Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хэрцгийгээр хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо.
Бид та бүхэнд шүүгчийн бичсэн тоймыг хүргэж байна.
Шүүгдэгч М.Батчулууны, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр урьдын таарамжгүй харилцаатай байсан байдлыг далимдуулан С-ийн гэрт нь орж,
1. бага насны хүүхэд болох Ар-г хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бага насны хүүхдийг алахыг завдсан,
2. улмаар жирэмсэн эмэгтэй болох М,
3. бага насны хүүхэд болох Аз-г тус тус хутгалж, онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг санаатай алсан үйлдлүүдийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны тойргийн шүүх 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор, шүүгдэгч М.Батчулууныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял шийтгэжээ.
Шүүгдэгч М.Батчулуун “гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад; шүүгдэгч М.Батчулууны “...Биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж М-ийг хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан ...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар тусад нь зүйлчлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2.1 дэх хэсэг, 2.7 дахь хэсэгт “Хүнийг …онц харгис хэрцгийгээр; …хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Тодруулбал, анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй үйлдлээр давж заалдах шатны шүүх зүйлчлэл нэмж, шийдвэрлэх хууль зүйн боломжгүй учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна