Битүүний өдөр битүүлэг үйлдэж, нэгэн бүтэн жил битүүрэн төгсөж байна гэж үздэг

2018/02/15
Дорно дахинд шинэ оны баярыг өрнөдөөс арай хожуу тэмдэглэж эхэлжээ. XIII зуунаас өмнө Монголчууд шинэ жилийн баяраа намар цагт тэмдэглэж “Сүүн сар” хэмээн нэрлэж байв. XIII зуунаас эхлэн “Хувь сар буюу Цагаан сар” гэж нэрлэж заншсан бөгөөд энэ тухай  “Монголын нууц товчоо”, “Хуа И Ю”, “Цагаан түүх” зэрэгт тэмдэглэжээ. 

Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой аж. XIII зууны эхэн  улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулгана цагт дээшилж биеэ ариутган шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёсолж Өүлэн эхдээ мөргөн золгож, дараа нь төрийн их ордондоо залран анхилам үнэртэй арц хүжийг багцаар шатаан зуун түшмэл гурвантаа мөргөн их ёслол үйлджээ. 

Түүнээс хойш 1216 оны хулгана жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмрөгөөс мянган лан алт, түмэн лан цагаан алт гаргаж харъяат улсын 60-аас дээш настай хүмүүст хувь хүртээжээ. Чингис хаан ийнхүү цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. 

Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан Тангудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтоожээ.     

Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар хэмээгдэж,  цагаан идээний зүйл “цагаа” гэдгээс “Цагаан сар” гэдэг нэр үүсчээ. Малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ, шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон төдийгүй энэ нь мал сүрэгт маш их халгаатай хатуу ширүүн, шуурга шамаргатай өвөл өнгөрч, урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлгэддэг ажээ.    

Хубилай хааны ордонд олон жил суусан Венецийн элч Марко Поло монголчуудын Цагаан сарын баярын тухай тэмдэглэн үлдээхдээ “Энэ өдөр хээ угалзтай тохош нөмөргөж, алт мөнгөөр чимэглэсэн гоё сайхан  авдар сав ачсан заанууд болон бэлэг сэлт бүхий зүйлийг ачсан тэмээн жин хааны ордонд хүрэлцэж ирнэ. Баяр ёслол үйлдэж, бэлэг сэлт барьсны дараа найрын ширээ засч, бүх хүн найрлаж цэнгэнэ. Хоол унд барьж дууссаны дараа илбэчин, бүжигчин ирж, ордныхныг цэнгээн хөгжүүлэх ажээ. Мөн ийм баяр ёслолын үеэр их хаадын өмнө сургуультай арслан авчрах бөгөөд тэр нь эзнээ таньсан ноход мэт хааны хөлд цагираглан хэвтээд өгнө” гэж бичсэн байдаг.    

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм.     

Битүүний өдөр ба битүүлэг ёс: Их төлөв өвлийн сүүл сарын гучныг “битүүн” гэнэ. Энэ өдөр тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэлтэй бөгөөд Монголчууд энэ өвлийн адаг сарыг “Лавай сар” гэдэг. Ийнхүү саргүй харанхуй битүү байхыг нэгэн бүтэн жил битүүрэн төгсөж байна гэж үздэг. Энэ өдөр айл болгон гэр гэртээ тухайн жилийн эцсийн хоол зоог барьж “битүүлэг” үйлдэх бөгөөд өнгөрөн одож буй оноо битүүлэн төгсгөж буй ёс юм. Битүүний өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлгэдэж буй явдал юм.    

Битүүний өдрөөс өмнө өр шир, өглөг авлагаа дуусгаж, бусдаас зээлсэн мөнгө, эд мал байвал эргүүлэн өгч, урьд хэрэлдэж эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзан учирч эв эеэ засдаг. Айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо шороо тоосыг гүвж, утаа хийг цэвэрлэн малынхаа хот хороог засаж цэмцийлгэдэг. Хоточ нохойныхоо уяа хүзүүвчийг хүртэл сольж шинэтгэдэг. Эрчүүд нь хүлэг сайн морьдоо барьж хур дэлийг нь засдаг. Эмэгтэйчүүд нь идээ будаагаа засаж өмсөж зүүх хувцас хунараа цэгцэлж шинийн нэгний өглөөг угтахад хэрэгтэй зүйлсээ бэлдэж тавина.    

Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулсны дараа гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж, сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээнэ. Зүүн тотгон дээрээ өргөс бүхий харгана шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаана. Эрүү хэлийг нь заагаагүй битүү толгой чанаж бурхандаа тахил болгон өргөж хамар, чих, эврийн уг, нүх сүв, хотгор хэсэгт шар тос түрхэж тавьдаг. Бурхан шүтээндээ зул хүж барина. Гэрийн хүмүүс бүгд шинэ дээлээ өмсөж идээ будаа бүхий ширээнээ сууцгааж, гэрийн эзэн битүүрэх зан үйлийг эхлүүлнэ. Битүү чөмөг таших өвөрмөц заншил үйлдэж, айл хөршийнхөндөө бууз баншнаасаа хүргүүлдэг. Идээ будаанаас цадтал идсэний дараа тоглоом наадгай тоглоно. Битүүний өдөр олон айл хэсэж тэнүүчлэх, хүүхдээ зодох, нохой гаслуулах, гэрийн дотор гаднаас хашгичин ярилцах, юм зажилж гадаа гарах, амаа арчихгүй гарах, онц яаралтай бус өвчинд эм тан уухыг цээрлэдэг. Албан байгууллагууд битүүний өдөр тамга тэмдгээ хэвтүүлэн тавьж “тамга амраах” ёслол хийдэг.       
Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна