Г.Жавзмаа: Хичээвэл говь нутагт ч мод, жимс тарьж, ургуулах боломжтой, манай хашаанд үхрийн нүд, чацаргана ч бий

С.Гандэлгэр
2022/08/04

Дундговь аймагт төрийн албанд ажилладаг залуу хос ажлынхаа хажуугаар говийн нутагт алимны мод нутагшуулж, ургац хураасан мэдээлэл олон хүнд урам зориг, санаа сэдэл өгөөд байна. 

Бид эхнэр Г.Жавзмаатай холбогдож говь нутагт алимны мод тарьсан шалгаан, туршлагых нь талаар товч ярилцлаа. 

- Сайн байна уу ? Танай гэр бүл говь нутагт алимны мод ургуулсан нь их сонирхол татлаа. Олон хүмүүст санаа сэдэл өгөх шиг боллоо. Яагаад алимны мод тарих болсон бэ ? 
- Манай гэр бүлийн хувьд Дундговь аймагтаа орон сууцанд амьдардаг. Алимны модны хувьд аавынхаа хашаанд хүүхдүүдээ салхилуулангаа арван мод тарьсны ес нь ургасан юм. Хүмүүсийн бодож байгаа шиг тийм олон биш. Гэр бүлийнхээ хэрэгцээнд л зориулж тарьсан. Ажлынхаа заваар, хүүхдүүдээ салхилуулангаа хэдэн мод суулгаад дөрөв дэх жилээсээ жимсэлсэн юм.  

- Гэр бүлээрээ төрийн албанд ажилладаг гэсэн шүү дээ, хаана ажилладаг вэ ?  

- Тийм. Миний хувьд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт Удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Манай нөхрийн хувьд Уул уурхай байгаль орчин хариуцсан мэргэжилтнээр 16 жил ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа.

- Өөрөө тарьсан алимны модных нь жимсний амт ямар байна вэ ? 
Насандаа амталж үзээгүй их гоё амттай алим ургасан байна лээ. Одоо бол дөнгөж зулзаган жимс байгаа учраас бага байгаа. Түрүү жил цөөхөн жимс гарсан энэ жил нэмэгдэж л байна. Түрүү жилийн ургацыг хүүхдүүд маань тэр дор нь булаацалдаад л идчихсэн. Дараа дараа жилээс илүү их жимслэх байх. Ямартай ч өөрөө тарьж ургуулсан жимсний модноос маань дэлгүүрийн лангуу дээр зардгаас хэд дахин амттай жимс ургадаг юм байна. 

-  Хүүхдүүдээ мод тарих ажилдаа туслуулсан уу ? 

- Тэгэлгүй яах вэ. Мод тарих, ургац хураахаас гадна хүүхдүүд ажил сурдаг юм байна. Орон сууцанд байгаа хүүхдүүд гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүд шиг мод хагалах, ус авах зэргийг сурахгүй байгаа учраас хүүхдүүдээ ажил гадарладаг болгох гэж тарьсан. Газар шороо, ус зөөх гээд хүүхэд олон зүйл сурч байна. гол нь хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлж байгаад их таатай байгаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүүхэд хүртэж байгаа шүү дээ. 

- Говь нутагт хашаандаа тариалан эрхлэх боломж бололцоо хэр байна вэ ? 
Говь гэхээр л ус нь байхгүй цөлжилттэй газар гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ тийм биш манай хашаанд үхрийн нүд, чацаргана хүртэл бий. Тиймээс хуурай цөл газар гэлтгүй мод тарьж ургуулах бүрэн боломжтой. Хичээгээд байвал говьд ч жимс тарих боломжтой. Илүү дулаан уур амьсгалтай учраас цаг агаарын хувьд ч таатай. Хөрөнгө мөнгө нээх шаардлагагүй.  

- Ярилцсанд баярлалаа илүү олон мод тарьж, "төгөл"-тэй болохыг хүсэн ерөөе. 

Залуу хосуудын говь нутагт тарьсан алимны модны талаарх мэдээлэл олон нийтэд хүрч олон хүнд урам зориг, санаа сэдэл өгөөд байна. Тэдний хувьд гэр бүлийн хэрэгцээнд цөөхөн мод тарьсан бөгөөд цаашдаа улам олон мод тарьж "ТӨГӨЛ"-тэй болох урам зориг ард иргэдээсээ авлаа хэмээн хуучилсан юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.253
    2022/08/05

    Цасаа өвөл овоолоод,зуны хааяа орох борооны усаа нөөцлөх олон боломж бий.

    Хариулах
  • 213.87.139.118
    2022/08/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 84.136.95.112
    2022/08/04

    Govid busad gazraas iluu hun bur undnii usaa hairlah heregtei bolood baina. Mod jims tarih ni saihan ch hur boroonii us hovor bolohoor undnii usaa hereglej baigaa shu de

    Хариулах