Монгол тамирчид өнөөдөр эхний тэмцээндээ оролцоно

2022/02/08

“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөнө.

 

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.

Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.

Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.

Манай тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны үр дүнд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.

 

ТАМИРЧДЫН ТАНИЛЦУУЛГА:

ОУХМ Ариунсанаагийн Энхтуул

 

Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/

Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар;

Одоогийн багш: Ж.Дашдондог;

Онцлох амжилтууд:

  • 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
  • 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
  • 2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
  • 2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
  • Улсын 4 удаагийн аварга.

“Бээжин-2022” уралдааны хуваарь:

  • Эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /Хоёрдугаар сарын 8-ны 16:00-16:40 цагт/
  • Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан /Хоёрдугаар сарын 10-ны 15:00-15:30 цагт/

ОУХМ Батмөнхийн Ачбадрах

 

Төрсөн огноо: 1994.12.21 /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум/

Цанын багш нар: Г.Баярдэлгэр, Б.Батдорж, Т.Доржготов, Д.Баттулга, Ж.Дашдондог

Онцлох амжилтууд:

  • “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.
  • 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.
  • Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.
  • УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.

“Бээжин-2022” уралдааны хуваарь:

  • Эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /Хоёрдугаар сарын 8-ны 16:50-17:35 цагт/
  • Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан /Хоёрдугаар сарын 11-ний 15:00-16:35 цагт/

 

Эх сурвалж: МҮОХ 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.153.210
    2022/02/09

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах