О.Алтангэрэл: УИХ Сангийн сайдын ганц бичгээр шийдвэр гаргаж болохгүй

21 цаг 0 минутын өмнө
Улсын Их хурал 2017 оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын 11 дэх заалт буюу Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгох заалтыг 30 дугаар тогтоолоороо хүчингүй болгосон билээ. Үүнийг хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Монголын баялаг Монголын банкаар дамжих ёстой гэсэн утга бүхий заалтыг УИХ хүчингүй болгосон. Учир нь “Рио Тинто” Олон улсын валютын санд шахалт үзүүлсэн байдаг. Хүчингүй болгосон 30 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж та үзэж байна. Яг ямар заалттай зөрчилдөж байгаа вэ?

-Дөрөвдүгээр сарын 14-ний 29 дүгээр тогтоолд нэг чухал заалт ороод байгаа нь гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн борлуултын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулах гэсэн байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл гэхээр ганц Оюу толгой гэж яриад байгаа юм. Энэ биш шүү дээ. “Бороо гоулд” орж байна. Цаашид хөдлөх Тавантолгой ч орно. Тиймээс Монгол Улс цаашид энэ бодлогыг баримтлаад явахдаа яаж ажиллах вэ гэдэг асуудал байсан. Гэтэл тавдугаар сарын 4-ний өдөр 30 дугаар тогтоол гараад, энэ тогтоолын 11 дэх хэсэгт заасныг хүчингүй болгочихсон.

Би хоёр үндсэн зүйл дээр гомдол гаргаж байгаа юм. Нэгдүгээрт, процесс буруу байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачилдаг. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар хууль санаачлагч нь хууль болон бусад шийдвэрийн төслийг боловсруулахыг нарийвчлан заагаад өгчихсөн байгаа. 29 дүгээр тогтоол бол процессын дагуу батлагдсан. 30 дугаар тогтоол нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн байнгын хороонд хандаж ганц албан тоот илгээгээд, тэрнийх нь дагуу байнгын хороо хуралдаад, УИХ баталчихаж байгаа юм.

-Сангийн сайд чинь Засгийн газрын гишүүн шүү дээ?

-
Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүн мөн боловч хууль санаачлагч биш. Түүний албан бичгийг байнгын хороо хүлээж аваад өргөн мэдүүлээгүй. Уг нь төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд явах ёстой. Гэтэл ганцхан Б.Чойжилсүрэнгийн бичгээр шийдээд байхгүй болгочихож байгаа юм. Процессын маш том алдаа. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гээд Монгол Улсын Үндсэн хуульд заачихсан байгаа юм. Мөн эдийн засгийн бие даасан байдлыг хангах замаар Үндэсний Аюулгүй байдлаа хамгаалах тухай үзэл санаа Үндсэн хуульд тодорхой байгаа. Гэтэл Олон Улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл хуралдахгүй, манай хүсэлтийг хойшлуулчихлаа гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй Олон Улсын гэрээг дагаж мөрдөхгүй гэж.  Энэ бол Олон Улсын гэрээ биш л дээ. Гэхдээ “энэ таалагдахгүй байна” гэж хэдэн хүмүүс хэлэхээр эдийн засгийн хараат бус бие даасан байдлаа хадгална гэсэн үзэл санаагаа зөрчөөд шийдвэрээ гаргаж байна. Монгол төр ийм байж болохгүй. Хууль тогтоох байгууллага хэн нэгний захиалгаар процессоо зөрчин байж шийдвэр гаргаж болохгүй. Энэ бүх ажиллагаа Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байгаа юм.

-Та яагаад УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хандсан юм бэ?

-Иргэн хүн учраас надад мэдээлэл хэрэг болж байна. Тиймээс Ардчилсан намын бүлэгт хандаж өргөдөл гаргасан. Бүлгийн хурлаар шийдээд, надад нааштай хариу хэллээ. Би ганцхан энийг хэлээд байгаа юм биш. Ц.Даваасүрэн гишүүн маш зөв байр суурь гаргасан. Асуудлыг ингэж шийдвэрлэж болохгүй, хууль зөрчөөд байна гэж хэлсэн. -Хэзээ Цэцэд хандах вэ? -Мэдээллийнхээ загварыг биччихээд байж байна. Шаардлагатай баримт материалаа бүрдүүлээд, энэ сарын 24-нд Үндсэн хуулийн Цэцэд хандана. 
 
УИХ ДОТОР УЛС ОРНОО БОДДОГ ГИШҮҮД БАЙГАА ГЭЖ БОДДОГ

-Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хэдий хугацаанд авч хэлэлцээд танд хариу мэдэгдэх вэ?

-Маргаан үүсэх эсэхээр 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Тэгээд цаашаа үргэлжлээд явах байх. Улс орны эдийн засаг хүнд байгааг ойлгож байна. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах ёстой юу гэдгийг ч ойлгож байна. Үүнийг ерөөсөө эсэргүүцээгүй. Гэхдээ өнөөдөр яагаад хууль тогтоомжоо зөрчөөд шийдвэр гаргаж байгаа юм бэ. Сангийн сайдын ганцхан бичгээр шийдэж болохгүй. Үүнээс хойш хууль санаачлах эрх нь хэнд хадгалагдаж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй болж байна. Дараа нь Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд нэг бичиг оруулаад өгөхөөр байнгын хороо нь хуралдаад шийдвэр гаргаад байх юм уу. Ийм жишиг тогтоож болохгүй. Энэ нь Үндсэн хуулийг хямралд хүргэнэ. Бид хуульгүйдээ биш, хуулиа хэрэгжүүлэхгүйд л байгаа юм.

-Уг нь тэр тогтоол нь “Рио Тинто”-д хамааралгүй юм билээ?

-Яг зөв. Тогтвортой байдлын гэрээ гэдэг нь тухайн гэрээ байгуулж байх үеийн татварын орчин, санхүүгийн нөхцөл байдлыг төрөөс яаж зохицуулсан зохицуулалтаа хэвээр үргэлжүүлнэ гэсэн гэрээ. Үүнийг эд хийчихсэн. Бид Оюу толгойг дийлэхгүй байгаа. Дийлэхээсээ ч өнгөрсөн. Энэ алдаагаа бид давтмааргүй байна шүү дээ. Үндсэн хуульт ёсоо дэвсэлж байгаад зээл авах ёстой юм уу. Энэ хуулийг гажуудуулж байгаа тогтолцоог ашиглаж, манай эдийн засгийг нураа, улс орныг самрах үүд хаалгыг нээж өгөөд байгаа юм биш үү гэсэн асуудал гарч ирж байна. -Хэрвээ ҮХЦ хууль зөрчсөн үйлдэл байна гэсэн дүгнэлт гаргавал, дараа нь ямар процесс явагдах вэ? -Цэц дүгнэлтээ гаргана. Мэдэж УИХ үүнийг хүлээж авах эсэхээ шийднэ. УИХ дотор улс эх орноо боддог гишүүд байгаа гэж бодож байна.
 
Эх сурвалж: medee.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна