Доржшүгдэн бол САХИУСНЫ ТӨРӨЛ ОЛСОН бодит хүн

17 цаг 39 минутын өмнө

Энэ бурханы хэрхэн төрсөн түүх нь нэлээд анхаарал татдаг.

Y Далай лам Лувсанжамцыг Төвдийн шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжлөн Гандан – Потан ордныг Засгийн газар болгожээ. Энэ цаг дор Бүрлэгү Дагважанцан хэмээх ламын нэр алдар, эрдэм номын чадал газар бүхэнд түгэн алдаршиж, түүний ордон руу мөргөлчдийн цуваа тасардаггүй, өргөсөн өргөл барьц нь хашаандаа багтахгүй болдог байв. Цагаан сарын шинийн 15 хоногт хурдаг “Лхасын их ерөөл” хуралд Төвдийн өнцөг булан бүрээс хэдэн түмэн лам хувраг цуглажээ. Их хуралд Y Далай лам, Бүрлэгү Дагважанцан нар залрахад бүх лам, мяндагтангууд Бүрлэгү Дагважанцан ламд илүү өндөр ширээ олбог засаж, машид хүндэтгэж байсан гэдэг.

Энэ байдалд Y Далай ламын шадарууд, шавь нар, бараа бологсод, улс төрчид дургүйцэж атаархан хорсож эхэлжээ. Төвдүүд Засгийн газар, Далай ламынхаа нэр сүрийг хамгаалахын тулд Бүрлэгү Дагважанцан ламыг хорлох арга сүвэгчилж, дэсрэд Содномравдан, дэсрэд Содномбамбуу тэргүүтэй 10 ламыг явуулжээ. Дагважанцан ламын ордонд очтол шавь нар, бараа бологч нар байхгүй, ганцаараа орон дээрээ сууж байсан гэдэг. Мэсээр Дагважанцан ламын бие рүү 8 удаа хутгалсан боловч хатгасан газарт нь мэлмий бий болж гарч ирээд байжээ. Бүрлэгү Дагважанцан “та нар 9 дэх удаагаа хатгах юм бол би хэнд ч дийлдэхгүй чөтгөр болж хувирах учраас та нар нинж сэтгэлээр манай Дамдинчойжоо сахиусан дээр буй эрээн хадгийг авч миний хоолой руу чихэж албал дийлнэ. Би одоо болоод өмнөх олон төрөлдөө “зэвсгийн хуяг” гэдгийг бясалгасан тул мэсээр намайг хороож дийлэхгүй” хэмээв. Ингээд Бүрлэгү Дагважанцаны хоолой руу хадаг чихэж 49 насанд нь хороожээ.

Энэ аллагын дараа Төвдийн Лхас даяар аймшигт үзэгдэл гарч Y Далай ламын эргэн тойрны хүмүүс өөрсдийгөө егүүтгэх, Гандан-Потаны цонхоор үсэрч унах, галзуурч солиорох зэргээр өдөрт 40 орчим хүн хорвоог орхиж байв. Дагважанцан ламыг хэрцгийгээр бүрэлгэх үед таалал нь догширч урьдын ерөөл нь бүрдээд сахиусны төрлийг авсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, энэтхэг, монголчуудын шүтдэг Ганеш буюу Цогдогмарав хэмээх тэнгэр бурханы хүү Доржшүгдэн сахиус болон төрөл олжээ.

Y Далай лам, бусад толгой лам нар Доржшүгдэн сахиусыг “буг” хэмээн үзэж лүйжин, дэнсрэг, сор гээд бүхий л хатуу үйлээр дарах гэж оролдоод дийлээгүй гэнэ. Ийнхүү дийлэхгүйгээ мэдээд Доржшүгдэн сахиусыг Y Далай лам өөрөө “Та бол ариун тангарагтай үнэхээр шашны сахиус мөн байна” гэж хүлээн зөвшөөрөөд магтаал, өчил ном бичиж зохиогоод Лхасын ойролцоох Дол нутгийг “Доржшүгдэн сахиусны орон” болгож дархалснаас хойш “Долийн хаан” хэмээн алдаршжээ. Ийнхүү шүгдэн сахиус амирлаад шашныг хамгаалан сахих болжээ.

Доржшүгдэн сахиус мутартаа зүрх барьсан байдаг ба энэ нь анх Сажийн богд уулнаа бясалгал хийгчид дээр очиход өгсөн замбаа гурилыг тосож авангуут зүрх болон хувирсантай холбоотой аж. Хар морь хөлөглөн, номт дээл өмсөөд, алтан малгай тавиад, духан дээрээ илүү мэлмийтэй заларсан тул “Хар морьтой шүгдэн” хэмээдэг байв. Доржшүгдэн сахиус нь заларсан нутаг уснаасаа ганц ишигний гарз гаргалгүй хамгаалдаг, харийн хүн шүтэж чадахааргүй, Монгол нутагт үр өгөөжөө өгдөг сахиус шүтээн хэмээн ард түмний дунд шүтэгдэн иржээ. Хожим шарын шашин тосож аваад даллага айлдлага үйлдсэнээр арслан хөлөгтэй болжээ. Анх тодорсных нь дараа бүтээж урлахдаа лагшин биенд нь олон мэлмий дүрсэлдэг байв. Их догшин сахиус тул улам догширно хэмээн үзээд хожим мэлмийгүй бүтээх болжээ.

1908 онд YIII Богд гэгээн Чойжин ламын сүмийг байгуулж “Хар зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгаланг урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр чойжин, Найчин чойжин, Доржшүгдэн хэмээх 3 их чойжингийн өмнөөс чойжин буух, төр шашны зан үйл явуулдаг хаалттай сүм болгосон түүхтэй. YIII Богд гэгээн “Монголын маань мал, эд баялаг нэлээд доройтох нь. Ганеш буюу Цогдогмаравыг бүтээлгэе” хэмээн гүйцэлдүүлсэн нь эдүгээ Богд хааны ордон музейн Уран зургийн сүмд залагдсан байдаг.

1970 оны үед XIY Далай лам Доржшүгдэн сахиусыг “муу зүгийн ландрам” хэмээн шүтэхийг тас хоригложээ. Үүнээс үүдэн шарын шашинд томоохон хагарал үүсэж, Гүридаваа Рэнбүчэ Дарамсалагаас хөөгдөн Балбад амьдарч байгаад Монголыг нээлттэй болонгуут морилон ирснээр Монголд Доржшүгдэн хүчээ авчээ.

1996 оны 3-р сарын 30-нд Энэтхэг дэх Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын зарлиг гарч Доржшүгдэнд мөргөхийг хориглосон байна. Энэ үед төвд дүрвэгсдийн хороололд үймээн самуун дэгдэж, олон арван шүтэгч нарыг илрүүлэн баривчилж, тэдний гэрэл зургийг тарааж хар дансанд оруулжээ. Доржшүгдэнгийн судрыг хураан авч устган, “Төвдийн гадаад дотоод дайсныг дарах нийгэмлэг” байгуулан бага насны хоёр хувилгааныг алсан тухай мэдээг Швейцарийн SF1 телевиз 1998 оны 1-р сарын 6-нд дэлхийд цацжээ. Энэтхэгийн шүүхэд хүртэл Доржшүгдэнг шүтэгч тал, эсэргүүцэгч талууд шүүхдэлцэж байсан түүхтэй.

1996 он хүртэл Доржшүгдэн сахиусыг шүтэж, магтаал залбирал хүртэл зохиож явсан XIY Далай лам 1959 онд Хятадаас зугтан гарахдаа Найчин чойжин, Доржшүгдэн буулгаж зам мөрөө асуулгажээ. Найчин чойжин “төвдүүд та нар аюулгүй, бид тэнгэрээс цэрэг явуулан Төвдийг аврах болно, та байж бай” хэмээн айлдсан бол Доржшүгдэн сахиус “.. тэдэн сарын тэдэнд, тийм хугацаанд ингэж тэгэж гарахгүй бол болохгүй” хэмээн айлдсан гэдэг. Ийнхүү Төвдийг Хятадад алдахад хүрэв. Доржшүгдэнг шүтсэнээс болж Төвдийг алдлаа хэмээн Найчин чойжин буудаг гүртэмбэ лам нь хэлжээ. Төвдийн ард түмэн “Таны үед Төвдийг алдлаа, та энх тайвны замаар эргүүлж авна гэсэн, тэгээд одоо яав” хэмээн XIY Далай ламаас нэхдэг болжээ. Үүний хариу болгож Доржшүгдэн сахиусыг буруутгасан гэж шүгдэнг шүтэгч шашны мяндагтнууд үздэг.

1996 онд XIY Далай ламын бүх багш нар таалал болсон тул тухайн үед шийдвэр гаргахад хүнд байсан гэдэг. Доржшүгдэн шүтэгсдийг хятадын тагнуул хэмээн гүтгэн хэлмэгдүүлж Төвдийн ард түмнийг хоёр хуваан бутаргаж нэгдмэл байдлыг эвдсэнээр хятадуудад ашигтайгаар эргэжээ.

Монголын шашны мяндагтнуудыг талцуулан хуваах нь ашигтай ба Монголын буддын шашны хүчийг сульдааж, цаашлаад төвд лам нарыг Монголд олноор суурьшуулах, тэдний эрх мэдэл, эрдэм чадлыг монгол лам нараас дээгүүр байлгахад ашигтай гэж үзсэн.

Доржшүгдэн сахиусын эцэг нь Ганеш буюу Цогдогмарав хэмээх эдийн тэнгэр бурхан бөгөөд үе уламжилсан догшин сахиусны хүч чадал оршиж байдаг. "Доржшүгдэн сахиусыг шүтвээс түргэхэн зуур ихэд баяжиж үхэхдээ муугийн дээдээр үхээд сүнс нь тамд унадаг" гэх цуурхалыг Төвдөөс гарсан яриа гэдэг.

Бурханы шашин нь хамгийн ардчилсан шашин тул энэхүү Доржшүгдэн сахиусыг шүтэх, эс шүтэх эсэх нь хүмүүсийн сайн дурын хэрэг юм. Ум базар биги битана суха.

Эх сурвалж: Зава Дамдин ренбүчэ – ярилцлага /Зураг нь Чойжин ламын сүм музейн Занхан сүмд залагдсан дүр/



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.240
    2023/03/24

    Бүрлүгү буюу номын лагшин олсон хүн таалал барвал хэзээ ч буг бол хүн хорлохгүй. Өөр бун бсан болоол хүн алах бх шүгдэн сахиус шүтэгчид д гоё storytelling тэй бх гэж мундаг хүний нэрийг бузарладаг бх

    Хариулах