УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ах, дүүсийн “Соёмбо принтинг” хэвлэлийн компани МИАТ-д хөнжлийн уут нийлүүлдэг

С.Батзаяа
2 цаг 12 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан улс төрд хөл тавихаасаа өмнө ахынхаа байгуулсан “Соёмбо” принтинг компаниад менежер, захирлаар долоон жил ажилласан байдаг. Тус компани хэвлэх үйлдвэрээ өргөжүүлж, эх бэлтгэл, номын, бичиг хэргийн худалдаа, хэвлэлийн тоног төхөөрөмжийн засвар зэрэг үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Сурах бичиг, ном, сонин хэвлэдэг тус компани МИАТ ТӨХК-д сар бүр хөнжлийн уут нийлүүлдэг аж. Энэ тухайгаа МИАТ-ынхан шилэн дансдаа бүртгэж, тайлагнажээ.


“Эрдэнэт” үйлдвэрийг улстөрчдийн саалийн үнээ гэж нэрлэдэг байв. Гишүүд, дарга нарын хамаарал бүхий хүмүүс “Эрдэнэт”-д “шахаа” хийж хөлждөг гэх яриа ч улс төрийн хүрээнд хэзээнээсээ яригддаг. Хэдэн жилийн өмнө УИХ-ын дарга асан Ц.Нямдорж хүү Н.Анхбаярыгаа “Найзуудтайгаа нийлж, бага сага ажил хийж байгаа, дэмжээрэй гэж Эрдэнэт үйлдвэрийнхэн рүү утсаар ярьж хэлсэн” гэж байв. Энэ бол мэдэгдсэн ганц л жишээ. Одоо ч улстөрчдийн хараанаас салаагүй өндөр дүнтэй тендерүүд, шахаа “Эрдэнэт” үйлдвэрийг тойрдоггүй. Нэг ёсондоо, улстөрчид төрийн өмчит компаниудыг тойроод “мөлжиж” амьдарч ирсэн. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани болж байна. 

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “ТӨК-иуд 60 их наядын хөрөнгөтэй ч улсын төсөвт орохгүй байна. Энэ их мөнгийг хэдхэн захирал мэддэг тогтолцоо авлигыг тэжээж ирсэн. Одоо энэ мөнгийг төсөвт төвлөрүүлж, цалин, тэтгэвэрт зарцуулна” гэж мэдэгдсэн билээ. Нэг ёсондоо, төрийн мөнгийг их, бага гэлтгүй улстөрчдийн хамаарал бүхий компаниуд тендер нэрээр бараа нийлүүлж, дундаас нь ашиг хийж байгааг эндээс харж болох юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна