ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН БАЙР СУУРЬ: НӨАТ-ын хувь хэмжээ, буцаалт, босго

Zuv.mn
13 цаг 14 минутын өмнө

НӨАТ-аас Улсын төсөвт орох орлого 2024 онд 6.5 их наядад хүрч, эрх баригчид энэ онд 7.6 их наядаар тооцон төсөвт суулгасан билээ. Өөрөөр хэлбэл, ил гарах, бүртгэлд хамруулах эдйин засаг цаана нь байсаар байгаа гэдгийг энэ төлөвлөлт харуулсан. Гэвч нөгөө талаар, 6.5 их наядыг бүрдүүлсэн ААН-үүд дарамтад орж, 7.6 их наядын бүрдүүлэлт худлаа болж мэднэ гэсэн болгоомжлол байгаа. Өөрөөр хэлбэл, ААН-үүд жижигрэх, татвараас зугтах, бүр дампуурах гэсэн сөрөг үзэгдлүүд 2025 онд ихээр гарах вий гэсэн айдас бодитой байна. Ялангуяа хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жижиг бригад, хамт олон цалинжуулдаг иргэд маш хүнд байдалд ороод буй. 

Нөгөө талаар, НӨАТ-ын хувь хэмжээ 10 хувь байгаа ч буцаан олголтын хэмжээ бага /үнийн дүнгийн хоёр хувь/ учир ААН-үүд багахан хэмжээний буюу таван хувийн хямдрал санал болгох замаар НӨАТ-аас бултах байдал хавтгайрч буй. 

НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгчид байдаг тул талбай дээр татвар өндөр байна, буулга хэмээн жагсаж буй иргэдийн бухимдах болсон шалтгаан нь үндсэндээ НӨАТ юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, гишүүн Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг нар НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгож бууруулах хууль санаачлан УИХ-д өргөн барьсан.  

Засгийн газар үүнээс өмнөхөн татварын хувь хэмжээг эргэж харах чиглэлийг "ААН-үүдийн хүсэлтээр" гэсэн тодотголтойгоор Сангийн яаманд өгсөн юм. 

Товчхондоо, НӨАТ яг одоо олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс Зөв.мн сайт НӨАТ-ын талаарх иргэдийн байр суурийг тандлаа. Ингэхдээ хувь хэмжээ бус, тухайн татварыг иргэд юу гэж бодож байгааг харуулахыг зорив. 

НӨАТ бол “Хэрэгтэй” эсвэл “Хэрэггүй” гэдэг дээр дэлхийн том эдийн засагчид санал зөрдөг хүнд сэдэв. Тийм ч учраас олон нийтийн ойлголт бага. Гэсэн ч энэ асуудал дээр татвар төлөгчдийн байр суурийг сонсох нь зөв гэж бодоод бизнесийн салбар, эргэлтийн хөрөнгө нь ялгаатай олон хүнтэй уулзсан юм.

Татвар төлөгч бол аль болох татвар төлөхгүй байхыг хичээдэг, тиймээс “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэсэн хариулт жин дарна гэж бодож байснаа нуугаад яахав. Гэтэл төлөхгүй гэсэн хүн бараг байхгүйтэй адил байсан нь эерэг сэтгэгдэл төрүүлснийг энд онцлох нь зүйтэй болов уу. Гэхдээ багагүй хэсэг нь "Нэг бол бүгд төлье, үгүй бол бүгд больё" гэдэг байдлаар, шударга ёс эрэлхийлэн хариулж байгаа байдал ажиглагдсан.

Харин сөрөг тал нь гэвэл татвар төлөгч эзэд, тэр ч байтугай байгууллагын нягтлангууд хүртэл НӨАТ-ынхаа учрыг сайн ойлгоогүй байдаг юм байна.

Энэ асуудлаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ерөнхийд нь гурав ангилж болмоор санагдлаа.

Нэгдүгээрт, “Босгогүй болгох хэрэгтэй” гэсэн хүн ихэнх нь байна. Тэд бол НӨАТ-ыг яг л анх гарч ирсэн үндсэн зорилгоор нь төлж, буцааж авах эрмэлзэлтэй шударга нөхдүүд байсан.

Хоёрдугаарт, босго тогтоох хэрэгтэй гэж үзэгсэд буюу “100 сая, 250... сая болгох хэрэгтэй” гэж хариулсан хүмүүс цөөнгүй байлаа. Тэд ихэвчлэн өөрсдийн аж ахуйн нэгжээ НӨАТ-ын гадна үлдээх санаа агуулж байв.

Гурав дахь нь буюу хамгийн цөөн нь “НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй” гэж үзэгсэд байлаа. Босго тогтоочихвол том аж ахуйн нэгж нь хохироод жижигүүд нь далд эдийн засгийг бий болгоно, мөн өсч яваа ААН-үүд холдинг болж задардаг сөрөг хандлага улам ихэснэ гэдгээр өөрсдийнхөө саналыг зөвтгөж байсан.   

“Жижиг аж ахуйн нэгжүүд бараа үйлчилгээндээ НӨАТ-аа шингээж чаддаггүй. Үйлчлүүлэгч, худалдан авагчдын амьдралын түвшин харьцангуй доогуур учир НӨАТ-ын 10 хувь нэмэхэд борлуулалтад нөлөөлөх жишээтэй. Гэтэл НӨАТ-ыг иргэдийн ихэнх нь авч чаддаггүй учир тэр мөнгө улсын орлого болдог, аль эсвэл орлогоо нууж чадсан ААН-ийн орлого болдог.

Тиймээс иргэдийг ингэж шулж байснаас бүр үгүй болгоод 10 хувийн татвараа яс авъя" гэсэн санаатай хүмүүс мөн НӨАТ-ыг үгүй болгох хэрэгтэй гэж үзэж байна.

НӨАТ илүү төлөлттэй бол улс буцааж барагтай бол өгдөггүй мөртлөө дутуу төлөлттэй байхад алданги тооцож төлүүлдэг нь таалагдахгүй байгаа учраас байхгүй болгоно гэх хүн байсан. Энэ хүн нь багавтархан байгууллагын нягтлангуудын төлөөлөл байсан юм.

НӨАТ-ын талаар иргэд ийнхүү гурван янзын  байр суурийг илэрхийлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна