Орон нутгийн замд хүний амь нас хохирсон осол ихэсч байна

2017/05/12
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 83,9 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна. 

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг жолоочийн буруугаас шалтгаалсан осол эзэлж байна. 

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Замын цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргийг бууруулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулан амралтын өдрүүдийг сонгож улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад ажиллаж эхэлжээ. 



Өнгөрсөн амрлатын өдрүүдэд Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Сайншанд чиглэлийн автозамуудад шинэ загварын “Dahua” маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хурдад хяналт, шалгалт явуулав. 

Энэ үеэр 2 цагийн хугацаанд зорчин өнгөрсөн нийт 132 тээврийн хэрэгслийн 108 нь буюу 82 хувь нь хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж, арга хэмжээ тооцогдсон байна. Замын цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ чиглэлийн хяналт шалгалтыг тогтмол, шат дараалан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 





Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна