П.Сувданхуяг: Монголын шүүх хэргийг үнэн зөв, шударга шүүгээсэй

Х.Есү
1 цаг 10 минутын өмнө

Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 06-ны өдөр 09:00 цагт эхэлнэ. Тус шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сувданхуягтай бид хэсэг хором ярилцлаа.

Тэрбээр, “Бүхэл бүтэн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөж, гурван настай охиныг минь санаатай алахыг завдсан хүнд Монголын шүүх яаж хандахыг нь харъя. Шударга шүүгээсэй гэж бодож байна. Би тэр хүнд ялын дээд хэмжээг нь өгтөл эцсээ хүртэл явна.

Гурван настай охин минь сэтгэл заслын эмчилгээнд явж байгаа. Өдөр болгон тэр аймшигтай дүр зургийг ярьдаг. Нэг танихгүй өвөө орж ирээд, ээж эгч хоёрыг зүссэн, хутгалсан, намайг бас хутгалсан гэж хэлдэг. Охиныхоо тэгж ярихыг сонсох маш хэцүү байдаг. Эмчийн хэлснээр 2-3 жил эмчилгээнд явж байж гайгүй болно гэсэн.

Хамгийн хэцүү зүйл нь охин минь ээж эгч хоёроо өдөр болгон надаас асуудаг. Бас би удахгүй эгч болно тэ гээд хэлэхээр нь би юу гэж хэлэхээ мэддэггүй. Заримдаа машинд суугаад явж байхдаа “Аав аа ээж эгч хоёр тэр үүлэн дэээрээс над руу даллаад байна” гэж хэлдэг. Энэ бүгд нь надад хэцүү байдаг. Миний охиныг гэрч үлдээхгүй гэдэг зорилгоор л алахыг завдсан байх гэж би бодож байна. 

Бүхэл бүтэн гурван хүний амийг авчхаад зүгээр өвчтэй гээд ял авахгүй байж болохгүй шүү дээ. Тэр хүн эхлээд хүн алчхаад хоригдсон ч юм уу албадан эмчилгээ хийлгээд эмнэлэгтээ байсан бол өнөөдөр би гэр бүлтэйгээ инээлдээд сууж байх байсан. Монголын шүүх хэр шударга шүүхийг харъя. Би эцсээ хүртэл явна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна