О.Тэгшсайхан: Хүн бодлоороо аливаа муу муухайг дарж, сайн сайхныг дуудаж байх учиртай

2022/08/17

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний далд ухамсар, энерги, сүсэг бишрэл ч мөн гүн гүнзгий судлагдаж астрологи зэрэг олон төрлийн мэргэ дом бидний амьдралд орж ирээд буй. Хүн гэдэг өөртөө асар их далд энергийг агуулсан тул энергийн давхаргад холбогдож, ирээдүйг зөгнөсөн мэдээллийг авах чадвар, зөн билигтэй гэж судлаачид тогтоосон. 

Гагцхүү түүнийг  мэргийн хэрэгсэл болох хөзөр, чулуу мэтийн зүйлст буулгаж зөв уншиж тайлах нь чухал. Тэгвэл бид өнөөдөр хөзрийн мэргээр Тойрог, Шкаф хүрээллийн залуусын дунд танигдсан О.Тэгшсайхантай мэргэ, Дүдү хүүхэлдэйн талаар товч ярилцлаа. 

Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач. 

Намайг О.Тэгшсайхан гэдэг. Би MIU их сургуульд Англи хэлний багшаар 3-р түвшинд суралцдаг. Би багадаа их хөдөлгөөнтэй, аливааг туршиж үзэх дуртай хүүхэд байсан болохоор ч тэр үү анх 9 настайдаа гэртээ ганцаараа үлдээд аав ээжийгээ хэзээ ирэхийг мэдэхийн тулд хөзрөөр өөртөө мэргэ хийж дүрсийг нь холбон дотроо төсөөлөхөд яг таарсан. Тэрнээс хойш тасралтгүй мэргэ, энергийн талаар гүнзгий судлаад ойр тойрны найз нөхөд маань ч мэддэг болсон. Одоогоор мэргэ хийгээд 11 жил болсон байна.

Анх 9 настайдаа өөртөө мэргэ хийж байсан гэж хэллээ. Тэгвэл анхны үйлчлүүлэгч нь хэн байсан бэ? Яагаад мэргээ гүнзгийрүүлэх болсон бэ? Шалтгаан бий юу? 

Миний анхны үйлчлүүлэгч бол мэдээж миний ээж. Тухайн үед дөнгөж анхлан суралцагч байсан болохоор эхлээд гэр бүлийнхнээ мэргэлээд яваандаа найз нөхдөө мэргэлдэг болсон. Мэргэ хийх үед тэдний ойрын ирээдүйд болох бүхий л үйл явдал харагддаг. Тэнд саад бэрхшээл, адал явдал, сэтгэл хөдлөл бүгд харагддаг болохоор урьдчилаад зам мөрийг нь чиглүүлэх боломжтой. 100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэдэг шиг найзын найзууд, ажлын танилууд гэж явсаар мэргэ хийх хүрээ минь улам тэлсэн.

Ямар төрлийн мэргэ хийдэг вэ? Мэргэ хийдэг хүмүүсийг харахаар бүгд өөр өөрийн онцлогтой байдаг шүү дээ, тэгвэл тэр нь таны хувьд юу вэ? 

Би хөзрөөр мэргэлдэг. Хөзөр нь өөрөө олон дүрс, өнгөнөөс бүрдсэн болохоор тайлж уншихад хамгийн хялбар санагддаг. Би ихэвчлэн хүний бодолтой харилцаж ойрын ирээдүйг нь харж засах дуртай. Яагаад гэхээр хүний бодол хэзээ ч худал байдаггүйн дээр “бодол дагаад үйлдэл”  гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Бодлоороо хүн аливаа муу муухайг дарж сайн сайхныг дуудаж байх учиртай. Мэргэч хүн байдаг гэдэг өөрөө их хариуцлагатай ажил. Тухайн үзүүлж буй хүний сэтгэл санаа, оюун бодол нь нэг итгэсэн мэргэчийнхээ үгэнд үргэлж итгэдэг. Тэгэхээр ерөөсөө буруу, худлаа зүйл ярьж болохгүй. 

Таны бодлоор мэргэч байхын давуу тал болон сул юу вэ? 

Хэн нэгнийг мэргэлэх үед тухайн хүний ойрын ирээдүйд болох үйл явдал хөзөр дээр бууж уншигддаг. Хүний амьдралд төсөөлшгүй зүйл олон тохиолддог шүү дээ. Тэгэхээр тухайн хүнд учирч болох саад бэрхшээлийг харах нь надад хэцүү санагддаг ч үүнийг  үйлчлүүлэгчдэдээ сануулж, өөрчлөх боломжийг нь хэлж өгдөг болохоор давуу талтай. Үйлчлүүлэгчдийнхээ баяр баясал, ажил хэрэг нь сайжирсныг сонсохоор надад энерги эрч хүчийг өгдөг. 

Энергийн Дүдү хүүхэлдэй хийдэг гэж сонссон. Яагаад Дүдү хүүхэлдэй хийж эхлэх болсон бэ?  Ямар ач тустай хүүхэлдэй вэ? 

Сая хэлсэнчлэн хүний бодол гэдэг хамгийн чухал. Хүн сайхан зүйл бодох тусам түүнийгээ дагаад энерги нь сайжирдаг. Энерги сайжирна гэдэг нь аливаа муу зүйлсээс ангид байхад тусалдаг. Харин бодлоо цэгцэлж энерги сэргээх хамгийн үр дүнтэй арга бол хэн нэгэнтэй ярилцах эсвэл бясалгал хийх. Сайхан энергитэй Дүдү хүүхэлдэйтэй ярилцах нь таны оюун бодлыг цэгцэлж энергийг сэлбэж байдаг давуу талтай. Анх найзынхаа энергийг засахын тулд Дүдү хийж бэлэглээд үр дүн сайтай байсан тул цааш нь үргэлжлүүлж хийсэн.

Дүдү хүүхэлдэй гэхээр их сонирхолтой санагдаж байна. Юугаар яаж хийдэг юм бэ?

Би Дүдү хүүхэлдэй хийж эхлээд хоёр сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд нийт 30 гаруй Дүдү хүүхэлдэйг эзэнтэй болгожээ. Тойрог, Шкаф зэрэгт зарагддаг шиг хуучин хувцасны хэсэг бүрийг задлан ахин шинэчлээд ариун гангаар утаж хүүхэлдэйгээ хийдэг нь байгаль орчинд ээлтэй технологиор бүрдсэн гэсэн үг. Захиалгаар яг хүнд нь зориулан бүтээсэн Дүдү хүүхэлдэйнүүд ч бий. 

Таны амьдралдаа баримталдаг дүрэм гэж бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаач ?

Хүн өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай, хүссэнээрээ амьдраасай гэж би боддог. Тиймдээ ч би өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хүссэнээр бүтээгээд явж байгаа. Өөрөөрөө байх нь л миний амьдралын дүрэм юм даа. 

Нийт уншигчдадаа зориулан хэлэх үг байна уу? 

Хүний бодол гэдэг их хүчтэй учраас өөрийнхөө ирээдүйг байж болох хамгийн сайхнаар төсөөлөөд хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ тууштай хандаарай. Хүн хичээж байгаа цагт сайхан зүйлс аяндаа хүрээд ирнэ. Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэж хүссэнээрээ амьдраарай гэж хэлмээр байна.  

Ярилцсанд баярлалаа. 

Бидэнтэй ярилцсан О.Тэгшсайхан өдгөө 11 жилийн турш хөзрөөр мэргэлж байгаагийн хувьд “Дүдү хүүхэлдэйг хүмүүс зөвхөн муу муухай зүйлд ашигладаг гэсэн ташаа ойлголттой. Үнэн хэрэгтээ Дүдү хүүхэлдэй нь хүний энерги, бодлыг цэгцлэх хамгийн хүчтэй шинэ соёл” гэдгийг онцолж байсан юм.

Т.Тэргэл





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.133
    2022/08/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах