Монголын орчуулгын төвийн тэргүүн, орчуулагч сэтгүүлч, Ж.Нэргүйтэй ярилцлаа.
-За сайн уу? Чи ч их ороо болжээ. Нөгөө ярилцлага өгөх яасан бэ?
-Харин ээ, чамайг хэзээ дуудах бол гэхээс зүрх үхээд л. Аятайхан юм ярих урам хугарчихсан ч юм уу, бүү мэд.
-Бараг 2 сар хойш нь тавилаа шүү дээ. Хамгийн сүүлд чи “Алтан өд”-ийн дараа болъё гээ биз дээ.За тэгээд, “Алтан өд”-өө шалгаруулчихсан, ямар байв даа?
-Би бол яахав, УЗ-ийн гишүүн, Орчуулгын төвийн тэргүүний хувьд зөвхөн уран сайхны орчуулгын төрлөө л хариуцаж, төвийн гишүүдээрээ ярилцаад шилдэг бүтээлийн нэрийг Удирдах зөвлөлд оруулж санал хураалгана. Орчуулгын төрлөөр энэ жил урьдынхаасаа хамаагүй олон бүр 17 бүтээл орж ирсэн. Тэрнээс бид шүүж, шүүж олонхийн саналаар Д.Дашмөнхөд өгсөн. Хойно докторантурт сурч байгаа Монголын Орчуулагчдын холбооны ерөнхийлөгч О.Чинбаяр маань ч тэр үеэр ирж таарсан. Бусад төрөлд бол миний үгийг хэн тоох юм бэ? Төрөл,төрлийнх нь төвийн гишүүд голчилно. Манайд чинь “хэтэрхий мэргэн жараахайнууд” олон шүү дээ.
-За тэгээд? Ингэдэг болохоор чинь л чамаас жаахан юм сонсох гээд байна шүү дээ. Алив цааш нь?
-За яршиг, яршиг, хараалгахын нэмэр.
-Яахав дээ, ганц хоёр юм ярь л даа.
-Жишээ нь, тухайн төрлөөр ганцхан зохиол ирсэн байхад тэрэнд нь “Алтан өд” өгчихөж болох уу?Залуудаа шүлэг бичиж байсны хувьд чи надад хэлээд аль!
-Би яаж мэдэх юм. Чи л хэл. Бөөрөнхийлөөд байсны хэрэггүй. Гарцаагүй сайн зохиол байсан ч юм уу, мэдэхгүй шүү дээ.
-Тэгдэггүй юм аа, аливаа уралдаан чинь дор хаяад долоон чавганц уралдаж байж л жинхэнэ ёсоороо уралдаан болдог юм.
-Тэр ч тийм байх шүү. Өөр бас юу нь болохгүй байв?
-Агуу мэргэн шогч И.Цэрэнжамц гуайн “Уран шор” номыг хамаатуулчих төрөл олдсонгүй.
-Юу гэсэн үг вэ, тэр чинь?
-Мэдэхгүй шүү дээ. Ирэх жилээс журмыг нь дахин эргэж харах хэрэгтэй юм байна гэж л тохирцгоолоо. Тэртэй, тэргүй зохиолчид бүгдээрээ дуулсан байна лээ. Арай болохгүй байгаа юмыг аль болох засах гэсэндээ л зөвлөлдсөн маань энэ. Гадагшаа гарах бүрий л хаа сайгүй болохгүй юмны тухай сонсох юм байна шүү дээ.
-Ер нь ингэхэд, яахаараа хаа сайгүй ийм хачин болчихов оо?
-Яагаад гэж үү? Манайх чинь одоо Иргэний нийгэм байгуулж байгаа биз дээ, тийм үү? Тэгвэл Иргэний нийгмийг иргэн хүмүүс жолооддоггүй юм, МЭРГЭН хүмүүс жолооддог юм. Энийг би хэлээгүй, цаад Цэрэнжамц ах чинь хэлсэн юм. Чи энэ мэргэн гэдгийг нь дандаа том үсгээр биччихээрэй. Далдыг хардаг мэргэн-түргэнийг биш, оюун ухааны голч мэргэнийг хэлж байна шүү.
-Улс төр ярихгүй ээ чамтай, утга зохиолоо л ярья.
-Утга зохиол гэж биш УРАН ЗОХИОЛ гэж хэлж суръя аа.Манай уран зохиол ер нь яагаад мухардчихаад байгаа юм бэ гэвэл УТГА ЗОХИОЛ бичээд байгаа учраас мухардчихаад байгаа юм. Үгийн утга буруу бол үйлдэл нь буруу болдог. Утга зохиол гэдэг чинь нэгдүгээрт бичгийн бүх л төрлийн бүтээлийн ерөнхий нэр. Тухайлбал зэвсэг, техникийн танилцуулга, эрүүл мэндийн сурах бичиг ч байж болно. Хоёрдугаарт, урныг нь биш утгыг нь голлосон, найруулгын, өөрөөр хэлбэл, логикийн буюу учир шалтгааны зөрчилгүй, зөв бичгийн дүрмийн алдаагүй бичиг хэргийн зүйлийг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл “албан бичиг”-ийг хэлдэг юм. Утга зохиол гэдэг нэршил бол үзэл сурталт нийгмийн үзэл сурталд тохируулсан нэршил. Главлит буюу Хэвлэл, утга зохиолыг хянах газар гэж хүртэл байсан шүү дээ. Утгыг нь л маш нарийн хянадаг байсан. Улс төрийн алдаа гаргачихаас сэргийлж. Тийм үү? Дээрх гурван үзүүлэлтийг голлосоор байгаад Монголын уран зохиолыг авсалчихсан юм. Тэр нь одоо болтол амь бөхтэй зууралдсаар, “бул хар чулуунууд”-ыг тэтгэсээр, төрүүлсээр байгаа юм. Тиймээс сүүлийн үед уран үгийн мастерууд төрөхөө болиод, утга зохиол буюу албан бичиг үйлдвэрлэдэг хүмүүс олноороо үржээд, би “МЗЭ-ийн гишүүн” гэж ханхалзаад байдаг болчихсон. Хатсан талх шиг, өрөвтөл шиг хуурай үгтэй зохиолонцруудыг ямар уран зохиол гэх юм бэ? Д.Нацагдорж, С.Эрдэнээ гуай, Балжирын Догмид ах шиг, дурсамж, дуулиар Цоодол гуай шиг уран тансаг, үнэн сэтгэлээсээ бичдэг ямар зохиолч төрж байна? Үгүй л шүү дээ. Зохиолынх нь сэтгэлгээ, бичлэгийн арга, зохиомжийг нь ч бодоод үзсэн тэр, ялгаагүй. Францын бол Ги де Мопассан шиг, Оросын бол Валентин Распутин, Василий Шукшин, сүүл үеийнхнээс Эдуард Тополь шиг, Монголын бол Түдэв гуайн “Оройгүй сүм” шиг, Гармаа гуайн “Харуул Алтай” шиг, Готовын Нямаагийн “Цадиг хууч” шиг гайхалтай зохиомжтой, гаргуун үгүүлэмжтэй ямар зохиол төрөв? Алга шүү дээ. Дандаа л албан бичиг, түүх бичлэг, захидал цахилгаан шиг юмнууд байгаа. Шуудхан хэлчихсэнд өршөөгөөрэй. Залуучууд энийг бодолцох биз.
-Зөвхөн утга зохиол гэдэг нэрнээс ч болоогүй байх аа.
-Баян тансаг монгол хэл, найруулга мартагдахад хүрч байгаа энэ ширүүн хуурай шиг цаг үед утга агуулга нь гэхээсээ илүү уран үгтэй зохиол их хэрэгтэй байгаа юм. Монголчууд уран тансаг хэлээ мартаж байна. Монгол хэлээ мартуулахгүйн тулд Төрийн хэлний зөвлөл ч юм уу, Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байхаасаа илүү хэдхээн жинхэнэ сайн уран зохиолч байвал болно гэж бодох боллоо. Бүр атаархаж үхтэл нь бичдэг тийм зохиолч ядаж ганц, хоёр байг, судлаачид нь тэднийгээ олж хараг. Тэр хүмүүсээ тэгээд сайн дууриаг л даа. Даанч манайд сайн судлаач ховор. Байгаа гэх ганц хоёр нь бичсэн юмаа өөрсдөө ч сайн ойлгодоггүй юм шиг байдаг. Манайхан чинь нохойд барих модгүй гэгчээр шүүмжлэгчгүй болчихсон улс. Тиймээс л би УРАН ЗОХИОЛ гэж багалзуурдаад байгаа юм.Байгалийн унаган авъяастай хүмүүс төрөх нь цөөрөөд байх юм бол авьяасгүй эрин үеийнхэн олдмол мэдлэг, чадвар, дадлаараа уран зохиол туурвих болдог. Өөрөөр хэлбэл сайн бүтээл туурвихын тулд биеэ дайчилна, уран зохиол гэдэг чинь урнаар зохиох, бичихийг хэлж байгаа юм гэдгийг голдоо ортол ойлгоно. Тэгсэн цагт яахав, гайгүй бүтээл төрдөг.
Ер нь уран зохиол гэдэг чинь уг үйлийн унаган нэр нь юм байна. 1929 онд Уран зохиолчдын бүлгэм гэж байгуулснаар МЗЭ-ийн суурийг тавьсан. С.Буяннэмэх, Ши.Аюуш гуай энэ тэрд “Алдарт, гавьяат уран зохиолч” гэдэг цол олгож байсан. Урьдны сайн цагийн монголчууд юмыг мөн чанараар нь нэрлэж байснаас, хуурамчлал хэрэглэдэггүй байж. Одоо ч гэсэн зохиолчдод олгодог төрийн дээд цолыг “Ардын уран зохиолч” гэдэг болохоос биш, “Ардын утга зохиолч” гэдэггүй биз дээ?
-Нээрээ л тийм дээ. Гэвч утга зохиол гэснээрээ муу нь юундаа байна?
-Утга зохиол гээд сурчихвал утга зохиол л өөрөөр хэлбэл, албан бичиг л үйлдвэрлэнэ, уран зохиол гээд сурчихвал уран зохиол л туурвихыг эрмэлзэнэ. Утга зохиол чинь ирээдүйн зохиолчдод хортой. Өнөө цагийн шилдэг гэгдэх ялихгүй юмнуудыг уншчихаад залуу, хөгшингүй “Өө, үхсэн баас, энэ зэргийн юмыг би ч гэсэн бичиж чадна” гээд үзгээ шүүрээд авдаг болсон. Тэгээд л түргэн шүүрхий юм үйлдвэрлээд эхэлсэн. Ер нь ингэдэг болчихоод олон жил болж байна. Социализмын үед ч ялихгүй юмс зөндөө л байсан.
-Харин танай орчуулгын салбарт яаж байна? Хүмүүс жаахан ам муутай л байх юм байна шүү дээ. Найруулгыг нь голох юм.
-Чи ч гэсэн сайн л мэдэж байгаа шүү дээ.1990 оноос хойш Ринчин гуайн “Үүлэн зардас” шиг, Мишигийн Цэдэндоржийн “Миний Дагестан” шиг, Аким гуайн “Цаазын тавцан” шиг уран тансаг ямар орчуулга гарав? Хамгийн муудаа л гэхэд, өршөөгөөрэй, миний муу “Хүн, араатан, бурхад”-ынх шиг ямар орчуулга гарав? Үгүй л шүү дээ. Онгирсон, онгироогүй, улсууд гадуур шуугиад л явчихдаг юм. “Одоо ямар сайхан юм гар дээр тавих гэж байна?” гээд нэхээд эхэлдэг юм. Сүйдтэй биш юманд бол цаасан малгай өмсгөсхийгээд л өнгөрдөг юм. Манай уншигчдын дунд орчуулагчид, зохиолчдоосоо хамаагүй илүү мэдрэмжтэй, онцгой сонин сэтгэлгээтэй хүмүүс хар мянгаараа бий.
-Яагаад ер нь уран зохиолын чанар чансаа муудаад байгаа юм бол оо?
-Нэгдүгээрт, орчин үеийн залуучууд сайн зохиол уншихгүй байна шүү дээ. Төрөлхийн авъяасгүй л бол, эсвэл уран зохиолын лаборатори сургууль төгсөхгүй л бол, сайн зохиол уншихгүйгээр сайн бичиж сурахгүй. Чи Бавуугийн Лхагвасүрэн, Данзангийн Нямсүрэн энэ тэр биш л бол гэсэн үг шүү дээ. Тэр хоёр Горькийд сураагүй, гэхдээ тэр хоёроос сод хүн социализмын сүүл үед гараагүй. Догмид ах ч яваагүй. Уран зохиолд амиа өгөх гэсэн хүн бол Горькийн сургууль төгсөх албагүй байх. Төрөлхийн авъяасгүй бол их л уншиж байж сайн зохиолч болно гэдгийг дахин хэлье. Эргэцүүлж сурна. Орчин үеийн залуу зохиолч, яруу найрагчид чинь ер нь өөр сайн хүний юм уншихаасаа илүү өөрийнхөө л зохиолд дурлачихсан улс болсон.
Хоёрдугаарт, уран зохиол хөөцөлддөг залуучууд маань гадаад хэл мэдэхгүй болохоор гадаадын гайгүй зохиолуудыг эх хэлээр нь уншиж чадахгүй. Ядаж ганц сайн гадаад хэлтэй баймаар юм. Нэг нотолгоо ярья. Өнгөрсөн жил “Орчин үеийн хятад яруу найраг” гэдэг ном гарлаа. Нацагдоржийн Энхбаяр гэж 30 хүрээгүй залуугийн хятадаас нь хийсэн маш сайн орчуулга.
Бид бүр МУИС-ийн хятад хэлний профессорт үзүүлж, шалгуулж байж ноднингийн “Алтан өд”-ийг өгсөн. Монголчууд бид чинь аль дивангарын Ли Бай, Дү Фү нараар л хятад яруу найргийг төсөөлдөг улс. Тэр номон дээрээс харж байхад, эх газрын Хятадынхаасаа Тайваний хятад найрагчдын бүтээлүүд гоц байх юм.
Яагаад тэр вэ гэсэн чинь Тайваний гайгүй сайн найрагчид нь голдуу Англи, Франц, Германы шилдэг их сургуулиудад суралцсан юм билээ. Ойлгомжтой биз дээ?
Өнгөрсөн зууны 60-70-аад оны үеийн манай “хоцрогдсон” гэгдэх зохиолчид чинь бүгдээрээ оросоор гадарлах нь бүү хэл, “доторлочихдог” байсан юм. Сергей Есениний “Шаганэ”-г орчуулах гэж бөмбөчүүлээгүй хүн манай ахмад яруу найрагчид дотор бараг байхгүй юм билээ. Хамгийн хөдөөний “Бүдүүн дуут” гуай ч Оросын Леонид Леоновын өнөөх мундаг “Русский лес”-ийг оросоор нь уншчихсан байсан юм шүү. Гэтэл“Русский лес”-ийг сонсоо ч үгүй зохиолчид манайд өнөөдөр захаасаа аваад зөндөө бий. Орос, Америкийг баримтат, адал явдалт, уран үгт романуудаараа бүрэн эзэгнэсэн Эдуард Тополийг сонсоогүй орчин үеийн маш том гэгдэх дунд насны зохиолч манайд байж л байгаа юм чинь. Тэр “Русский лес” бол байгалиа хамгаалах ардын совин нэвт шингэсэн лут эд. Зузаан ч ном. Манайд орчуулагдаагүй л дээ.
-Чи орчуулахаа яасан юм бэ?
-Орчуулдаг нь ганц би юм уу? Томчуул нь барьж авна биз. Би чинь одоо зүрхшээгээд байдаг болчихож. Цаасан дээрээ улайраад тамхиа хэтэртэл татчихна. Тэгэхээр зүрх өвдөөд эхэлнэ.
-Би чамайг тамхиа хая гэж лав л 20 жил загнаж байгаа даа. За тэр яахав, түрүүчийнхээ яриаг үргэлжлүүлээч, зохиолчид гадаад хэл мэдэхгүй байна гээд явж байсан байна.
-Харин тийм ээ. Манайхан залхуу юм аа. Агуу их орос хэлийг голоод байвал,хэрэглээний англи хэлийг нь цагийн гарз гэвэл, хөгшин Европын соёлын эх хэл- францыг ч гэхнээ оролдож болно шүү дээ. Би ч гэсэн залуудаа францыг нухаж байхгүй яав даа гэж ямар их харамсдаг гэж бодно. Өнөөдрийнхөө оньсого ч юм шиг, үгүүллэг ч юм шиг шүлгэнцрүүдээ, соцреализмынхаа арга барилын сурвалжилсан тэмдэглэл шиг туужинцруудаа бичээд л насыг барна биз.
-Чи түрүүхэн Монголд сайн зохиол цөөхөн гэж хэлсэн. Тэгвэл гадаад хэл мэдэхгүй байж юугаа унших юм бэ?
-Цөөхөн хэдийгээ ч гэсэн арвантаа унших хэрэгтэй шүү дээ. Тэр “Цадиг хууч”-ийг ч юм уу, аль эсвэл Гүрж.Нямдоржийн үгүүллэг, туужуудыг гэх мэтчилэнгээр. Б.Галсансүх Монголын яруу найрагт шинэ амьсгал оруулж ирсэн шиг, Нямдорж маань бас Монголын богино хэмжээний зохиолд “зөн совингийн” гэх цоо шинэ юм бий болгосон юм. Саяхан Нямдоржийн үргэлжилсэн үгийн зохиолын эмхэтгэлийг Хөвсгөл нутгийнх нь Бадарч гэдэг бизнесмен гаргаж, том буян үйлдсэн байна билээ. Урд нь тэр залуу бас Нямдоржийн шүлгийн түүврийг “Хориотой нас” гэдэг нэрээр гаргасан байсан. Сүүлийн энэ “Бэнсэн үлгэрч” гэдэг номыг нь шүлэг бичдэг нь ч, үгүүллэг бичдэг нь ч дэрнийхээ номыг болгох хэрэгтэй.
Жинхэнэ уран зохиол гэдэг чинь тэр! Ер нь яруу найрагч нар үргэлжилсэн үгийн зохиолыг, үргэлжилсэн үгийн зохиолчид яруу найргийг их унших хэрэгтэй юм гэнэ билээ.
-Чиний л сэтгэлд хүрэхгүй байгаа болохоос биш, харин ч залуучууд их уншдаг болсон юм биш үү?
-Худлаа, худлаа, тэд чинь “Дракула” мэтийн тэнэг юмыг л уншина. Эсвэл Японы романчдын “солиотой хүний өдрийн тэмдэглэлүүд”-ийг л шүтнэ.
Би чамд нотолгоог нь хэлээд өгье. Хэдэн жилийн өмнө би овоо нэртэй нэг дээд сургуульд хагас жил хичээл заахыг оролдов оо. Дандаа л ирээдүйд шүлэг, зохиол бичнэ гэсэн хүүхдүүд байх юм. Тэгэхээр нь баярлаад, эхнийхээ хичээл дээр “За, сайн байна, Калидассын “Үүлэн зардас”-ыг уншсан хүүхэд байвал гараа өргө” гэсэн чинь ганц ч байдаггүй. Гамзатовын “Миний Дагестан”-ыг... гэсэн чинь мөн адил. “Заавал олж унш л даа” гэж бүтэн дөрвөн сар гуйлаа. Ганц нь ч уншаагүй. Дургүй хүрээд дахин тийшээ очоогүй. Өнгөрсөн хавар Чойномын “Өд” сангийн уран зохиолын дугуйлангийн 20-иод хүүхдээс бас асуулаа, мөнөөх л хоёр зохиолыг.
Ганцхан хүүхэд л, одоо энэ залуу яруу найрагч Б.Алтанхуяг л урьд нь надаар нүдээ чичлүүлж байж уншсан болохоор гараа өргөж байна. Тэгвэл модернист Галсансүхийг бага сургуулийн гуравдугаар анги төгссөн зунаа “Шадар гурван цэрэг”-ийг уншчихаад ирсэн”гэж Ломбын Нямаа гуай хэлж байна лээ. Тийм болохоор л Галсаагийн сэтгэлгээ хар залуугаасаа бусдаасаа шал өөр байсан юмсанж. Тэгснийг нь би мэдэлгүй мөнөөх “Монголын яруу найргийн модернизмын архитекторч” гэдэг, зориуд гадаад гарчгаар зодсон гарчигтай задаргаа өлгөцдөө 2006 онд Галсансүхийг “Эсвэл энэ хүүхэд франц хэл мэддэг байх, эсвэл Нямдоржийн ч юм уу, Цэндгомбын франц шүлгүүдийн орчуулгын ямар нэгэн гар бичмэл энэнд байдаг байх гэж боддог байлаа” гэж хүртэл таамаглан бичиж байсан.
-“Утга зохиол”, “утга зохиол”... Тэгвэл та нар яагаад үгүй ядахнаа “Утга зохиол” сониныхоо нэрийг өөрчилчихдөггүй юм бэ?
-Өө, би бол Удирдах зөвлөл дээр зөндөө хэрүүл хийсэн. Шууд болдоггүй юм гэнэ ээ. “Утга зохиол, урлаг” гэдэг нэр МЗЭ-ийн үнэт зүйлсийн нэг юм гэнэ. МЗЭ-ийн дүрмээрээ зөвхөн Зохиолчдын их чуулганаар сольж болно гэж байна лээ.
Манайд чинь утга зохиолоор амиа аргацаадаг “бул хар чулуунууд” зөндөө шүү дээ. Аюурзана ч гэсэн анхааруулаад л байдаг биз дээ? Ганц уран зохиолчид ч биш, ер нь манай нийгэм хуучин сэтгэлгээгээ хуйгаар нь сольж амжаагүй л байна даа.
-Чиний хэлж буйгаар манайд нээрээ гайгүй уран бичдэг залуу хүн алга уу?
-Байна аа, байна. “Хүмүүсийн тухай роман”-даа би зөндөө л зохиолчдыг магтсан шүү дээ.
-Тэр чинь 10-аад жилийн өмнөх. Сүүлийн үеийнхнээс ганц, хоёрыг нэрлэ л дээ.
-Үргэлжилсэн үгээс гэвэл Баастын Золбаяр маш сайн, Сүүлийн үед юм гаргасангүй. Их том юман дээр суугаад байгаа юм уу, аль эсвэл лазагнаад байгаа юм уу, бүү мэд. За тэгээд Пэрэнлэйн Нямлхагва байна, их уран. Галсангийн Болормаагийн богино үгүүллэгүүд говийн хүний дотоод сэтгэлгээний хандлагаараа их дажгүй, хотынхон байтугай хангайнхан мэдэхгүй сайхан үгнүүдийг их хэрэглэнэ. Бидэрийн Баярсайхан хүний дотоод сэтгэлийн торгон утсыг гайхалтай хөвөрдөнө.
-Яруу найрагчдаас?
-За даа, ахмадаас Бавуугийн Лхагвасүрэн гуай шиг ардынхаа ухаанаар зодсон мэргэн оюунтай яруу найрагч байхгүй, Гомбожавын Мэнд-Ооёог гүйцэх тансаг монгол шүлэгтэй хүн байхгүй байх аа даа. Залуугаас Оюунцэцэгийн Цэнд-Аюушийн шүлгүүд домгийн шившлэг орчихсон юм шиг тэгтлээ намуухан, учирлан эргэцүүлсэн эрчистэй байдаг. Тэнгэр, газар хоёрын гэгээ хаа нэгтээ бие биендээ уусан гүйлдэх холбоог хүүрнэдэг. Биеэ тоочихгүйхэн шиг, бас тэгээд их уншвал тун сайн найрагч болно. Балдоржийн Алтанхуяг ч сайн. Өснө өө, өснө, одоохондоо залуудаад байгаа юм. Би чамд бас нэг юм ярих уу?
-Тэгээч дээ.
-Залуу бөхчүүд их сайн гарч ирдэг, тийм үү? Бас залуу дуучид анхандаа их сайн дуулдаг. Тийм биз дээ?
-Яах гээд байгаа юм? За тийм гэе.
-Тэгснээ удахгүй алга болчихдог.
-Юу билээ, энэ чинь...
-Тэгдэг юм аа. Төрөлхийн авъяасгүй хүүхдүүдийг маш сайн багш нар сургачихаар нэг хэсэг сайн байж байгаад аажимдаа тэр нь алга болчихдог юм. Тухайлбал, тухайн үеийн Оросод соёл урлагийн гайхамшигтай мэргэжлийг гайхалтай сайн эзэмшсэн хүмүүс одоо тэтгэвэртээ гараад СУИС-д багшилж байгаа болохоор төрөлхийн дуучин биш хүмүүсийг дуучин болгочихож байгаа юм. Төрөлхийн дуучид олон жил дуулаад байгаа юм. Түмэндэмбэрэл гуай шиг. Бөх ч ялгаагүй. Таван жил барилдаад л гүйцээ. Баянмөнх гуай шиг, Бат-Эрдэнэ шиг төрөлхийн биш л байсан байхгүй юу.
-Тэгээд юу гэж?
-Яруу найрагчид бас тэгдэг юм. Төрөлхийн авъяасгүй бол халуун цус, залуу нас, хайр дурлалынхаа онгодоор нэг хэсэг шоволзоод чимээгүй болчихдог юм. Харин олсон мэдлэгээрээ, өөрөөр хэлбэл, тусгай лаборатори сургуульд сурсан бол, эсвэл их уншсан бол нэг хэсэгтээ явна аа. Үүгээрээ дуучин, бөх хоёроос ялгаатай байх.
-Онгод гэж ер нь байдаг юм уу? Байдаг бол ямар юмыг хэлдэг юм бэ?
-Зүрх, тархи руу чинь хашгичаад ороод ирдэг үйлийн үрийг онгод гэдэг юм биш үү? Төрөлхийн авъяастай бол онгодынхоо хүчээр үхэж байхдаа ч шүлгээ бичнэ, үхсэн хойноо ч дараагийнхаа төрөлд хашгична. Хутагт хувилгаадаас ялгаа юу байхав.
-Өө, тийм юм уу? Чи ер нь төрөлхийн үү?
-Битгий дэмийр, миний төрөлхийн гэж юу байсан юм бэ.
-Залуучуудаас одоо орчуулгаараа хэн найдлага төрүүлж байна?
-Сайн залуучууд олон бий. Энд уран сайхны орчуулгыг л ярина, тийм үү? Найруулга сайтай, уран бүтээл нь тогтвортой нь гэвэл Орхон Памукийн “Цас”-ыг орчуулсан Б.Баясгалан байна. Япон хэлнээс тэр 1Q84 энэ тэрийг орчуулсан нэг бүсгүй байсан. Мулдашевын цувралуудыг орчуулсан Мөнхтуяа ч бил үү, нэг охин байх шиг байсан, одоо яасныг мэдэхгүй. Сураг тасарсан. Их дажгүй байсан юм. Хятадаас бол дээр дурдсан На.Энхбаяр гэдэг залуу ирээдүйд их юм хийнэ дээ. Англиас л гэхээс биш, өөр ч сайн залуус бий.
-Залуучуудад хандаж юу хэлмээр байна?
-Залуучууд маань англиас голчлон орчуулдаг ч, яг Английн орчин үеийн зохиолчдын бүтээлийг гаргахгүй байгаад нь харамсдаг. Эх хэл бол эх хэл л байдаг. Тэрнийг өөр хэлээр дамжуулахыг тэвчих хэрэгтэй. Шекспир, Байрон хоёрын хэлээр ярьдаг улс сайн зохиол гаргахгүй байна гэж баймгүй. Англи хэл хуурайшсан нь үнэн, америкчууд аваачаад хэрэглээний хэл болгоод ядууруулчихсан юм. Америкийн сүүлчийн сайн зохиолч л гэхэд Курт Воннегутаар бараг дууссан юм биш үү? Шог хошин зохиол голлодог байсан болохоор үгээр сайн тоглодог зохиолч байсан. Ядаж тэрнийг орчуулаасай гэж хүлээсээр сууна. Би л орос хэл мэддэг гэж сагаад, англи дээр бичсэн юмыг оросоор дандаа дамжуулалтай биш.
Хамгийн харамсалтай нь, францаас орчуулдаг хүн бараг байхгүй боллоо. Италиас хийдэг хүн нэг ч алга. Оросоос хийдэг нь улам л цөөрөөд байх юм. Өрнөдөд одоо орос, франц, итали, испани дөрөв шиг эртний баян, тансаг соёлоо хадгалсаар байгаа хэл байхгүй шүү дээ.
Харин саяхан “Алтан өд”-ийн өмнөхөн нэг сайн орчуулга үзлээ. Танай сонинд ажилладаг Б.Нямдорж гэдэг залуу Габриэль Маркесын “Тахлын үеийн дурлал” гэдэг романыг испаниас орчуулсан байна. Тэр нь тэгтлээ гоё роман биш, гэвч монгол найруулга маш сайн, үгийн сонголт сайн. Энэ Нямдорж урд нь ч бас Маркесын “Гунигт янхнуудаа дурсахуй” энэ тэрийг нь орчуулсан. Маркесийг уншихад ч яршигтай. Тийм унтаа бичлэгтэй юмнуудыг орчуулахад их хүнд байж таарна. Гэвч Нямдорж ард нь гарч чадсан байна. Тэгээд ч испаниар бичдэг нь ганц Маркес биш, гоц гойд юм бичдэг нь ч бас биш байсан болохоор цаашдаа Нямдоржийг орчин үеийн испани хэлтэн зохиолчдын их сайхан юмнууд гаргана байх гэж баярлаж байгаа шүү.
-Чи ер нь Маркесийг жаахан голоод байна аа даа? Тэр чинь Нобелийн шагналтан хүн шүү дээ.
-Хэ-цэс. Маркесаас том зохиолчид зөндөө. Нобелийн шагналыг чинь аль дээр үеэс улс төрийн учир шалтгаанаар өгдөг байсан юм чинь. Эсвэл гаж, гаж юманд өгнө. Ер нь дэлхийн уран зохиол мухардалд орчихоод олон жил болж байна шүү дээ. Ноднин жил л гэхэд Чернобылийн ослын тэмдэглэл бичсэн Беларусийн сэтгүүлчийн эмхэтгэлд Оросыг муутгах гэсэндээ өгсөн, энэ жил нэг рок дуучинд л өглөө шүү дээ. Энэ чинь уран зохиолын зиндаа юм уу? Хүн төрөлхтөн ер нь хаашаа явж байгаа юм, бүү мэд.
-Тэгээд тэр Нямдоржийг “Алтан өд”-дөө шалгаруулахгүй яасан юм?
-Өнөө муу золиг чинь уралдаанд ирүүлээгүй юм чинь. Шалгаруулдаг мань мэтийг нь голсон юм байлгүй. Ирүүлсэн бол зүтгүүлэх л байсан. “Алтан өд” чинь цаашдаа Монголын зохиолчдын нэр төрийн манлай болох зорилготой юм шүү. Залуучуудад хандаж хэлэхэд монгол хэлээ л илүү сайн эзэмших хэрэгтэй шиг санагддаг. Үгийн сонголт маш чухал. Энэ телевизийнхэн шиг, тэр яамныхан шиг “Насжилт өндөртэй байшин, насжилт нь дууссан машин” гэж яриад унавал тэрнээс балиар юм байхгүй. Амьгүй юмыг чинь эдэлгээ, эдэлгээний хугацаа гэж ярьдаг биз дээ, тийм үү?
Орчуулгаараа чи гадаад хэл үл мэдэх ирээдүйн зохиолчдод хичээл зааж байна гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Орчуулагчдын соён гэгээрүүлэх чанар нь түүндээ байдаг юм.
Ярилцсан Д.Цэрэннадмид
Сэтгэгдэл бичигдээгүй байна