“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “ Монголын хуульчдын холбооны хүүхдийн эрхийн дэд хороо болон “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран өнөөдөр “ Дотуур байр- Хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд үндэсний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчин нөхцлийг сайжруулахад анхаарах, холбогдох санал зөвлөмж боловсруулж, төрийн байгууллага шийдвэр гаргагч нарт хүргүүлэх юм.
"Бүх нийт боловсролын төлөө!" иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: Дотуур байранд амьдрахаар хүсэлт өгсөн 3000 гаруй хүүхдийг дотуур байраар хангаж чадаагүй байна
"Дотуур байрны асуудал руу орохгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсчихсэн. Дотуур байр гэдэг нь ямар байгууллага вэ гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй байх жишээний л нөхцөл байдалтай байна. Мөн боловсролын бодлогоос орхигдох шинжтэй үйлчилгээ болж үлдсэн бөгөөд төрөөс хараат гэж хэлж болохоор нөхцөл байдалтай байна.
Хүүхдүүд жил бүр ойролцоогоор 9 сарын турш, 260 гаруй хоногийг эцэг эхийн асрамжаас хол амьдарч байгаа нь төрийн зүгээс анхаарах шаардлагтай чухал асуудал гэдгийг онцоллоо.
Дотуур байрны хүүхдүүдийн 80 хувийг малчдын хүүхдүүд эзэлдэг. Зөвхөн хөдөө орон, нутаг төдийгүй Улаанбаатар хотод тусгай сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дотуур байр зэрэг байршил үл хамааран сурах, хөгжих эрхээ эдлэхийн тулд насанд хүрээгүй хүүхдүүд зайлшгүй дотуур байранд амьдарч байна.
Цаашлаад дотуур байрны орчин нөхцөл шаардлага хангахгүй байгаа учраас хүүхдүүд гадуур хонох ,тэдний дунд ялгаврлан гадуурхалт бий болох, гэрээ санах зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс хүүхдийн эрхийн төлөө нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудал бол дотуур байр юм.
Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн: Ж.Азжаргал: Хүүхдийн эрх зөрчигдвөл боловсролын салбар хариуцах уу, эсвэл Хүүхдийн эрхийн байгууллагууд уу гэдэг одооч тодорхойгүй
"Эцэг, эхчүүд оролцоотой байж хэмээн хүүхдийнхээ боловсролын байдал, дотуур байрны орчин нөхцөлд хариуцлага нэхэх хэрэгтэй.
Бүх шатны сургалтын байгууллагын дотуур байр сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй юу? Эцэг эх, байрын багш, хүүхэд гээд гурвалсан байдлаар ажиллаж байж хүүхэд хамгааллын цогц шийдэлд хүрнэ. Гэтэл олон зуун километрийн цаанаас ирэх боломжгүй эцэг эхчүүд , амралтын өдрөөрөө гэртээ харьж чадахгүй хүүхдүүд дийлэнх нь байдаг.
Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр олон үйл ажиллагаа хиймээр байдаг ч техник , тоног төхөөрөмж , материаллаг зүйлсийн дутагдалтай байдаг гэдгийг орон нутгийн дотуур байрны зөвлөлөөс төлөөлөн хэлж байсан юм
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй Боловсролын тухай хуульд дотуур байрны асуудлыг хангалттай зохицуулаагүй.
Дотуур байран дахь хүүхдийн эрхийн хамгаалал нь Боловсролын салбарын хариуцах асуудал уу? Эсвэл Хүүхдийн эрхийн байгууллагын асуудал уу гэдэг нь эргэлзээтэй, тодорхойгүй явж ирсэн. Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар дотуур байрны төсвийн 95 хувь нь хүүхдийн хоолонд явдаг гэсэн судалгаа байна.
Гэвч хүүхэд эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах, сурч хөгжих нөхцөл байдлын төлөө хэн үүрэг хүлээгч болохыг зайлшгүй тодорхойлох нь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх өндөр ач холбогдолтой хэмээн иргэний нийгмийн байгууллагаас онцоллоо.
Бэлтгэсэн: Б.Лхагвадолгор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна