Нөөшилсөн загас идсэний улмаас 18 хүн хордлогод орж, эмнэлэгт хэвтжээ

2017/05/22
Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-17-ны өдрүүдэд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" туршлага судлах сургалт семинарт оролцжээ. Тэд 16-ны орой 21.00-22.00 цагийн үед Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас болон утсан загас, мөн 17-ны өдрийн 12.00 цагт "Далай ээж" хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл Хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” нэрийн шилтэй загас болон утсан загас худалдаж авсан байна. Тэд дээрх бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ хэрэглэснээс болж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт дөрвөн том хүн, гурван хүүхэд хоолны хордлогод орж хэвтэн эмчлүүлж байна.

Мөн Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын семинарт оролцсон багш, мэргэжилтнүүд буцах замдаа Эрдэнэт, Улаанбаатар хотод амьдардаг хамаатан садан, найзууддаа дээрх нэр төрлийн шилтэй загас өгснөөс болж Эрдэнэт хотод гурван хүн, Улаанбатар хотод найман хүн хордлогод орж хэвтэн эмчлүүлээд байна. 



“Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас болон утсан загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Тиймээс хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байгаа аж.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна