugd tuldug Jamari?!?

    Хариулах