Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойд зориулж ЗХУ-ын баатар, Монгол улсын баатар, Монгол улсын иргэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай нийтлэлч Г.Анхбаяр ярилцлаа.
- Сайхан хаваржиж байна уу. Асуултаа сансартай холбоотой сэдвээр эхлэе. Манай улс удахгүй анхны хиймэл дагуулаа хөөргөх болсон. Ер нь хиймэл дагуулын ач холбогдол, төрөл ялгаа ч гэх юмуу түүний учрыг та нэг ойлгуулж хэлээч.
- Одоо хөөргөх гэж буй хиймэл дагуул яг хэрэглээнд нэвтрэх хэмжээний биш, ердөө 10x10 см хэмжээтэй жижигхэн дөрвөлжин, түр хугацаанд ашиглагдах эд.
Таван сарын дундуур Японы хиймэл дагуулын тусламжтай хөөрөх байх, яахав мэдээж газар нутгийн тодорхой хэсгийн зургийг дарах гэх мэт үйлдлүүд хийгдэнэ. Маш сайхан судалгааны ажлын эхлэл болох байх, гэхдээ амьдралд хэрэглэгдэхгүй. Харин холбооны хиймэл дагуул гэдэг маш үнэ өртөгтэй, огт өөр зүйл.
- Манайд холбооны хиймэл дагуул хэрэгтэй юу? Таны байр суурь ямар байдаг вэ?
- Ямар ч эргэлзэх юмгүй, манайд хиймэл дагуул зайлшгүй хэрэгтэй.
Бид өнөөдөр сансрын мэдээлэл, сансрын техник технологи ашиглахгүйгээр нэг ч секунд амьдарч чадахгүй. Н.Алтанхуягийн засгийн газрын үед уг нь зураг төсөл боловсруулах, мөнгө босгох талын юмнууд эхлүүлж тодорхой хөрөнгө зарсан. Харамсалтай нь одоо улс орны эдийн засаг хэцүү байх шиг байна. Манайхан нэг юм буруу ойлгодог. Хиймэл дагуул үнэн хэрэг дээрээ зарлага биш хэмнэлт юм шүү дээ.
Манай улс гадаадаас хиймэл дагуулын суваг түрээсэлж байна, улсын байгууллагууд, хувийн байгууллагууд бүгдээрээ л өндөр үнэтэй түрээс төлж байна. Нэг удаа гүрийж байгаад холбооны хиймэл дагуултай болчихвол магадгүй хэдэн жилийн дараа зардлаа нөхөөд, бүр гадагшаа тэрийгээ түрээсэлж орлого олж ч болно. Зөвхөн стратегийн утгаараа ч биш, эдийн засаг талаасаа ч хиймэл дагуултай байх нь ашигтай хувилбар юм.
- Ард иргэд хоолны мөнгөгүй байхад хиймэл дагуулаар яах юм гэх мэт яриа гарах байх даа.
- Өнөө үед чинь мэдээлэл гэдэг хоолноос ч үнэтэй болсон байна шүү дээ.
Хоолгүй байна гээд мэдээллээр цангаж болохгүй. Цаг агаарын мэдээ, геологийн хайгуулын мэдээ, утсан холбоо, интернэт гээд хүн төрөлхтөний энэ хурдтай хөгжилд хөл нийлэхийн тулд өөрийн гэсэн нэг юмтай байх шаардлага үнэхээр байнаа. Хиймэл дагуул гээд ганц сансарт нисдэг юмыг хэлж болохгүй. Түүнийг дагаад газарт удирдлагын төв байгуулагдана, шинжлэх ухааны шинэ салбар, шинэ судалгаанууд үүсч хөгжинө.
Яваандаа нэг байсан хиймэл дагуул нь хоёр болно, гурав болно, судалгааны төвүүд, эрдэмтэн боловсон хүчин ч улам сайжирна. Энэ ажлыг эргэлзэх юмгүй зоригтой эхлүүлэх хэрэгтэй юм.
- Таныг батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед, тодруулбал 2003 онд анх манай энхийг сахиулагч нар Ирак уруу явсан. Тухайн үед бас л “Хэдэн бор хөвгүүдээ хэдэн бор төгрөгний төлөө явууллаа” гэх маягийн шүүмж байсан. Одоо харин энхийг сахиулагчдын ач холбогдлыг бүгд ойлгодог болжээ.
- 2000-2004 онд би Батлан Хамгаалахын сайд, Засгийн Газрын гишүүн байсан.
Энэ үед гадаадад монгол цэрэг илгээх эрхзүйн үндэс тавигдаж, 2002 онд анхны ажиглагч, офицерууд африкын дайн байлдаантай орнуудаар яваад, улмаар 2003 онд Ирак уруу “Цөлийн гэгээ” ажиллагаанд манай энхийг сахиулагчид явсан. Манай цэргүүд үүргээ маш сайн гүйцэтгэж, "Чарли" бааз дээр дайсны довтолгооныг зогсоосон баатар төрсөнийг бүгдээрээ мэднэ. Одоо ч цэргүүд маань үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа.
Афганистанд манай офицерууд бараг их сургууль явуулж байна, африкт халуун цэгүүд дээр энхийг сахиулж байна. Нуулгүй хэлэхэд хүнд хэцүү цаг үе бидэнд байсан.
“Манайх хэдэн танктай ч билээ, бид нар Орос Хятад хоёртой байлдах биш зэвсэгт хүчин юунд хэрэгтэй юм, ард түмэн хоолгүй байхад энэ цэрэг батлан хамгаалахаар яах юм..” гэх мэт яриа, хандлага их газар авсан байж билээ. Зэвсэгт хүчний нэр хүнд ч нэлээд унасан байлаа. Олон ч офицер, боловсон хүчин ганзагын наймаа хөөсөн. Ийм хүнд үед олон улсын энхийг сахиулах хүчинд цэргүүдээ илгээх шийдвэр гарсан юм.
Тухайн үед Ирак гэдэг дарьтай торх л гэсэн үг. Цэргүүдээ илгээнэ гэдэг маш эрсдэлтэй алхам, манай цэргүүдийн амь нас үрэгдвэл яах билээ, анги хамт олон нь яах билээ, тэр хүнийг яах билээ, эцэг эхэд нь юу гэх билээ гэх мэтээр бодох юм маш их. Ерөнхий командлагч Н.Багабанди гуай жаахан хашир хандсан, харин ерөнхий сайд Н.Энхбаяр эрс шийдэмгий байсан юм.
Тэгээд ямартай ч энэ шийдвэр гарсан даа. Дэлхий дахин чинь орчин үед глобалчлал гэж юманд ороод, заавал хамтарч ажиллаж байж, харилцан ойлголцож байж дэлхий ертөнц дайн дажингүй, эрүүл саруул, энхтайван байх юм. Энэ үйлсэд Монгол улс өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа.
- Хиймэл дагуул, сансрын судалгаанд ч бас Монгол улс өөрийн хувь нэмрийг оруулж, хэдэн жилийн дараа хүмүүс ач холбогдлыг нь ойлгох байх гэж найддаг.
- Тэгэлгүй яахав. Бид олон улсын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд оролцож байж өөрийн улсын аюулгүй байдлыг хангах ёстой.
Тэр бүх боловсруулсан хууль эрх зүй, тэр бүх үйл ажиллагааны гол зангилаа цэг нь энэ юм. Сансар гэдэг бол манай гариг ертөнц дээрхи энэ олон улс орнууд, энэ олон шашин номын зөрөлдөөнүүд, энэ бүх талцлууд ам хэлээ ололцож нэг зүг харахад онцгой үүрэгтэй гэж би боддог. Эх дэлхийгээ нэг удаа сансраас харчихсан хүнд нэг ширхэг цөмийн бөмбөг дэлбэлчих юмсан гэсэн бодол хэзээ ч төрөхгүй.
Ийм жижигхэн, ийм цэвэрхэн, цэмцгэр, хэврэгхэн харагддаг. Эх дэлхийгээ хайрлах их хүчтэй мэдрэмж төрдөг.
- Нэг саваагүй юм танаас асууя. Америкчууд саран дээр буусан, буугаагүй гэж элдэв янзын баримт нотолгоо дэлгэдэг. Хуйвалдааны онол шиг ч гэх юмуу. Ер нь орос сансрын нисгэгчид юу гэж ярилцдаг вэ? Эсвэл ийм элий балай юм огт ярьдаггүй байх.
- Жинхэнэ мэддэг хүмүүс нь ийм балай юм ярьдаггүй юм. Ийм яриа бол сенсаци хийж сэтгүүлээ борлуулах гэсэн, сонингоо зарах гэсэн улсуудын л үйл ажиллагаа.
Хүн үнэхээр саран дээр буусан. Тэр байтугай нэг сонин юм хэлэхэд манай улсын төрийн далбаа саран дээр очсон юм шүү. 1969 оны 7 сарын 21 –ий өдөр америкийн астронаут Нейл Армстронг саран дээр хөлөө тавьж, хоёр цаг гарантай ажилласан, сарны хөрснөөс дээж авсан, сар дэлхий хоёрын зайг их нарийвчлалтай тогтоосон.
Армстронг сар луу нисэхдээ тухайн үед НҮБ-д байсан улс орнуудын төрийн далбааг бүгдийг нь авч явсан байдаг. Айхтар том хэмжээтэй далбаа биш л дээ, жижигхэн далбаа. Одоо манай Гадаад Харилцааны Яамны архивт бий. Саран дээр очсон Монгол улсын төрийн далбаа Монгол улсдаа байгаа юм шүү.
- Та энэ жил 70 нас хүрч буй гэсэн ч 50 настай хүн шиг л харагдах юм. Сансарт нисэхэд хувь хүний бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэнд гээд олон юм хардаг байх. Ер нь санаандгүй 1000 хүн сонгоход хэд нь сансрын нисгэгчид тэнцэх вэ? Тиймэрхүү статистик бий юу?
- Их олон хүн тэнцнээ. Заавал нэг их онцгой төрчихсөн хүн явна гэж байхгүй.
Би өөрөө жишээ нь жирийн л нөхцөлд өссөн, бойжсон, жирийн л нөхцөлд боловсрол авсан, жирийн л хүн. Харин сансрын нисгэгч болгож бэлтгэх нь их онцгой. Манайд ч үнэндээ 1000 гаруй залуусын дундаас сонголт явуулсан юм шүү дээ. Тэр сонголтоор орсон гэдгээ өөрөө мэдээгүй хүн өчнөөн бий.
Үйлдвэр, олон нийтийн газруудад очоод л хувийн хэрэг, эрүүл мэнд, боловсрол мэдлэгтэй нь танилцаад л явна шүү дээ.
- Ямар хүмүүс сонголт, тандалт хийсэн бэ? Тагнуулын байгууллага оролцох уу?
- Ихэнхи нь эмч нар байсан. Эрүүл мэндэд их анхаарал тавьдаг, бас байгууллагын боловсон хүчнүүд тэрхүү сорилтот их үүрэгтэй оролцсон.
Айхтар тагнуулын хүн бол байгаагүй ээ. Ерөнхийдөө ЗХУ-д төгсөж дээд мэргэжил эзэмшсэн, орос хэл сайн мэддэг залуусаас боловсролоор нь, эрүүл мэндээр нь, зан харилцаагаар нь дүгнэнэ. Хамт олон, дарга удирдлагатай нь уулзаж тодруулна. Гэхдээ яг яах гэж буй тухай хэлэхгүйгээр 1000 орчим залууг шалгаруулж сонгосон юм билээ.
Тэр дотроосоо цөөлж шүүсээр 40 хүн үлдээд, 40 нь 13 болоод, 13 нь 3 болоод, 3 хүн нь 2 хүн болоод, хоёр нь нэг болоод гэх маягаар пирамид явчихсан гэсэн үг.
- Монгол хүн сансарт нисэхэд зориулж 1981 онд их олон бүтээгдэхүүн, бүтээл гарсан. Нэг төгрөгийн шар зоос, хивс, чихэр, Болор архи, савхин цамц гэх мэт. Сансар, Санчир нэртэй хүмүүс ч тухайн цаг үеэс хойш л төрсөн байх.
- Манай улс өөрийн элч төлөөлөгчөө сансарт нисгэхдээ их олон зүйлээр хангах эрмэлзэл байсан юм.
Борцтой шөл, чацарганатай сүү, чихэр конфеты, зураг хөрөг гээд өчнөөн юм бий. Дэлгүүрийн лангуун дээр сансарт ниссэнтэй холбогдуулж олон шинэ бүтээгдэхүүн гарсан. Баярлаж цэнгэж буй хүмүүст чихэр жимс нь ч, закуска нь ч, идээний дээж нь ч байх ёстой болсон юм биздээ.
Харин цагийн аясаар ганц нэг нь л шалгагдаж үлдэж. 2011 онд монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойг тэмдэглэсэн юм. Олон хувь хүн, пүүс компани оролцож дэмжсэний нэг нь АПУ компани байв. 1981 оны 3 –р сарын 22 –ны өглөө дэлгүүр хоршоонд Болор архи ямар сав, шилтэй анх гарч байсан яг тэрүүгээрээ 2011 онд гарсан юм.
Хүмүүст их сонирхолтой санагдаж, олон ч хүн хуучнаа эргэн санасан аятайхан арга хэмжээ болсонд талархалтай байдаг.
- Тухайн үеийн олон бүтээгдэхүүнээс одоо хүртэл үлдсэн “Болор” архи одоогоор бол брэнд гэх нь зүйтэй байх орчин үед хэрхэн өөрчлөгдсан гэж та үзэж байна?
- Он цаг өнгөрөхөд зарим зүйлс мартагдаж зарим зүйлс шинээр бий болсоор байдаг.
Үүнтэй адил Болор архины хувьд сав баглаа боодол өөрчлөгдөж сайжирсан ч үндсэн орц болох улаан буудайгаа эх орны үржил шимт хөрснөөс ургуулан боловсруулж бүтээдэг нь өнөөдөр ч хэвээрээ байгаа нь талархууштай. Мөн ялгаагүй өнөөдрийн сансарын хөлгүүд технологио даган өөрчлөгдөж сайжирч байгаа ч дотор нь зорчих оюун ухаант хүн нь хэвээр байгаа нь гайхамшиг юм.
Болдогсон бол дэлхийн бүх хүнийг сансарт гаргаж эх дэлхийг нь нэг харуулахсан гэж боддог. Нэгэнт эх дэлхийгээ холоос ажигласан харсан хүнд энэ гарагаа илүү хайрлах, хамгаалах, эв найрамдалтай аж төрөх л бодол хэзээ ч өөрчлөгдөшгүй толгойд бат суудаг нь сонин шүү...
Тойрог замдаа орохсон...
Ж.Гүррагчаа баатартай хүн бүрийн мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй зүйлийн тухай хэсэгхэн хөөрөлдөв.
Социализмын талаар ч хэдэн зүйл ярилцсанаа тэрүүхэндээ үлдээе. Үнэндээ социализмын тухай бид мэддэг ч юм шиг, үнэндээ мэдэх нь цөөхөн аж. Зарим нь хэтрүүлж магтаад л, зарим нь хэтрүүлж муулаад л. Социализмыг огт мэдэхгүй, монгол хүн сансарт ниссэнээс хойш төрсөн залуус жишээ нь "Социализм сайхан байжээ..." гээд л самсаа шархирах нь жигтэй. Түгжирч, чихэлдсэн өнөө үед хоосон хэдэн гудамж, хотын эл хуль хөдөлгөөн хараад сэтгэл хөдөлдөг ч биз.
Социализмын үеийг хүүхэд настай зүйрлүүлж болох юм. Аав ээж нь хүүхдээ боломжоороо л хувцаслаж, хооллож, сургуульд явуулна. Хүүхэд мэдээж аав ээжийнхээ үгэнд орно. Хүүхэд учир өөрөө дур мэдэн мөнгө үрэх эрхгүй, мөнгө олох эрхгүй. Чи мөнгөөр яах юм? Орох орон, идэх хоол байна. Социализмын үед ядуурал байгаагүй нь мэдээж, аав ээж нь тэжээж байхад ямар хүүхэд өлсөх билээ. Хүүхэд мэдээж гэнэн цайлган, хүнд муу юм санадаггүй. Социализмын үеийн хүн чанар, хүний сайхан ааш авир тун хурдан арилсан даа. Буруутгах юм юу ч байхгүй. Саяхныг хүртэл "Таван монгол хүний санаа нэг хятад хүнтэй тэнцэнэ, таван хятад хүний санаа нэг япон хүнтэй тэнцэнэ.." гэх маягийн хэллэг амь бөхтэй байлаа. Одоо бол монгол хүний санаа хятад, солонгосуудаа хэд нугалах аж. Бид насанд хүрч байна, бие дааж амьдарч эхлээд байна. Хүүхэд хэдий гэнэ цайлган, шударга ч хүн дандаа хүүхдээрээ байж болохгүй биздээ.
90 он гараад бид хүүхэд наснаас шууд шилжилтийн насанд хүрчихэж л дээ. Шилжилтийн насанд ирсэн хүүхэд яах билээ? Хүүхэн сонирхоно, архи ууна, тамхи татна, янз бүрийн уншсан юмандаа автаж элийрнэ. Хааяа даа, "хүүхэд байхад ч сайхан байж дээ.. хүнд муу юм санана гэж байхгүй.." хэмээн дурсамжиндаа автаж шүүрс алдана. Харамсалтай нь шилжилтийн нас мөд дуусах шинжгүй шүү. Залхсан зарим нь аав ээжийгээ эргэж санан "Манайд улсад хатуу чанга гар хэрэгтэй.." гэх мэтээр гомдлоо тайлна. Шилжилтийн нас өнгөрч, насанд хүрэх нь хэзээ юм бол.
Социализм маш олон бүтээн байгуулалтыг бидэнд өгсөн, ардчилал гараад юу байгуулав? Гэж асуух хүмүүс ч бий. Үнэн. Гэхдээ аав ээжээр асруулдаг байсан хүүхэд насаа эргэн дурсахтай ижилхэн ч юмуудаа. "Социализмын үед хийж чаддаг байсан олон юмаа бид чадахаа больжээ.." гэх. Аав ээж нь хүүхдээрээ хааяа нэг зураг зуруулна, бас бус хөөрхөн гэр орны ажил хийлгэдэг. "Хүү минь тусад оржээ.." гээд л магтана. 100 мянган гутал үйлдвэрлэх нь 100 мянган хүнийг гуталтай байлгана гэсэн үг биш аж. Хүн сансарт нисэх баярыг онцгой хүндэтгэлтэй хандаж, 81 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнээс өдгөө ганц Болор брэнд үлдсэн нь хүртэл нэгийг хэлнэ. Юмны хэрэгтэй хэрэггүйг цаг хугацаа, ард түмэн өөрсдөө шүүгээд өгдөг ч юмуудаа.
Сансрын хогны талаар Гүррагчаа гуай яриандаа дурдсан юм. Пуужин хөөргөхийн тулд гурван блок хаягдаж эхний хоёр нь газарт унаж, 3-р блок нь сансарт үлддэг аж. Сансрын хог гэхдээ хэзээ нэгэн цагт эргээд газарт унадаг, зарим нь агаар мандалд ороод шатдаг. Социализмын пуужинт хөдөлгүүр биднийг тодорхой түвшиний өндөрт аваачжээ. Бид харин тойрог замдаа орж чадахгүй, сансрын 1-р хурдаа авч чадахгүй л тэрүүхэндээ будилаад яваа ч юмуу даа. "Өмнө байсан шиг 3-р блокоо авчраад залгачихая л даа.." гэж зарим нь ухаан сэднэ. Харамсалтай нь 3-р блок аль хэдийнэ үүргээ гүйцэтгэчихсэн, сансрын хог болоод үлдчихсэн. Огторгуйн 88 одны ордоор сансрын нисгэгчид ориентаци хийж, Союз хөлөг Салют станцтай холбогдох үед зүгээ баримжаалдаг гэнэ. Харин бид зурхайн 12 ордоор зүгээ баримтлаад л... Дэлхий одон орон сонирхож байхад бид одон зурхай сонирхоод л..
Сэтгэгдэл бичигдээгүй байна