ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 3 дахь шатны хэлэлцээрийн үр дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб нар өнөөдөр танилцууллаа.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2018 онд 5 орчим хувиар, 2019 онд 6.3 орчим хувиар өсөх төлөв ажиглагдсан байна. Эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд сайжирсан тул ОУВС-тай тохирсон зарим арга хэмжээг эргэн харах, дахин ярилцах шаардлагатай гэж үзэн яриа хэлэлцээр хийж, дараах асуудлаар тохиролцоонд хүрчээ.
Үүнд:
- ХХОАТ-ын нэмэгдлийг хуучин хэвэнд оруулж 10 хувь болгох
- Шатахууны онцгой албан татварыг тэглэх: АИ-80, АИ-92 түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх
- Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох: Тэтгэврийн насыг хуучнаар буюу эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр ажилладаг 45-55 настай даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэх, Үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг жилд 6 сараар нэмж байсныг 3 сар болгох
- Тэтгэвэр тогтоолгох дараалсан 5 жилийг 7 болгох
- Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны дөрөвдүгээр улирлаас нэмэх
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "МУ-ын Засгийн газар ОУВС хамтарсан хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт эерэг үр дүн гарсан тул дөрвөн шатлал бүхий татварыг нэг шатлалтай болгож өөрчлөн хэрэгжүүлэхээр УИХ-аар батлууллаа. Яагаад гэвэл үүнтэй холбоотойгоор татвараас зайлсхийх, зарим аж ахуйн нэгжүүд дахин бүртгэлтэй болох сөрөг байдлууд гарч эдийн засгийн ил тод байдалтай зөрчилдөж байгаа тул ийнхүү өөрчилж байна. Хоёрдугаарт, тэтгэврийн насыг олон жилийн дунджаас өндөр тогтоох нь шударга бус гэж үзсэн тул сонголт хийх боломжтой болсон. Гуравдугаарт, цалин нэмэх тухай асуудлыг ОУВС-тай ярилцаж тохирсон. 2018 оны дөрөвдүгээр улирлаас инфляцийн төвшинтэй уялдуулан цалинг нэмнэ" гэв.
Мөн ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жеофф Готлеб “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол чухал зүйл бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт байлаа. Эдийн засгийн өсөлт сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой ч Засгийн газраас тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч чадсан гэдгийг онцолж хэлмээр байна. Гэхдээ эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид эерэг хэвээр хадгалагдана гэх баталгаа болж чадахгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа” гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна