Гал зогсоохоор тохирсноос хойш Газын зурваст 73 хүн амиа алдаад байна

Zuv.mn
2 цаг 56 минутын өмнө

АНУ, Катарын зуучлалаар явагдсан Газын зурваст гал зогсоох хэлэлцээр амжилттай болж, талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар бид өнөө өглөө мэдээлсэн билээ.

Тодруулбал,

Гэрээ гурван үе шаттай хэрэгжинэ.

Эхний шат

Эхний шат нь зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багтаан талууд гал бүрэн зогсооно. ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсээ суллана. Эхний шатанд суллах хүний тоо нь тодорхлйгүй ч хэвлэлийн бага хурал дээр Катарын Ерөнхий сайд 33 хүн гэж дуугарсан гэнэ. Энэ тоонд хүүхдүүдийг оролцуулах бололтой.

Харин Израилийн цэргүүд энэ хугацаанд багтан Газын зурвасын хүн ам суурьшсан бүсээс гарах гэнэ. Өөрөөр хэлбэл, орон гэрээ орхин дүрвэсэн 2.3 сая палестинчууд гэртээ харих боломж бүрдүүлнэ.

Түүнчлэн Газад хүмүүнлэгийн тусламжийн хүргэлт нэмэгдэж, өдөр бүр хэдэн зуун ачааны машин нэвтрүүлэх боломжтой болно.

Хоёр дахь шат

Эхлээд гал зогсоосны дараа илүү нарийн төөвөгтэй асуудлууд руугаа орно. Өнөөдрөөс бараг хэлэлцээд эхэлж  байгаа юм байна. Энэ үе шатанд дахин мөргөлдөөн гарахгүй байх, дайныг нэгмөсөн дуусгах асуудалд төвлөрөх бөгөөд тохиролцоонд хүрвэл Палестины тал барьцаалсан бүх хүнээ суллана.

Израиль мөн 1000 орчим /Тоо бүрэн тодорхой болоогүй байгаа/ палестин хоригдлуудыг суллана.

Израилийн цэргүүд Газын зурвасаас гарна.

Гурав дахь шат

Гурав дахь бөгөөд эцсийн шат нь Газын зурвасыг сэргээн босгох бөгөөд олон жил үргэлжилнэ. 

Гэрээг албажуулахын тулд Изралийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Парламентаар баталгаажуулах ёстой, ням гараг гэхэлд амжуулна гэсэн чихэнд чимэгтэй мэдээлэл цацагдаад байлаа.

Гэтэл өнөө өглөө Израилийн тал Газын зурваст агаараас цохилт өгч 73 хүний амь нас үрэгдсэн, амиа алдагсдын дунд 20 хүүхэд, 25 эмэгтэй байсан  гэсэн мэдээлэл олон улсыг цочроогоод байна.

Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху хэлэлцээр амжилттай болсныг зарлах үеэр хийсэн мэдэгдэлдээ “Зарим нэг тодорхойгүй асуудал байгаа” анхааруулж байсан ч “Ямартай ч гал зогсоохоор тохирсон, нарийн ширийн асуудал байгаа ч гал зогссон байдалд явагдана” гэсэн болохоор олон нийт төдий ач холбогдол өгөөгүй юм. Тэгвэл Изралийн өнөөдөр өгсөн цохилт тодорхойгүй гээд байсан асуудал нь нэлээд ярвигтай болохыг харууллаа.

Цохилт болж, хүмүүс амиа алдсаны дараа олон нийтийн зүгээс Бениамин Нетаньяхуг ХАМАС-ыг гэрээний тодорхойгүй заалтууд дээр буулт хийлгэхийн тулд албаар хүмүүсийг аллаа гэж буруутгах хандлага гарч байна. Хэлэлцээрийг Израилийн Засгийн газар, Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх асуудал ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Бениамин Нетаньяху цохилт өгснийхөө дараа буруутгалыг ХАМАС руу чиглүүлэхийг оролдож, “ХАМАС” хэлоэлцээр хийхээс татгалзсан” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн ч ХАМАС хариу мэдэгдэл хийн, хэлэлцээрийг амжилттай болгохын тулд тууштай зогсоно гэдгээ илэрхийлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна