Ж.Баярсайхан: Эрх сэргээх шалгалтад иргэд замын хөдөлгөөний дүрмээ бараг уншихгүй шахуу ирдэг

2017/05/18
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь олгож байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр “Иргэдэд үйлчлэх төв”-ийнхөн илүү ачаалалтай байгаа харагдав. Иргэд жолооны эрх сэргээлгэх шалгалт өгч байв. Мөн хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох, хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох үйлчилгээг иргэдэд өгч байлаа. Энэ үеэр 200 гаруй иргэн жолооны эрх сэргээх шалгалт өгч 500 орчим иргэн сургалтад хамрагдаж 1000 гаруй иргэн жолооны үнэмлэх дахин гаргуулах материалаа өгсөн байна. 

Иргэдэд үйлчлэх төвийн Мэргэжил хяналтын хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

Одоогийн байдлаар хэчнээн иргэд шалгалтад хамрагдаад байна вэ?

-200 гаруй хүн шалгалтад орсон байгаа. Сургалтад 500 орчим хүн орсон. Нэлээн үр өгөөжтэй өдөрлөг болж байна. 

-Иргэд нэлээн байх шиг байна. Өнөөдөр үйлчилгээ авч чадаагүй иргэд дараа нь хаана очиж болох вэ?

-Ажлын 5 өдөр өглөө 08:30-17:30 цагийн хооронд “Иргэдэд үйлчлэх төв”, Драгон төв, Дүнжингарав худалдааны төвийн “Нэг цэгийн үйлчилгээ”-нд очиж дээрх бүх үйлчилгээг авах боломжтой. Энэ үед өнөөдрийнх шиг ийм их ачаалалтай байхгүй. Түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой. 

-Нээлттэй хаалганы өдөрлөг гэхээр иргэд “Шалгалт авахгүйгээр эрхийг нь шууд сэргээнэ эсвэл арай уян хатан байдалтайгаар шалгалтанд тэнцүүлчих байх” гэсэн бодол эрмэлзэлтэй байдаг?

-Тийм зүйл огт байхгүй. Эрх сэргээлтийг ямар журмаар авах ёстой яг тэр журмаараа л авч иргэдэд үйлчилж байна. 

-Дээрх төвүүдээр үйлчлүүлэхэд ачаалал багатай түргэн шуурхай үйлчлүүлж болно гэсэн. Гэтэл одоогийн байдлаар иргэд маш их байна. Мөн их замбараагүй харагдаж байна?

-Өдөрлөг болж байна гэх мэдээллээр эрх хасагдсан хугацаа дууссан дуусаагүй хамаагүй шууд эрх сэргээнэ гэсэн буруу
ойлголттой иргэд маш их ирсэн байна. Эрх сэргээлтийг заавал шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сэргээгдэх ёстой байдаг. Иргэдийн дунд “Эрх хасагдсан хугацаа дуусаагүй байна. Яах вэ” гэж асууж байна. Эдгээр иргэд ямар ч тохиолдолд шалгалт өгөх эрхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. 

- Эрх хасагдсан хугацаа дуусаагүй бол эрх сэргээх шалгалтад орохгүй гэсэн үг  үү?

-Тиймээ.

-Ер нь жолоодох эрх хасагдсан иргэд эрхээ сэргээлгэхийн тулд ямар бичиг баримтыг бүрдүүлэх ёстой вэ?

- Эхлээд жолоочийн эрүүл мэндийн хуудсыг бөглүүлэх ёстой. Тэгээд бүртгэгч нараас эрх хасагдсан хугацаа дууссан гэсэн лавлагаа авна. Лавлагаагаа авчихаад сургалтанд сууна. Сургалтад суусны дараа замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтаа өгнө. Ингээд тэнцсэн тохиолдолд эрхээ сэргээлгэх эрхтэй болно гэсэн үг. 

-Шалгалт хэдэн асуулттай байгаа вэ?

-10 асуулттай.

-Сургалт болон шалгалтыг хаана авдаг вэ?

-“Иргэдэд үйлчлэх төв”-д өглөө 10:00 цагаас сургалтандаа сууна. Сургалтад суусны дараа батламж хуудас өгдөг. Харин шалгалтыг “Иргэдэд үйлчлэх төв” болон Дүнжингарав “Нэг цэгийн үйлчилгээ”-нд авдаг. Ингэхдээ анхан шалгалт өгч байгаа иргэн “Иргэдэд үйлчлэх төв”-д 13:00 цгаас шалгалтад орно. Харин давтан шалгалтад орж байгаа иргэн Дүнжингарав “Нэг цэгийн үйлчилгээ”-нд 08:30-12:00 цагийн хооронд шалгалтаа өгөх юм. 

-Эрх сэргээх шалгалтанд гурван удаа унасан тохиолдолд давтан жолооны сургалтанд суудаг байсан. Одоо ямар байгаа вэ?

- Өмнө нь шалгалтандаа 3 удаа унасан тохиолдолд 7, 14, 21 хоногийн давтан жолооны сургалтанд хамрагддаг байсан. Одоо бол шалгалтандаа 10, 20 удаа унасан ч хамаагүй тэнцсэн тохиолдолд л эрх сэргээдэг болсон. Тиймээс иргэн өөрөө замын хөдөлгөөний дүрмээ сайн судлах ёстой. Ер нь шалгалт өгөхөөр ирсэн иргэд замын хөдөлгөөний дүрмээ бараг уншихгүй шахуу ирдэг. Өөртөө найддаг. Гэтэл замын хөдөлгөөний дүрмээ сайн судлаад ирсэн хүнд эрх сэргээх шалгалт тийм ч хэцүү биш.

-Өдөрт хэчнээн иргэн эрх сэргээх шалгалт өгдөг вэ?

-Өдөрт 150 орчим хүн шалгалт өгдөг. Үүнээс 50 орчим хүн нь шалгалтандаа тэнцдэг. 30 орчим хувь нь юмуу даа. Энэ нь замын хөдөлгөөний хууль дүрмийн мэдлэг муу байна гэсэн үг. 

-Хуучин үнэмлэхээ солиулах болон хаяж үрэгдүүлсэн үнэмлэх хэр хугацаанд гарч байгаа вэ. Өмнө нь бэлдэц дууссан шалтгаанаар их хойшлогддог байсан. Энэ нь иргэдэд хүндрэл үүсгэдэг байсан?

-Шар үнэмлэх буюу хугацаа дууссан хуучин үнэмлэхний нөхөн олголтыг тухайн өдрөө шийддэг болсон. Харин хаяж үрэгдүүлсэн иргэн 72 цагийн хугацаанд жолооны үнэмлэхээ олоогүй тохиолдолд дахин шинээр гаргуулах эрхтэй. Тиймээс 72 цаг өнгөрсөн бол тухайн өдрөө шийдүүлэх боломжтой.

Ярилцсанд баярлалаа.






Т.Дашмаа


 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна