-Төмрийн хүдрийн ордуудаа алдах вий-
Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэж байгуулах Гангийн үйлдвэрийн цогцолборыг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ. Тэрхүү гангийн үйлдвэр нь Бэрэн, “Кью Эс Си” ХХК-ийн байгуулахаар төлөвлөж байсан гангийн үйлдвэрээс хүчин чадлын хувьд гурав дахин том буюу нэг сая тонны хүчин чадалтайгаас гадна БНХАУ-тай хамтарч байгуулах гэж байгаагаараа онцлогтой.
Засгийн газар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн цогцолбор барих шийдвэрийг 2025 онд гаргасан. Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ он эхний гадаад томилолтоо БНХАУ руу өвөртлөсөн бөгөөд энэ асуудалд голлон анхаарч ажилласан бөгөөд айлчлалын мэдээлэл нь “БНХАУ-ын айлчлал Аж үйлдвэржилтийн эхлэлийн цэг болов” гэсэн бадрангуй гарчигтайгаар мэдээлэгдсэн. Үүгээр Монгол, Хятад гангийн салбарт хамтрахаар шулуудсаныг албан ёсоор тунхагласан гэж хэлж болно.

Гангийн үйлдвэр баригдана гэдэг мэдээж сайхан мэдээ, гэхдээ заавал хятадуудтай хамтрах шаардлага байсан уу гэвэл үгүй.
Монголд үндэсний хөрөнгө оруулагч бие даагаад хэрэгжүүлж байсан Гангийн үйлдвэр барих хоёр ч төсөл /Нэг нь “Бэрэн” группын өөрийн эх үүсвэр болон Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлсэн, 85 хувийн гүйцэтгэлтэй төсөл, нөгөө нь “Кью Эс Си” компанийн өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж, барилгын ажил эхлэх шатанд явж байсан төсөл/ байсан. Энэ хоёр төсөл хоёулаа Засгийн газрын оролцоотой гэж хэлж болохоор нөхцөлд зогсонги байдалд орсон. Дараа нь /Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед / Засгийн газар Хятадтай хамтарч Гангийн цогцолбор барих асуудлыг хөндөж эхэлсэн.
Гангийн үйлдвэр үнэхээр аж үйлдвэржилтийн эхлэл, хамгийн чухал зүйл юм бол энэ чухал салбараа яагаад Монгол Улсын Засгийн газар нь өөрөө үндэсний ААН-үүдээ дарамтлан, дампууруулан барин байж БНХАУ-ын гарт аваачиж өгөх болов.
ҮНДЭСНИЙ ААН-ҮҮД МОНГОЛ УЛСЫГ ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛГОХОД МАШ ОЙРХОН ИРСЭН БАЙВ
Монгол Улс гангийн үйлдвэртэй болох зорилго тавиад олон жил болж байгаа ч өнөөг хүртэл хэрэгжээгүй нь хөрөнгө мөнгө, эрчим хүчний эх үүсвэрээс эхлээд олон шалтгаантай холбоотой байсан. Гэсэн ч хувийн хэвшил ажлаа бага, багаар ахиулсаар зорилгодоо хүрэхэд хамгийн дөхсөн нь “Бэрэн”, “Кью Эс Си”-гийн гангийн үйлдвэр байсан юм.
“Бэрэн” группын хэрэгжүүлж байсан гангийн үйлдвэр 80 орчим хувийн гүйцэтгэлтэй, 20 орчим жил үргэлжилж байв. 2007 онд баяжуулах үйлдвэр, баяжмалаа шууд ангижруулах үйлдвэр 2009, 2011 онд, ширэмийн үйлдвэр нь 2014 онд ашиглалтад орсон байдаг. Сүүлийн үе шат болох “Барилгын арматурын үйлдвэр”-тээ “Хөгжлийн банк”-наас зээл аваад баларсан. Үйлдвэр нь 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. “Хөгжлийн банк”-ны гэх хэрэг дэгдэхээс өмнө удахгүй ашиглалтад орно гэсэн хүлээлттэй, “Эрдэнэт үйлдвэр”, төрөөс дэмжиж ажиллаж болох юм гэсэн байдалтай байснаа нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн. Одоо үйлдвэрийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй, Хөгжлийн банкинд хураагдаж, төрийн мэдэлд очих магадлал өндөр байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт одоо өөрсдийн мэдлийн, БНХАУ-тай хамтраад гангийн үйлдвэр барьчихаар түшиц газар, эзэмшлийн орд "Бэрэн"-гийн үйлдвэр, "ДТҮ" ТӨХ, түүний эзэмшлийн лицензүүдээс өөр үгүй юм.
“Кью Эс Си” компани ч мөн адилхан, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д төрийн хатуу хяналт дор 2009 оноос хөрөнгө оруулалт хийж, Төмөртэй ордыг уурхай болгон эргэлтэд оруулж, гангийн үйлдвэрийн өмнөх шатны үйлдвэрүүд, дэд бүтцийг барьж байгуулан бэлэн болгоод байсан.
2021 оны есдүгээр сард, 2022 оны төсөв хэлэлцэх үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “Монгол Улс хэзээ гангийн үйлдвэртэй болох вэ” гэсэн асуултад “Ган боловсруулах үйлдвэр байгуулах тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан. Сая есдүгээр сарын сүүлчээр гангийн үйлдвэрийн шинэчилсэн ТЭЗҮ батлагдсан. Энэ онд багтаан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн маш тодорхой хариулсан.
Учир нь, тухайн үед “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК буюу “Кью Эс Си” ХХК өмнө нь барихаар завдаж байсэн ч эрчим хүчний эх үүсвэргүйгээс /жилд 180 мегаватт эрчим хүч шаардагдаж байсан/ болоод больсон Гангийн үйлдвэрийнхээ технологийг өөрчлөн, жилд 70 мегаватт хэрэглээтэй гангийн үйлдвэрийн шинэ ТЭЗҮ боловсруулж дуусаад байсан юм. Улмаар энэ ТЭЗҮ нь УУХҮ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар орж батлагдан, 2022 оны хавраас газар шорооны ажлаа эхлүүлэхээр олоод байв.
Гэвч Г.Ёндон сайд УИХ-д мэдээлэл өгсний дараа л компанийн дансыг хааж хүнд байдалд оруулж байгаад 2022 оны дөрөвдүгээр сард “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж байсан Концессын эрхийг цуцалсан. Улмаар энэ оны эхээр хяналтын шатны шүүхээр асуудал эцэслэгдсэн юм. Төрд шилжсэнээсээ хойш олон гүйцэтгэх захирлын нүүр үзсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өдгөө Б.Оргил удирдаж байна.
БНХАУ РУУ ЖИЛ БҮР УРСАЖ БАЙСАН 300-400 САЯ АМ.ДОЛЛАРЫН ВАЛЮТЫН УРСГАЛ ЗОГСОХОД ОЙРХОН БАЙВ
Төмрийн хүдэр олборлолтын бизнес нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг ч ашгийн марж бага тул асар их хэмжээний үйлдвэрлэл явуулахыг шаарддаг. Төмрийн хүдрийн үйлдвэрлэл явуулах гол нөхцөл, нөгөө талаар хязгаарлалт нь ордын хэмжээ, чанар, агууламжаас гадна худалдан авагчийн байршил, үйлдвэрлэл, олборлолт явуулахад шаардагдах эрчим хүч болоод худалдан авагчид хүргэх тээврийн зардал байдаг.
Тэгэхээр, монголчууд, үндэсний компани, хөрөнгө оруулагчид зүтгэсээр ийм хол яваад ирчихжээ. Зорилгодоо хүрэхэд ийм ойрхон ирчихээд байхад Засгийн газар “оролцож” зогсоочихоод БНХАУ руу түнш хайж байгааг юу гэж ойлгох вэ. Яагаад үндэсний компаниуд гангийн үйлдвэр барьж болохоо болдоггүй юм бэ.
ЗАСГИЙН ГАЗАР ҮНДЭСНИЙ КОМПАНИУДАА ШАХАЖ, ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ ЗҮТГЭХИЙН УЧИР, ХЯТАДУУДЫН ХҮСЭЛ ЮУ ВЭ
Нийтлэлд дурдагдсан хоёр үйлдвэрийг Засгийн газар 2021 он хүртэл “Тусална, дэмжинэ” гэсэн байр суурь илэрхийлж байсан бөгөөд тусалдаггүй юм гэхэд саад болохгүй нь ойлгомжтой байсан. Гэтэл ганц жилийн дотор юу өөрчлөгдсөн болоод ингэж огцом хувирав?
Монгол Улс барилгын арматураар БНХАУ-аас хараат. Жил бүр 300-400 сая ам.доллар тийш нь урсгадаг. Энэ урсгалыг зогсоох нь бидний гол зорилго. Үүний тулд бид Гангийн үйлдвэрээ зайлшгүй барих ёстой. Гэхдээ Хятадуудтай хамтарч биш. Учир нь гэвэл, БНХАУ манай гангийн салбарт орж ирж байгаа бол гол зорилго нь ерөөсөө л түүхий эд. Үүнийг батлах хэдэн баримт дурдъя.
Дэлхийд төмрийн хүдрийн импортоороо тэргүүлж буй БНХАУ-ын дотоодоосоо олборлож буй төмрийн хүдрийн агууламж буурсаар байна. 1990-ээд онд 45 хувьтай байсан бол 2011 оны байдлаар 15 хувь хүртлээ буураад байна. Энэ нь үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, өрсөлдөх чадварыг бууруулж байгаа юм. Манайхан очоод харахаар сайхан, том үйлдвэрүүд байдаг ч цаанаа өрсөлдөх чадваргүй, чанартай түүхий эдээр өлссөн, гаднаас импортоор авдаг үйлдвэрүүд байгаа. Манай 56-60 хувийн агууламжтай, өндөр чанаргүй ч гэлээ түүхий эд тэдний хувьд маш хэрэгцээтэй.
БНХАУ 1998 онд төмрийн хүдрийн эрэлтийнхээ 28 хувийг импортоор авч байсан бол 2011 онд 67 хувийг импортоор хангажээ.
БНХАУ-д шинэ хотууд баригдаж, гангийн эрэлт нэмэгдсээр байна...
Төмөр, гангийн хэрэглээний 50 хувийг барилгын салбарт хэрэглэдэг статистик өөрчлөгдөөгүй байна. Тэгвэл БНХАУ-д хотжилт эрчимтэй явагдсаар байгаа бөгөөд нийт хүн амд эзлэх хотын оршин суугчдын тоо 2002 онд 39.1 хувь, 2011 онд 51.3 хувь болж өссөн. Энэ өсөлт одоо ч үргэлжилж байгаа.
Нөгөө талаас, БНХАУ нь манай төмрийн хүдрийн салбарт орж ирэхийг эрмэлзэж байсан бөгөөд 2009 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, түүний эзэмшилд байдаг төмрийн хүдрийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлийн нэр төрлийг олшруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, Дархан Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарлахад хоёр ч компани нь оролцож байсан. Тэдний хоёрынх нь саналыг ТӨХ-ны Хөрөнгө оруулагчийн саналыг үнэлэх Ажлын хэсгийн дүгнэлтээс яг хуулаад харуулья.
CPMIE- 889 сая ам.долларыг банкны хүүтэй зээлийн санхүүжилтээр оруулж, 4 сая тонн хүдэр баяжуулах, 2 сая тонн бөөнцөг, 540 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах бөгөөд хөрөнгө оруулалт буюу зээл нь зээлийн хүүгийн хамт бүрэн төлөгдөж дууссаны дараа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д шилжүүлж өгч болох /өгнө гээгүй, “өгч болох юм” гэсэн байгаа/ талаар төсөлд тусгасан.
-Бугат хотын “Бао ган” жилд 5 сая ган төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг хоёр үе шаттай барьж байгуулах, үүний хариуд 20-30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгаа, үйлдвэрийг түүхий эдээр хангах төмрийн хүдрийн орд болон одоо хайгуулын шатандаа яваа төмрийн хүдрийн илэрц бүхий талбайн лицензүүдийг эзэмших нөхцөл тавьсан байна.
Товчхондоо, БНХАУ-ын ашиг сонирхлыг татах ганц зүйл бол өөрсдийнхөөс нь хамаагүй өндөр агууламж бүхий төмрийн хүдрийн ордууд бөгөөд Гангийн үйлдвэр барьж өгсөн тохиолдолд заавал ордод ашиг сонирхол илэрхийлэхнөхцөл шаардлага тавьж байсан гэдэг нь эндээс харагдана.
Харин “Кью Эс Си” хөрөнгө оруулалт хийж, уурхайн бүтээмжийг нэмэгдүүлээд хөрөнгө оруулалтын үр дүнд өсөн нэмэгдсэн бүтээгдэхүүний 70 хувийг өртгөөр нь авч хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн бөгөөд компанийн хувьцаа /Энэтхэгийн “Меско стийл” компани “Гангийн үйлдвэр барьсны хариуд “ДТҮ” ТӨХК-ийнхаа 51 хувийг өг” гэсэн байдаг/, лиценз эзэмшихгүй. Хамгийн гол нь “Үндэсний хөрөнгө оруулагч” хэмээн тодотгосон байдаг. Өөрөөр хэлбэл, “Кью Эс Си” хамгийн ашигтай санал тавьснаас гадна үндэсний хөрөнгө оруулагч гэдэгт улс өндөр ач холбогдол өгсөн.
Уг нь 17 жилийн дотор Монгол Улсад төрийн эрх барьж байгаа хүмүүс өөрчлөгдсөн болохоос бодлого нь өөрчлөгдөөгүй байлтай. Гэтэл яг тийм болж, Засгийн газар нь үндэсний компаниудаа өөрсдөө шахаж байгаад БНХАУ-тай хамтрахаар боллоо. Одоо тэгэхээр, БНХАУ-ын компаниудын 17 жилийн өмнөх хүсэл өөрчлөгдсөн гэж найдах уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна