Ард түмний санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж, нэг хүнийг дээш нь залсан Турк орны алдаа, оноо

Zuv.mn
5 цаг 24 минутын өмнө

Найман жилийн өмнө ард түмний санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн Турк улс өдгөө Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы шууд санаачилгаар Үндсэн хуулиа өөрчлөхөөр зэхэж байна. 

Манайхны "Ард түмэн" гэдэгтэй төстэй "Үндэстний хүсэл зориг" гэдэг үгээр түрий барин батлуулахаар зэхэж буй уг хууль үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы эрх мэдлийг бэхжүүлэх, хугацааг сунгах зорилготой ээлжит ажиллагаа гэдгийг хэвлэлүүд барим, тавим бичиж байгаа юм. 

Ээлжит гэсний учир нь, Р.Т.Эрдоган найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн суудалд хугацаагүй залрах хүслээ ард түмнээр хүлээн зөвшөөрүүлж, хязгааргүй эрх мэдлийг гартаа атгасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих санаачилгыг иргэдээс санаачлуулж, ард нийтийн санал асуулга явуулах замаар зөвшөөрүүлсэн юм. 

Ард түмэн итгэж дэмжсэний ачаар л ийм их эрх мэдэл, сүр хүчтэй болсон ч Р.Т.Эрдоган дэмжигчидтэйгээ хийсэн эхний уулзалт дээр л “Цаазын ялыг сэргээнэ” гэж мэдэгдэж байлаа. 

Энэ нь нэг талаар эдүгээ шоронд хоригдож буй улстөрийн дайснуудаасаа нэгмөсөн салах, нөгөө талаар санал асуулгын дүнг зарласны дараа үүсэх ард иргэдийн бухимдлыг айдас хүйдсээр аргамжин тогтоох гэсэн зорилготой гэдгийг шинжээчид хэлж байв.

Учир нь, Санал асуулгын дүн бараг ижил буюу 51:49 хувьтай гарч байж. Саналын зөрүү ийм ойрхон учраас төрийн эргэлт хийх, эсэргүүцэх хөдөлгөөн өрнөх магадлал өндөр бөгөөд энэ ч ёсоор болж, тэр бүрийд хуулиа чангалсаар өдгөө Р.Т.Эрдоганы эсрэг тэмцэхэд маш хэцүү болжээ. 

Тэрбээр өнгөрсөн сарын 27-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ Үндсэн хуулийг өөрчилнө гэдгээ зарласан бөгөөд Ерөнхийлөгчийг хоёроос дээш удаа сонгож болдоггүй заалтыг авч хаяхаар зэхэж байна.

Турк улс хэрхэн өөрчлөгдсөн бэ 

Найман жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Турк улс Ерөнхийлөгчийн болон Парламентын засаглалтай улс болсон. Засаглалын ийм хэлбэрийн үед Ерөнхий сайдын албан тушаал үгүй болж, Ерөнхийлөгчийн эдлэх эрх үлэмж нэмэгддэг. 

Төрийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, сайд нар, Шүүх, Прокурорын зөвлөлийн тодорхой хэсгийг шууд томилох эрх эдэлдэг болсон. Түүнчлэн Парламентаар ороод унасан хууль тогтоомжийг шууд хүчин төгөлдөр болгох эрхтэй болжээ. Гэхдээ Парламент уг хуулийг дахин хэлэлцээд үнэмлэхүй олонхийн саналаар буюу нийт гишүүдийн 3/5-ын саналаар дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэрийг буцаах боломжтой үлдсэн.

Ерөнхийлөгч мөн онц байдал зарлах, бүх нийтийн санал асуулга зарлах, улсын төсөв боловсруулж Парламентад өргөн барих эрхтэй. Гэхдээ дээр дурдсан шийдвэрүүд нь бүгд Парламентаар дэмжигдэх шаардлагатай юм. Түүнчлэн, Ерөнхийлөгч зайлшгүй шаардлагатай гэж үзвэл намын харъяаллаасаа татгалзахгүй байх эрхийг ч эдэлдэг ажээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.33
    3 цагийн өмнө

    Ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв. МАН АН гэсэн мафийнхан ээлжилж улс төрөөр тоглож , хулгай хийж , бие биенийгээ хамгаалаад явдаг тогтолцоог халах хэрэгтэй.

    Хариулах