Ерөнхийлөгч үндэсний номын сангийн өргөтгөл барих асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлэв

2018/09/10
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Анх 500 мянган номтой байхаар төлөвлөсөн уг номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном, судар хадгалагдаж байгаа юм. Үүнээс 1.5 сая нь Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт  өвийг тээж буй юм. Тухайлбал, 1591 онд бүтээсэн Жамбалцанжид гэх цор ганц модон барын нугалбар судар, дэлхийн баримтат өвөөр бүртгэгдсэн “Монгол Шунхан Данжуур”, Богд хааны зарлигийн эх хувиуд зэргийг нэрлэж болох юм. Гэвч уг номын сангийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхгүй бол түүхийн үнэт өвийг тээж буй ном судруудыг хадгалахад хүндрэл үүсч байгаа аж. Өөрөөр хэлбэл номын сангийн барилга хуучирч, хур бороо ихтэй жил ус нэвтрэх болсныг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэлж байлаа. 

Тэрбээр, "2013 онд бид өргөтгөлийн зураг төслийг хийлгэсэн. Үүнд нийт 4.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол бий. Тиймээс өргөтгөлийг нэн даруй барьж, хуучны, үнэт, ховор номоо   шилжүүлэх хэрэгтэй" гэлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Үнэт, хосгүй ном судруудыг хадгалах, хамгаалах нь туйлын чухал. Тиймээс өнөөдөр номын сангийн үйл ажиллагаатай танилцаж байна. Үндэсний номын сангийн шинэ барилга барих асуудал 2012 оноос ярьсан гэх ч хэт удаашралтай байгаа. Мөн өргөтгөлийн асуудал ч ялгаагүй. Тиймээс энэ асуудалд олны анхаарлыг хандуулж, хөрөнгө, мөнгө босгох чиглэлээр ажиллах болно" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна