10 жилийн өмнө байнгын редакц, мэргэжлийн сэтгүүлчдийн багтай хэвлэл мэдээллийн байгууллагын дурын удирдагчаас “Сэтгүүлзүй, хэвлэл, мэдээллийн зах зээлийн эмх замбарааг алдуулагч, мэдээллийн редакцуудын дургүйцлийг хамгийн ихээр хүргэдэг, №1 дайсан чинь юу вэ” гэдэг асуухад бараг бүгд “Паразит сайтууд” гэж хариулдаг байлаа. Одоо ч 10 хүний тал нь энэ хариултыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Харин үлдсэн тав нь цаг үеэ дагаад нийгмийн сүлжээ, хуурамч мэдээлэл, Deep Fakes буюу өндөр технологи ашиглан бүтээсэн хуурамч мэдээллийг нэрлэх болов уу. ВВС, “Ройтерс”, “Франс Пресс” зэрэг мэдээллийн аваргууд сүүлийн үед энэ асуудалд анхаарлаа маш ихээр хандуулж буй. Бид та бүхэндээ энэ удаа хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйд нөлөөлнө гэгдээд буй энэ технологийг тойрсон сүүлийн үеийн мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Редакциуд бэлтгэлтэй байх ёстой
“Нүүр зураглалын” буюу “Face mapping” гэж нэрлэгдсэн цоо шинэ технологи хуурамч мэдээ үйлдвэрлэгчдийн гарт хүчирхэг зэвсэг болон очиж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдхэн сарын өмнө түгшин бичиж байсан. Тэгвэл одоо болзошгүй “Дайн”-д аль хэдийнэ бэлтгээд эхэлжээ. Мэдээллийн том агентлагууд видео контентын хэлтсээ хүчирхэгжүүлэх замаар “Deep Fakes” технологитой тэмцэх бэлтгэлээ хангаж байна. Том редакцууд хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн сүүлийн үеийн ололтыг таницуулдаг үзэсгэлэнгүүдэд боловсон хүчнээ илгээхийн зэрэгцээ боломжтой нэг нь хуурамч мэдээллийг илрүүлэх программ хангамжийг хөгжүүлж байгаа юм.
АНУ-ын Техас муж улсын Остин хотод жил бүр “SXSW” хэмээх фестиваль болдог. Дуу хөгжим, кино, интерактив гэсэн гурван төрлөөр явагддаг уг фестивалийн интерактив чиглэлийнх нь хуурамч мэдээлэл бүтээгчдийн гарт хүчирхэг зэвсэг болон очиж буй “Face Mapping” технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулдаг тул мэдээллийн агентлагийн төлөөлөгчид ач холбогдол өгөн очиж оролцдог байна.
Тэдний дунд “Ройтерс” агентлагийн видео контентийн албаны дарга Ник Коэн байжээ. “Ройтерс” агентлагт өдөр бүр, цаг бүр маш олон эх сурвалжаас видео, аудио бичлэг болон зурган хэлбэрээр мэдээлэл ирүүлдэг, түүнийг нь тус хэлтсийнхэн шалгаж баталгаатай эсэхийг нь тогтоодог байна. Ер нь тогтвортой үйл ажиллагаа явуулж буй редакц бүр хуурамч баримтыг шалгах өөрийн гэсэн туршлага уламжлалтай байдаг. “Ройтерс”-ын хувьд энэ тал дээр маш их туршлагатай ч шинэ аюултай тулахад туршлага хангалтгүй гэдгийг ойлгож буй. Видео контентын албаны дарга Ник Коэн нь ч “Хуурамч мэдээлэл, хуурамчаар бүтээсэн видео нь маш сонирхолтой сэдвээр хийгдсэн байдаг учир тархах хурд нь хянах боломжоос ямагт дээгүүр байдаг зовлонтой” хэмээн Face Mapping технологийн аюулыг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “SXSW 2019” фестивальд оролцсон талаараа “Бидэнд шинэ технологийн хүч, боломжийг харуулахын тулд хоёр янзын жишээ үзүүлсэн. Нэг нь Deep fakes ашиглаж хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн дүрс бичлэг. Түүнд жүжигчин Жордан Пил дуу оруулсан байлаа. Нөгөө нь Б.Обама Вашингтоны их сургуулийн оюутнуудад лекц уншиж буй, нэлээд хэдэн жилийн өмнө хийгдсэн жинхэнэ бичлэг байсан. Энэ хоёр бичлэгийг харьцуулж үзэхэд хуурамч нь тийм ч сайн болж чадаагүй болох нь шууд харагдсан. Өөрөөр хэлбэл, жинхэнэ юм шиг хийх түвшинд одоохондоо хүрээгүй байна. Гэхдээ үүнийг юунд ашиглаж болох вэ гэдэг цаашдын боломж, хэтийн төлөвийг нь таамаглахад бол хангалттай байсан” хэмээн ярьжээ.
“Аз болоход Deep fakes-ийн хагжлийн талаар тэсрэлт болох хэмжээний зүйлтэй учирсангүй. Гэхдээ манай салбарынхан энэ бүхэн цаг хугацааны асуудал байх вий гэж санаа зовж байна” гэж тэрээр өгүүлжээ.
Хэвлэл мэдээллийн салбарынхны үзэж байгаагаар, видео бичлэгийг засаж янзалж байгаа нь гол асуудал биш гэнэ. Тийм боломж өмнө нь ч байсан. Гагцхүү маш олон техник хэрэгсэл, видео редакторуудын арми хэрэгтэй болдог байв. Харин өдгөө Хуурамч баримт хийх арга хурдацтай хялбарчлагдаж, хүн бүр гар утсандаа суулгах хэмжээнд хүрэхээр тэмүүлж байгаа нь гол асуудал ажээ.
“Ройтерс”-ын хувьд дэлхийн өнцөг бүлэн бүрт төлөөлөгчийн газар, сурвалжлагчтай, үйл ажиллагаа нь бүхэлдээ тэр бүх эх сурвалжаас ирсэн мэдээ, сурвалжлага, гэрэл зураг, видео бичлэг дээр үндэслэж явагддаг учир технологийн дэвшилд онцгой мэдрэмжтэй ажилладаг. “Бид дэлхийн мэдээллийн экосистемд чухал байр суурь эзэлдэг. Хэрвээ Deep Faкes-ийг хянаж, дагаж хөгжихгүй бол нийгэмд үзүүлэх нөлөө нь үлэмж өсч, мэдээллийн экосистемийг сүйтгэх аюултай” гэж Ник Коэн хэлсэн нь үнэний хувьтай. Түүний удирддаг алба дэлхий даяар тарсан 2500 сурвалжлагчийнхаа ирүүлсэн мэдээллээс гадна иргэний эх сурвалжаас ирүүлсэн контентуудтай ажилладаг. Сүүлийн үед иргэдээс хуурамч буюу албаныханы чадварыг сорьсон бичлэг, гэрэл зураг илгээх явдал эрс нэмэгджээ. Тиймээс хүссэн хүсээгүй урагш ахих шаардлага тулгарсан гэнэ. Видео бичлэгийг үнэн бодит эсэхийг шалгадаг тогтолцоог шинэчлэн боловсруулж байгаа аж. Энэ бол “Ройтерс”-ын зиндааны гэлгүй бүх л редакцийн хувьд чухал гэдэг нь ойлгомжтой юм.
“Deep fakes” улс төрийн суртал ухуулгад ашиглагдах өндөр магадлалтай
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын зөвлөлийн дарга Адам Шифф “2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ тэргүүтэй улсууд Deep fakes технологи ашиглаж будлиантуулах боломжтой” гэж мэдэгдэж байв. Шинэ технологи улстөрчдийн тоглоомын хэрэгсэл болох боломжтой талаар өмнө нь ярьж, бичдэг байсан ч холбогдох албаны өндөр тушаалын албан хаагч анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь энэ.
Тэгвэл энэ болгоомжлол 2024 онд бодит болох магадлал өндөр байна.
Хуурамч мэдээлэл бүтээгчид гол дүрээрээ улстөрчдийг сонгосноор олон улс оронд үнэн худал нь эс мэдэгдэх дуулиан шуугиан дэгдэж, улс төрийн хямрал ч үүсэх магадлал ч өндөр байгаа гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Магадгүй, ийм аюултай технологийг хөгжүүлэгчдэд мөнгө цутгаад байгаа цаад эзэд нь улс төрчид өөрсдөө ч байж мэднэ гэвэл эсэргүүцэх хүн олон гарахгүй болов уу.
Ирэх жил Африкийн 20 орчим, Азийн 10 гаруй, Европын 30 орчим, Хойд Америк, Өмнөд Америкийн 10 гаруй, Ойрхи Дорнод, Далайн орнуудын ихэнхид Парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль болно. Эдгээр сонгуулийн үеэр “Deep fakes” ашиглан улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөх оролдлогууд олонтаа гарах магадлалтай хэмээн “Nesta” судалгааны байгууллага таамаглаж байсан удаатай. Сонгуулийн үед улстөрчдөөр хэлээгүй үгийг нь хэлүүлж, хийгээгүй үйлдлийг нь хийлгэж, гэмт хэрэгт гүжирдэж, улс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх хуурамч мэдээллүүд ч цацагдах магадлал өндөр байгааг өөр бусад эх сурвалжууд ч урьдчилан анхааруулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна