Нийслэлийн төсвийн орлогыг 990 гаруй тэрбум төгрөг байхаар төсвийн төслийг боловсруулжээ

2018/11/30
Өнөөдөр нийслэлийн 2019 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улаанбаатар хот 2019 онд 990 гаруй тэрбум төгрөгийн орлог төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Үүний 80 гаруй хувийг татварын орлого дангаараа бүрдүүлэх юм байна. Төсвийн орлогыг гурван хэсгээс бүрдүүлдэг. Үүнд татварын татварын бус, тусламжийн орлого багтдаг. Татварын орлогыг 796 тэрбум байхаар, татварын бус орлогыг 144 тэрбум, тусламжийн орлогыг 23 тэрбум байхаар тус тус тусгажээ. Харин ирэх оны төсвийн нийт зарлагыг 269 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Үүнд Нийтийн тээврийн газарт 114 тэрбум гаруй төгрөг тусгасан бол агаарын бохирдлыг бууруулах газарт нэг тэрбум 200 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн байна. Мөн сургууль цэцэрлэгийн их засварт 1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Ирэх онд тохиох ой, баяр наадам зэрэг тус бүрд нь 3 тэрбум төгрөг төсөвлөж нийтдээ 9 тэрбум төгрөгийг тусгасан байгаад зарим төлөөлөгчид шүүмжтлэлтэй хандаж байлаа. Илүү олон чухал асуудал үүсч байгаа энэ үед баяр ёслол, онцын хэрэгцээ шаардлагагүй зүйлд их мөнгө тусгах шаардлагагүй гэж төлөөлөгчид үзсэн юм.

Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 1.9, бичил бизнесийг дэмжих санд 4.3 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Харин 160.3 тэрбум төгрөгөөр хот байгуулалтын, 40.2 тэрбум төгрөгөөр автозамын, 4.7 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр тус тус ирэх оны төсвийн төслийг боловсруулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна