Г.Пүрэвдагва: Амьдралын төлөө зүтгэж яваа залуу малчдыг дэмжинэ

2017/01/20
Монголын урлагийн ертөнцөд тод мөрөө үлдээж яваа поп опера “Увертюра” хамтлагийг даацтай уран бүтээлтэй, мэргэжлийн хамтлаг гэдгээр нь сонсогчид хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл тус хамтлаг удахгүй шинэ цомгийн баяраа хийж “Залуу малчдад туслах аян”-ыг дэмжиж, эх орноо тойрон аялан тоглолт хийхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.

-“Увертюра” хамтлаг “шинэ цомог, тоглолтоороо залуу малчдад туслах аянд нэгдэж байгаа юм байна. Энэ тухай яриач?

-Өнгөрсөн оны аравдугаар сард “Монголын морин спорт залуу уяачдын холбоо”-г үүсгэн байгуулсан. Тус холбооны зорилго нь цэвэр зүсмийн монгол морь, монгол адууны генийг авч үлдэх юм. Холбооны ерөнхийлөгч Монголын хамгийн залуу гишүүн болох УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачилгаар “Залуу малчдад туслах аян”-г эхлүүлээд байна.

Аяны хүрээнд “Увертюра” хамтлагийн “Монгол минь...” нэртэй цомгийн баяр хандивын тоглолтын нээлтийг Улаанбаатар хотод энэ сарын 31-нд Бөхийн өргөөнд хийх юм. Тоглолтын тасалбарыг “Монгол минь...” шинэ цомог дагалдах юм. Энэ тоглолтоо хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн зүүн бүсийн найман аймаг, нэг дүүрэг, баруун бүсийн 13 аймагт хийнэ. Тоглолтын ашиг, орлогоо мал болгож залуу малчин гэр бүлд хандивлахаар болсон.

Цаг агаар хүйтэрч, хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байна. Тиймээс залуу малчид малаа зуданд алдах эрсдэл их. Мөн нийгмийн идэвх сайтай ч амьдралын боломжгүй олон залуус байдаг. Бид 21 аймаг бүрээс судалж байгаад нэг, нэг өрхийг сонгож, дор хаяж 50 бог мал бэлэглэх юм.

-Шинэ цомог танай хоёр дахь цомог. Яагаад “Монгол минь” гэж нэрлэв?

-2012 онд бид “Удиртгал” хэмээх анхны цомгоо гаргаж байсан. Харин энэ удаа тоглолт, цомгийн нэрээ “Монгол минь...” гэж нэрлэлээ. Энэ нь бидний Монголоо гэх сэтгэлийг агуулж байгаа юм.

-Яагаад заавал залуу малчдад тусалъя гэж шийдсэн юм бэ?

-Нүүдэлчин ахуйн соёлын гол эзэд болсон малчид, тэр дундаа залуу малчинг дэмжих аянг санаачилснаар сүүлийн жилүүдэд дараалан болсон ган, зуд болон нийгмийн бусад хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжих, амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгох зорилготой.

Бид өөрсдөө залуу уран бүтээлчид. Хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань ч залуус. Тиймээс залуучууд бид нэг нэгнийгээ дэмжиж байж Монгол орны ирээдүйн хөгжил гэрэлтэнэ. Болж байгаатайгаа дэмнэлцээд, болохгүй байгаагаа дэмжье хэмээн зорьж байна. Ингэснээр залуучууд бага ч болов урам орж, амьдралд хандах хандлага, нийгмийн идэвх нь сайжрах юм болов уу. Бид зүгээр л нэг таарсан айлаа сонгочихгүй. Нутаг орондоо нэр хүнд сайтай,  зөв амьдрах гэж зүтгэж байгаа хэрнээ амьдралын боломж тааруу, тусламж хэрэгтэй байгаа гэр бүлийг сонгох юм. Тухайн аймгийн нэг айлаас нь хонио худалдаж аваад, малгүй айлдаа хандивлахаар төлөвлөсөн. Мал гэдэг чинь өөрөө их үр өгөөжтэй. Энэ удаа 50 толгой байсан бол дараа жил 80 болоод өсчих боломжтой. Малчдад туслах олон аян өрнөдөг л дөө. Нэмнээ, өвс гэх мэтчилэн. Тэр нь тухайн цаг үедээ хэрэг бололгүй яахав. Гэхдээ мал бол цаашдын амьдралынх нь баталгаа болоод, өсч үржихийг нь бодож сонгосон юм.

-Хамтлаг дуучид шинэ цомгийн баяр, тоглолтоо хотод сүр дуулиантай хийдэг шүү дээ. Харин танай хамтлаг малчдад туслахаар хөдөөгүүр явах нь ээ?

-Албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа хүлээнэ гэж ярьдаг даа. Харин бидэн шиг чөлөөт уран бүтээлчдийн хувьд хандивын тоглолт хийх нь илүүдээ гарсан мөнгө гэх хүмүүс байгаа байх. Бид ард түмэндээ уран бүтээлээ хүргэдэг. Ард түмэн маань бидний уран бүтээлийг сонсдог. Тиймээс бид хариуцлагатай байх хэрэгтэй. Тодорхой хэм­жээнд бидний тасалбарыг авч, тоглолт үзэж байгаагийнх нь хувьд уран бүтээлээсээ гадна эргээд хариуг нь барих ёстой.

-“Увертюра” хамтлаг эх орноо бүтэн тойрч 21 аймгаараа аялан тоглолт хийж байв уу?

-2013 онд манай хамтлаг “Төгсгөлгүй эхлэл” хэмээх тоглолтоо нийслэлд хийж байсан. Дараа нь аймгуудаар бүсчилсэн тоглолтоо хийсэн. Харин энэ удаагийн тоглолтоороо 21 аймгаа бүтэн тойрно.  Манай хамтлагийн тухайд ихэвчлэн эх орны сэдэвтэй дуунуудтай. Эхний цомогт ороогүй, сонсогчдод хүрсэн уран бүтээл болох “Тэнгэр ээж минь өршөө”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын хөгжим “Ээж минь”, О.Дашбалбар агсны “Амьддаа бие биеэ хайрла” зэрэг дуу бий. Иймд манай шинэ цомог нэлээд хүлээлттэй байх болов уу. Мөн Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, уртын дуучин Л.Болормаа, “Хөсөгтөн” хамтлагтай хамтарсан “Монгол минь тэнд” гэх дуу бий. Ихэвчлэн эх орны сэдэвтэй дуунууд. Тэр дундаас гүн гүнзгий утга агуулгатай дуу ч бий. Түүнчлэн гадаадад байгаа эх орноо санагалзсан монголчуудын тухай  “Сайхнаас сайхан Монгол орон минь” нэртэй шинэ дуу, С.Эрдэнийн “Манан” шүлгийн дуу багтсан.

Цомог маань үндсэндээ монгол ахуй, соёл, эх орны өнгө аястай учраас “Монгол минь...” гэж нэрлэсэн. Мөн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг гэдгээрээ ковероо дөрвөн өөр өнгө, араншин, аясыг улирлаар илэрхийлж,  ийм өөр ертөнцүүд нэгдэж байна гэдгийг харуулахыг зорьсон. Үүнийгээ тоглолтдоо ч баримтлана. Бөхийн өргөөний тайз засалтдаа ч энэ шийдлээ тусгана.   Цаашилбал, “Тэнгэрийн хүү” жүжгийн дуун дээрх бүжиг гэх мэтчилэн олон гайхалтай үзүүлбэр манай нээлтийн тоглолтод бий. Мөн АЖ Ш.Чимэдцэеэ багш маань ая дуугаа өргөнө. Тоглолтын тухайд сүүлийн болон эхний цомгоосоо түүвэрлэн дуулах юм. Манай мэргэжлийн баг бүрэлдэхүүн найруулга, гэрэлтүүлэг, тайз гээд арай өөр өнгө аястай байлгахыг хичээн ажиллаж байна.

-Улаанбаатарт хийх тоглолтын баг хөдөө орон нутгаар хамт явах уу?

-Эхний тоглолт маань “Залуу малчныг дэмжих аян” эхэлж байгааг илтгэх юм. Тиймээс бүрэлдэхүүн нүсэр байгаа. Харин орон нутгуудаар хийх тог­лолтдоо өөрсдийн болом­жоор сайхан байлгахыг хичээнэ. Тоглолтын найруулга, дуулах уран бүтээлүүд адилхан. Нийслэлийн болон хөдөө орон нутгийн үзэгчиддээ цомгийнхоо дээжээс бэлэглэхээр 10 мянган ширхгийг хэвлүүллээ. Энэ нь уран бүтээлчдийн хувьд их өндөр тоо л доо.

-Тасалбарын  үнэ хэд вэ?

-Тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг байх юм. Тасалбар бүрт цомог дагалдана. Тэгэхээр тоглолт үзэж сэтгэлийн цэнгэл эдлэхээс гадна цомогтой болно. Үүгээрээ залуу малчдад хандив өгч байгаа гэхээр үзэгчдэд таалагдах байх.  

-Та нар хэр боломжийн амьдардаг вэ?

-Бид тасартлаа баяжчихсан хүмүүс биш л дээ. Гэхдээ энэ тоглолтоос ашиг хараагүй.  Уран бүтээлч хүмүүс ийм сэтгэлгээтэй байх ёстой. Уран бүтээл маань л сайхан болоод, хүнд хүрч байвал бидний зорилго биелэх юм. Зөв амьдарч, зөв байхад л ажил аяндаа бүтдэг гэж боддог.

-Ид хүйтэн үед хөдөө орон нутгаар явж таарч байна даа?

-Тийм ээ. Яг хэцүү үед нь дэргэд нь байя гэж бодсон. Эхний удаад зүүн есөн аймгаар явчихаад, хотдоо ирж шинэлчихээд, цагаан сараас хойш баруун аймгуудаараа тойрно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын морин спорт залуу уяачдын холбоо ажиллаж байна. Мөн биднийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа олон байгууллага бий. Тухайлбал, УИХ-ын Тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, JCI Mongolia, Сонсогч төгсөгчдийн холбоо гэх мэт. Энэ  байгууллагууддаа баярлалаа гэж хэлье. Ер нь дэмжлэг гэдэг заавал мөнгө төгрөг байх албагүй, өөрсдийн боломж бололцоогоороо туслахыг хэлнэ. Тухайн аймагт байрлах орон байр, хоол ундаар хангахад л маш том тус шүү дээ. Замын зардлын тухайд тоглолтынхоо орлогоос хийнэ. Харин цэвэр ашгаа мал болгоод өгнө.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Э.Бат-Уянга


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна