Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй АН-ын шинэ фракц

С.Гандэлгэр
38 минутын өмнө

Ардчилсан намын дэргэд Ардчиллын сэргэлт холбоо хэмээх нэгэн шинэ фракц өчигдөр /2026.05.06/ мэндэллээ.

О.Амгаланбаатар "сүүдрээс" удирдаж, Д.Ганбат тэргүүтэй 10 гаруй гишүүнтэй тус холбоог улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй гэж ярьж буй.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд "Ерөнхийлөгчийн 11" гэх нэршилтэй хэсэг бүлэг бий болсон талаар хэвлэлүүд бичээд удаагүй байхад ийнхүү албан ёсны фракц болон жигүүрээ дэлгэсэн нь энэ.

Өөр өөр фракцуудад харъяалагддаг 11 УИХ-ын гишүүн гэнэтхэн л бүлгийн дарга, ЕНБД-ыг сонгохын өмнө байгуулагдсан нь дараа дараагийн хурлууд дээрээ хүч хаях зорилготой харагдана. Тус холбоо нь АН дахь нийслэлийн зургаан дүүрэг, дөрвөн аймгийг хамарсан буюу аймаг нийслэлийн 10 нэгжийг удирдаж байгаа нь том хүч гэсэн үг. 

Анх ЕНБД-ын томилгоогоор эхэлсэн Ардчилсан намын хагарал Ерөнхийлөгчийн хуулиар хурцлагдаж,  өчигдрөөс 42 гишүүнтэй бүлэг дотроо хуваагдан, хоёр өөр эрх ашгийг эрэлхийлж байна.    

АН-д Ерөнхийлөгчийн нөлөөгөөр үүссэн хагарал өнөөдөр ил гарсан юм биш. Одоогоос сарын өмнө Ардчилсан намын ҮБХ удтал хуралдаж, ЕНБД-аа томилох гэсэн ч чадаагүй. Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, даргаа сонгох байсан ч мөн л чадсангүй. Хойшлуулахыг дэмжсэн гишүүдийг харвал УИХ-ын гишүүнийг Үндсэн хуулийн цэцээр эгүүлж татдаг болгох “Ерөнхийлөгчийн” гэгдэх хуулийг дэмжсэн Ц.Баатархүү, О.Амгаланбаатар тэргүүтэй хэсэг бүлэг дэмжсэн.

Бүр тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн хуулийг УИХ-аар хэлэлцэх болсон үйл явц АН-ын бүлэг дээр давтагдаж байгаа байдал шуудхан харагдсан. 

Товчхон тайлбарлавал Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ээр жагсаалтын гишүүнийг намын удирдах байгууллагын саналаар эгүүлэн татдаг болох хуулийн төслийг Парламент руу оруулж ирэхэд Ардчилсан нам тэр чигээрээ эсэргүүцэх шинжтэй байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт долоо хоногоор хойшлуулсныг уншигчид та бүхэн санаж байгаа биз. Тэр сунгасан долоо хоногт хууль хяналтын байгууллага Ардчилсан намын гишүүд дээр ажиллаж, муухайгаар хэлбэл “бөлдөг” хайсан гэгддэг. Удаа ч үгүй Парламент дээр санал хураахад АН-ын 19 гишүүн нөгөө тийшээ явчихсан.

Өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хурал дээр хурлыг хойшлуулах талд санал өгсөн 22 гишүүнийг харахад УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүд бараг тэр чигээрээ байна. Эндээс харахад, Ерөнхийлөгчийн зүгээс эхлээд Ардчилсан намын гишүүд дээр үүсгэсэн нөлөө одоо намын бүтэц болж, цаашид гаргах бүх шийдвэрүүдэд нөлөөлөхүйцээр бэхжиж буй байдал харагдаж байгаа юм. 

С.Ган





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна