СЕХ-ны байранд эмх замбараагүй байдал үүсэв

2017/05/14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдийн материалыг өнгөрөгч  долоо хоногт хүлээн авсан. харин тэднийг нэр дэвших эсэхийг СЕХ бүрэн эрхийнхээ хүрээнд эцэслэх учиртай.

Нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр болж байгаатай холбогдуулан МАХН-аас нэр дэвших дэмжлэг авсан Н.Энхбаяр намын гишүүд, дэмжигчдийн хамт  хуралдаанд оролцохоор СЕХ-нд  иржээ. Гэвч түүнийг нэвтрүүлээгүй учир намынх нь гишүүд хүчээр дайран орохыг завдсанаас эмх замбараагүй байдал үүсээд байна.

Төрийн тусгай хамгаалалтынхан  иргэдийг дийлэлгүй байрны үүдээр нэвтрүүлсэн тул  Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс нэмэлт хамгаалалт гаргалаа. 


Харин МАХН-ын гишүүд,  дэмжигчдийн төлөөлөл 20 хүн, нэр дэвшигчийн хамт дотогш нэвтэрч, хуралдаанд оролцох шаардлагыг тавьсаар байна. Тэд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхзүйн үндэслэлтэй, энэ асуудалд СЕХ улстөржсөн шийдвэр гаргахгүй байхыг мөн  шаардаж байлаа.  Одоогоор СЕХ-ны зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ "Өглөө биднийг ирэхэд СЕХ-ны  даргын туслах "дотогш нэвтрүүлж болохгүй" гэж үүрэгдсэн юм билээ. СЕХ хуулийн хугацаанд 3 хоногийн дотор үнэмлэхийг нь гардуулж өгөх ёстой.
Би ганц юм хэлье. 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг монголын ард  түмэн мартаагүй.  Өнөөдөр    ийм үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга.  

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор  хуралдаан нь нээлттэй, ил тод байх бөгөөд олон нийтэд мэдээлнэ гэж заасан. Гэтэл огт хуулиа биелүүлэхгүй байна. Энэ хуралдаанд сэтгүүлчид оролцох эрхгүй байна" гэлээ. 
 
Б.Сондор 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна