Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 206 цэгт, Хүй долоон худагт 370 цэгт нийт 576 зөвшөөрөл олгож, наадамчин олонд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлагыг хангуулж, хяналт тавьж ажиллана. Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг Ulааnbaatar.mn цахим хуудасны “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ээр 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас 07 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цаг хүртэл хугацаанд хүлээн авна.
Нэг.Тавигдах шаардлага
1.1.Хоол үйлдвэрлэл үйлчилгээ (хуушуур бусад төрлийн хоол) эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар) стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд (зөвхөн явуулын үйлчилгээтэй түргэн хоолны түр цэг эрхлэхэд иргэн байж болно) байх шаардлага тавина.
1.2.Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байж болно.
1.3. Гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас үйлдвэрлэгчийн бараа бүтээдэхүүн худалдахад тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.
1.4.Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг иргэн, хуулийн этгээд зөвхөн 1 байршилд гаргах боломжтой бөгөөд 5х5 м, 3х3 м хэмжээтэй цагаан өнгийн асрыг нэгдсэн байдлаар барина.
1.5. Хүй долоон худагт Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдэд, Төв цэнгэлдэх хүрээлэнд Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргаж, хариуцсан дүүрэг болон Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэвжих төв НӨҮГ хүсэлтийг хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-05-ний өдрийн дотор хянаж баталгаажуулна.
Хоёр.Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
2.1.Онлайн бизнес төвд бүртгүүлсэн зөвшөөрсөн төлөвтэй “Бүртгүүлсэн хуудас”;
2.2.Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, хоолны меню;
2.3.Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр; (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)
Гурав.Худалдаа эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг
3.1. Онлайн бизнес төвд бүртгүүлсэн зөвшөөрсөн төлөвтэй “Бүртгүүлсэн хуудас”;
3.2.Хүнсний худалдаа эрхлэх тохиолдолд Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр; (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)
3.3.Худалдах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;
Дөрөв.Жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнд худалдахад бүрдүүлэх баримт бичиг
4.1. Гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээд байх;
4.2. Бараа бүтээгдэхүүний танилцуулга зураг;
Тав.Хүй долоон худагт хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг
5.1.Худалдах бараа бүтээгдэхүүн болон хөдөлгөөнт тоглоомын танилцуулга зураг, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зөвлөмж.
Зургаа. Хориглох зүйл
6.1. Баяр наадмын талбайд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно;
6.2. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи худалдахыг хориглоно;
6.3.Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан болон хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүн худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно;
6.4.Зөвшөөрөл олгосон байршлаас бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно;
6.5.Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгахыг хориглоно.
6.6.Хүнсний зориулалтын бус, тэмдэг тэмдэглэгээгүй хуванцар саванд айраг, сүү, сүүн бүтээгдэхүүнийг савлаж худалдах, ундны усыг нөөцлөн хадгалах, хуушуурын нэг удаагийн нийлэг хальсан уутанд савлаж үйлчлэхийг хориглоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна