УИХ-ын чуулганаар яг одоо Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэж байна. Б.Жаргалан нарын 40 гишүүн санаачилсан уг хууль “5.10.Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ”, “Энэ хуулийг 2025 оны долдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн хоёрхон заалттай.
Харахад жижиг, тэгээд нэр өөрчлөх төдий өнгөц агуулгатай мэт боловч үнэн хэрэгтээ маш ач холбогдолтой хууль юм.
Эхнийх нь, нэг талаараа түүхээ мэдэж, уламжлах ач холбогдолтой ч нөгөө талдаа улс төрийн намууд өмчилж, нэр хүндээ өсгөх, пи ар хийх хэрэгсэл болгож ашиглаж байсан баяруудыг цэгцэлж өгч байна.
МАН 1921 оны Ардын хувьсгалыг, АН 1990 оны шилжилтийг өмчилж, баяр тэмдглэх нэрээр суртал ухуулга хийдэг байсан. Нийслэлийн Төв талбайг Д.Сүхбаатарын талбай гэж нэрлэдэг байсныг Чингисийн талбай болгосон, Ардын хувьсгалын ой гэж байсныг Их Монгол Улс, цаашлаад Хүннү гүрэн байгуулагдсан үе хүртэл хойш нь татаж, эхэнд нь бичдэг болсон зэргийн цаана улс төр нуугдаж байсан нь үнэн.
УИХ-ын 40 гишүүн харин энэ байдлыг үгүй болгох хууль санаачилсан байна. Өөрөөр хэлбэл, нэг нам гарч ирээд өөрсдөдөө холбоотой баярын ач холбогдлыг өсгөдөг, нөгөө нь гарч ирээд байж болох бүх аргаар ач холбогдлыг нь сулруулахын төлөө явдаг байдлыг халж байгаа юм.
Хоёр дахь нь, зуны улиралд нэгмөсөн олон хоног амраад, бүх нийтээр амрах бусад баярыг цөөлөх чиглэлд хийгдэж буй алхам гэж харж байна.
Цаашдаа байсгээд л бүх нийтээр амрах баяр таардаг назгай байдал засагдаж, дарга нар нь өөрсдийнхөө хийснийг биш аль эрт болж өнгөрсөн өвгөдийн гавяаг өөрийн мэт сайрхан улс төрийн ашиг хонжооо олох гэсэн өчүүхэн эрх ашиг үгүй болох нөлөө үзүүлээсэй гэж хүснэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна