Жирэмсэн эмэгтэйг, дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн хэргийн шүүх хурал энэ сарын 6-нд болно

Х.Есү
1 цаг 43 минутын өмнө

Баянзүрх дүүрэг буюу Бага дарь эх гэдэг газар нэг гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ оны нэгдүгээр сарын 4-ны өдөр гарсан. 

Тус хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал тавдугаар сарын 6-ны 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. 

Хэрэгтэн М.Батчулуун нь F20 буюу шизофрени өвчнөөр өвдсөн гэж оношлогдсон нэгэн бөгөөд өмнө нь 2020 онд гудамжинд алхаж явсан хүнийг хөнөөж, улмаар СЭМҮТ-д албадан эмчлүүлж байсан бөгөөд СЭМҮТ-ийн эмч нарын дүгнэлтийн дагуу Баянзүрх дүүргийн шүүх түүнийг 2024 онд суллаж байсан юм. 

Гэмт хэрэгтний гараас амьд үлдсэн гурван настай охин нь цээжин тус газраа гурван удаа хутгалуулж, зүрх уушгиндаа хүнд гэмтэж, мөн гарын бугуй хэсгийг нь мэсээр хэд хэдэн удаа зүсүүлсэн хүнд гэмтэлтэй байсан. Охины хагалгаа амжилттай болж бие нь дээрдсэн ч байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай гэдгийг тухайн үед аав П.Сувданхуяг нь хэлж байсан юм. 

Хэргийн шүүх хурал товлогдсонтой холбогдуулан хохирогч П.Сувданхуяг өөрийн цахим хуудаснаа “ Тавдугаар сарын 6-ны өглөө 09 цагт Монголын шүүх шударга болох уу харъя. Би аав хүний хувьд эцсээ хүртэл явна. Гурван хүний амь шүү” хэмээн бичжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна