Ногоон тивийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын өрсөлдөөн тун ширүүн өрнөж, улмаар шигшээд өрсөлдөх эхний эрхмээр Испани теннисчин Рафаэль Надаль тодорлоо. Шороон талбайн хааны хувьд Австралийн нээлттэй тэмцээнд ийнхүү 5 дахь удаагаа финалд үлдэж байна. Хамгийн анх 2009 онд Швейцарь Маестро Рожер Федерерийн эсрэг үлдэж, 7-5 3-6 7-6 3-6 6-2 харьцаагаар ялалт байгуулж, цомын эзэн болж байсан. Тэгвэл үүнээс хойш 3 удаа шигшээд үлдсэн ч, Сербийн Новак Жокович, Швейцарийн Стан Вавринка, Рожер Федерер нарт нэг нэг удаа дийлдэж, цомоо алдаж байсан билээ. Тэгвэл энэ жил түүний Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн 10 дахь жил нь тохиож байна. Мөн цом өргөх магадлал хагас шигшээд үлдээд байгаа нөгөө 2 теннисчнээс өндөр байгаа юм. Тэмцээний 6 удаагийн аварга Новак Жокович өнгөрсөн жил бэртэл гэмтлийн улмаас сайн байгаагүй бол Франц теннисчин Лукас Полли Рафаэль Надалийн эсрэг хийсэн тулааны харьцаа тэнгэр газар мэт билээ. Испани эр өчигдөр хагас шигшээн учраа болох Грек теннисчин Стефанос Цицифасийг 3 сетед төвөггүйхэн хожсон байна. 2 теннисчин өнгөрсөн жил Канадын нээлттэй тэмцээний шигшээд үлдэхэд Грек залуу хүчтэй өрсөлдөөн үзүүлж байсан бол энэ удаад тийм ч сайн байсангүй. Шороон талбайн хаан 6-2 6-4 6-0 харьцаагаар буулган авсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна