Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хожуу ч гэсэн хүлээн зөвшөөрч, онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож, хориглох зүйлсийг тодорхойлох, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газар, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад хандсан зөвлөмж гаргаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхийг УИХ, Засгийн газар төдийгүй нийт иргэд байгууллагын үүрэг болгосон юм.
Тэгвэл бид “Гамшиг” гэж тодорхойлсон утааны асуудал дээр авч хэрэгжүүлж буй төр, засгийн арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу, орчны бохирдол гамшгийг хохирол багатай даван туулахад ямар ажил хийх нь оновчтой вэ гэх мэт асуудлаар иргэдийн байр суурийг сонссоноо цувралаар хүргэж байна.
Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны иргэн Ч.Мөнхбаяр
-Монголын төр энэ утааг зориудаар бий болгосон гэж хэлж болно. Орон нутгаа анхаарч ажиллахаас түвэгшээж, тэнд аж төрөхөд хүнд болгож, бүгд Улаанбаатарт ир гэж уриалан хөдөө нутгийг эзэнгүйдүүлж байсан нь бас байгалийн нөөц ресурсийг харийнханд ашиглуулахад дөхөмтэй гэж үзсэнтэй холбоотой байж мэдэх. 1998 онд, мөн 2010 онд би энэ асуудлыг хөндөж бичиж байсныг бодоход агаарын бохирдол олон жилийн өмнөөс хүнд байжээ.
Гэвч төр өөрийн буй болгосон утаа буюу смогийг арилгах тал дээр хариуцлагагүй ажиллаж ирсэн. Олон нийтээр шаардуулан байж, зуух, дулаалга тараах зэрэг зүйл хийсэн ч, хэрэгжилтэд анхааралгүй хаяж байсан нь мөнгө хөрөнгийн эх үүсвэр болох энэ проблемийг үгүй хийх биш, байлгах сонирхолтой холбоотой байж болох. Тун гайхалтай нь засгийн газар утааг анхааран ажиллалаа гэхээр бүр огцом ихэсдэг. Яагаад тэгдэг юм, бүү мэд. Зуух, дулаалгын тусламжтайгаар утааг багасгах арга замыг иргэдэд сайн сурталчилж хэвшүүлэх, цахилгаанжуулах, барилгажуулах зэрэг аргаар утааг багасгаж болно. Гэтэл Засгийн газар утааг багасгах асуудлаар идэвхи санаачлагатай, ажил хэрэгчээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байна, хүсэх ч үгүй байна. Харин шилжилт хөдөлгөөнийг хорих бол хожимдсон алхам. Улаанбаатар руу шилжин ирэх нь угаасаа татарсан. Эцсийн эцэст, эрүүл нийгэм л бүх асуудлын шийдэл, гарц юм шүү дээ.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ч.Хүрлээ
-Миний хувьд 7 буудал дээр зогсож такси үйлчилгээ үзүүлж амжиргаагаа залгуулдаг. Өглөө оройдоо бол энэ хэсэг утааны хувьд үнэхээр “мундаг” шүү. Үзэгдэх орчны тухайд бол ярилтгүй. Би өөрөө тамхи татдаггүй хүн. Гэтэл тамхи татсан юм шиг л хоолой хорсоно шүү дээ. Хэд хоногийн өмнө зурагтаар ярьж байхыг сонссон. Одоо энэ 7 буудал, Баянхошуу гэх мэт газруудад амьдарч байгаа нэг иргэн өдөрт 40 ширхэг тамхи татсантай тэнцэх утаагаар амьсгалж хорддог гэж ярьж байна билээ. Үнэхээр хэцүү байгаа биздээ.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн н.Чулуунбат
-Засгийн газар үнэхээр муу ажиллаж байна. Иргэдээ ядуурлаас гаргаж, ажилтай орлоготой, орон сууцтай болсон тэр цагт л бид энэ утаа гэдэг зүйлээс ангижирч чадах болов уу. Өвгөн хүний хувьд ийм л бодолтой явдаг. Үүний тулд урт хугацааны хөгжлийн бодлого гэдэг зүйл хэрэгтэй байх. Гэтэл тийм хөгжлийн бодлого гэдэг зүйл байдаг юм уу, манай улсад чинь. УИХ, Засгийн газар нь утаагүй зуух, тень, халаагуур мэтхэн ярьж иргэдээ хуурсан, аргацаасан шийдвэр гаргаад цаагуураа өр, зээл л нэмж тавих тухай яриад л суудаг юм биш үү.
Ерөнхий сайдын санаачлагаар энэ оны нэг сарын нэгний өдрөөс цахилгааны шөнийн тарифыг бүрэн тэглэсэн гэж зарласан. Гэтэл бодит байдал дээрээ тийм зүйл огт байхгүй шүү дээ. 50 хувиар л хямдруулсан байх. Ингэхээр чинь бид нүүрсээ түлэхээс өөр яахав дээ. Ямар хөлдөж үхэлтэй нь биш.
СБД-ийн 14 хорооны иргэн н.Шүрэнцэцэг
-Улаанбаатараа утаанаас салагахын тулд хотыг тэлэх, өөр жишиг хотууд байгуулах тухай Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байна. Налайх, Багануур зэрэг дүүргүүдээ хөгжүүлж хот болгох хэрэгтэй. Магадгүй Улаанбаатарыг тэр чигээр нь нүүлгэнэ гэвэл утаа нь дагаад л нүүнэ шүү дээ.
Миний хамгийн санаа зовж байгаа зүйл бол үр хүүхдүүд маань. Зөвхөн миний ч л гэлтгүй хотод амьдарч байгаа мянга, мянган амьтны нялх хүүхдүүд утаанд хордож, багаасаа өвчин хуучтай болж байна шүү дээ. Энэ бол үнэхээр харамсалтай явдал.
Болдог бол гамшгийн бүс хэмээн нэрлэгдээд байгаа дүүргүүдийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд утаанаас хамгаалах маскыг тогтмол тарааж, анги танхимуудыг нь агаар цэвэршүүлэгчтэй болгох хэрэгтэй. Мөн тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулах, дархлааг нь дэмжих витаминаар хангах, үдийн цайнд нь хордлого тайлах сүү өгч байх гэх мэт энгийн аргууд өчнөөн байна шүү дээ. Гэтэл үүнийг авч хэрэгжүүлэх тал дээр Ерөнхий сайд Эрдэнэбат гэдэг хүн үнэхээр хангалтгүй ажиллаж байна.
БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн н.Балжинням
-Утаанаас гарах арга замыг улс төрчид биш, эцсийн эцэст маш сайн судалгаа хийсэн, мэргэжлийнхэн, эрдэмтэн судлаачид олно гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөгийн манай улс төрчид хийхдээ голдуу дөрөвхөн жилээр асуудлыг төлөвлөж буй учир бараг найдлагагүй болов уу.
Тэгээд манайд утаа гамшиг болсны хамгийн гол шалтгаан бол өнөөдөр яриад буй хэт төвлөрөл, ядуурал, гэр хорооллын нөхцөл, машины тоо энэ тэр биш юм. Гол үндсэн шалтгаан нь ерөөс хариуцлагагүй, сэтгэлгүй, ямар ч ажлыг зөвхөн нэг бол нэр төр, сонгуулийн саналын төлөө, эсвэл зөвхөн ашиг завшааны төлөө хийдэг болтлоо бидний оюун сэтгэхүй уруудан доройтож, мунхарч, мухардсаны үр дүн гэж бодож байна.
СБД-ийн дүүргийн 13 дугаар хорооны иргэн н.Халиун
-Энэ олон жилийн хугацаанд эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэд, үр хүүхэд, өөрсдийнхөө төлөөнөөс Төрөөс, нам нэрийн дор төрөөр тоглож туйлсан нөхдүүдээс нэхэмжлэл гаргаж, шүүхэд өгөх цаг болсон. Монголын шүүх хөдөлдөггүй юм бол олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй. Энэ нь юуны өмнө нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэдэг нэг зүйл байдаг юм шүү гэдгийг үе үеийнхэнд мэдрүүлсэн, мэдүүлсэн маш сайн сургамж болно. Зарим хүмүүс Олон улсын шүүхэд өгөхийг эсэргүүцэх байх. Монголоо доош нь хийлээ, сөргөөр сурталчиллаа гэх мэтээр. Харин ч их зөв сурталчилгаа юм. Халдварт өвчтэй атлаа түүнээ нууж яваад олонд тараадаг тэнэгээс түүнээс эмчлэх гэж ил тод зүтгэж яваа нь хавьгүй эрүүл бас итгэж болох байдаг. Бид ингэж байж л Монголчууд чинь бас үнэхээр эрүүл нийгмийн төлөө шударгаар тэмцэж чаддаг ард түмэнтэй юм байна гэсэн эерэг зөв ойлголтыг дэлхий нийтэд өгнө.
БГД-ийн 12 дугаар хорооны иргэн н.Жаргалсайхан
-Ерөнхий сайд, хотын дарга гэх мэт хүмүүс маань утаатай тэмцэж байна гээд л өдөр бүхэн зурагтаар яриад байна. Гэсэн хэдий ч бодит байдал дээр тодорхой үр дүн харагдахгүй байгаад харамсаж сууна. Бид орон сууцанд амьдардаг. Утаа гаргадаггүй айл өрхийн тоонд орно. Гэтэл ялгаагүй утаагаар л амьсгалж байна шүү дээ. Хэдий байр ч гэсэн гэр дотор байнгын утаа үнэртдэг. Цонхоо онгойлгох тухай бол огт ярилтгүй.
Утааг багасгах арга хэмжээг авч байна гээд өнгөрсөн хугацаанд өч төчнөөн тэрбум төгрөгийг зарцуулсан гээ биз дээ. Ерөөсөө үр дүн алга. Тэр их мөнгө хаачсан бэ гэдгийг Засгийн газрын үе үеийн эрх мэдэлтнүүдээс асуумаар байна. Өнгөрсөн жилүүдэд утаагүй зуух, цэвэр агаар төсөл гэх мэт өчнөөн л зүйлд мөнгө зарцууллаа. Тэглээ гээд утаа багассан юм алга. Харин ч ихссэн байх. Хариуцлага гэдэг зүйл л хаана, хаанаа үгүйлэгдэж байна даа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна