Гишүүн асанд ажилгүйдлийн тэтгэмж олгохыг эсэргүүцэх нь УИХ-д баячууд л суухыг хүлээн зөвшөөрсөн хэрэг

Х.Батсайхан
3 цаг 11 минутын өмнө

-Жагсаалт, тойргоос сонгогдсон гишүүдийг зааглах уу-

УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэсэн заалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.

2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй, нэр дэвшээгүй 38 гишүүний 32 нь тэтгэмжээ авахаар хүсэлт өгсөн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгсөн, тэр дунд нь манай улсын толгой баячууд багтсан нь ойлгомжтой байсан /Өмнөх Парламентын 76 гишүүн бүгд тйоргоос сонгогдсон тул/ явдал үүнд нөлөөлсөн. 

Гэхдээ юманд учир суманд гичир гэж үг бий. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2020 оны сонгуулийн дараа баахан баячуудыг дэд сайд сэтэр зүүлгэн улс төрд оруулж ирэхээс өмнө УИХ-д төрийн албан хаагчид ихэнхдээ сонгогддог байсан. Одоо үйлчилж байгаа хуулийн заалт тэр үед буюу 1997 онд батлагдсан.
Н.Энхбаярын эхлүүлсэн улс төр-бизнес нэгдэх үйл явц олигархи төрөх боломжийг бүрдүүлж, улмаар сонгуулийн хуульд тусгалаа олсноор Парламентад дандаа баячууд суух болсон юм.

Одоо үйлчилж буй Сонгуулийн тухай хуулиар бол УИХ-ын гишүүнээр заавал маш өндөр орлоготой хүн хүн л сонгогдох боломжтой. 

Тиймээс УИХ-ын гишүүнд ажилгүйдлийн тэтгэмж олгохыг эсэргүүцэж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ бид чинь энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө явж байгаа улс. Эхний алхмаа хийгээд тун удаагүй байна. 

2024 онд бид 126 гишүүнтэй Парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлснийг мартаж болохгүй. Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлт нь салбар бүрийн төлөөлөл, ард түмний шаардлагаар бол жирийн сэхээтнийг УИХ-д оруулж ирэх боломжийг олгох явдал байсан. Одоо УИХ-ын гишүүнд нийгмийн халамж хүртээхийг эсэргүүцээд байгаа ард түмний шаардлагаар энэ өөрчлөлтийг хийсэн. Үр дүн нь одоогийн УИХ. 

Яг ажлаа хийж байгаад ороод ирсэн хүн энд олон байгаа. Цаашдаа жгасаалт гэлтгүй, тойргоос төрийн хар хүн сонгоддог болох боломж бүрдүүлэхийг зорих ёстой. Энэ том үзэл санаагаа үйлдлээр үгүйсгээд байж болохгүй. 

УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дүгээр заалтыг эсэргүүцэх, УИХ-ын гишүүнээр ажилласан хүн нийгмийн ямар нэг үйлчилгээ авах эрхгүй болгохыг шаардах зэргээр туйлшрах нь нэг талаараа УИХ-д дандаа баячууд сонгогддог тааруу жишгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. 

Тэр улсаасаа баян гишүүд хүсэлт өгсөн нь хувь хүнтэй холбоотой асуудал. Ер нь баячууд нийгмийн даатгал ч төлдөггүй юм биш үү гэсэн гэсэн судлагдахуун болж харин мэднэ. 

Тиймээс, УИХ-ын сонгуулийн тухай хуульд ялангуяа тойргоос мөнгөтэй хүн л сонгогдох нөхцөл тулгасан нь үнэн учир УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д тойргоос болон жагсаалтаас сонгогдсон гишүүдийг зааглах өөрчлөлт оруулж өгч болох юм. 

Тодруулбал, уг заалтыг жагсаалтын гишүүдэд үйлчлэхээр болгож түр өөрчлөөд "Мөнгөтэй хүн л УИХ-д сонгогддог" олигархиудын бодож олсон хуулиа засаж залах тийшээ анхаарсан нь л зөв болов уу.

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.248
    15 минутын өмнө

    Эвий минь дээ хагараад үхчих вий энэ хүмүүс мөнгө хулгайлна цавчаа хэрчимээ хуваана тэгээд дээрээс нь мөнгө авна.Энэ арай хэтэрнээ энэ хулгайчуудыг зогсоох хүч үнэндээ алга гэж үү? бысда

    Хариулах
  • 202.70.44.46
    58 минутын өмнө

    Шуналын дон шүглэсэн улсууд юм аа, өөрсдөө өөрсөддөө хуулиар тэтгэмж гаргаж болохгүй, шийдвэрийг цуцлах хэрэгтэй

    Хариулах
  • 203.217.139.240
    1 цагийн өмнө

    Цалингаасаа гадна сард 30 сая төгрөг авч зарцуулж байж өлөнтөөд байдаг новшнууд юмаа.

    Хариулах
  • 202.9.46.93
    1 цагийн өмнө

    Тэнэгтээч.

    Хариулах
  • 103.212.162.66
    1 цагийн өмнө

    Яагаад заавал тэтгэмж авах ёстой гэж. Тодорхой хэмжээний оюуны чадамж, хөдөлмөрийн чадвартай хүмүүс улсын ажлаа дуусгаад өмнөх хийж байснаа хийгээд явна биз. Заавал нэг сул мөнгө хусч байх санаа бодлоо одоо энэ төрд ажиллаж байгаа хүмүүс толгойноосоо авч хаядаа.

    Хариулах