Замын-Үүд-Эрээний боомтыг ойрын хугацаанд нээнэ


Монгол Улс, БНХАУ Замын-Үүд-Эрээний боомтыг ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байгаа талаар “SXCOAL” мэдээлэв. Өмнө нь мэдэгдэж байснаар арваннэгдүгээр сарын 27-нд нээж магадгүй гэх таамаг байгаа ч, нээх өдөр нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

          Замын-Үүд-Эрээний боомтыг хаасантай холбоотойгоор өнгөрсөн сараас эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах Монголын нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдэж, арваннэгдүгээр сар гарснаар эрс өссөн үзүүлэлттэй байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор

  • Аравдугаар сард 6674 нүүрс тээврийн автомашин
  • Арваннэгдүгээр сарын 1-23-ны хугацаанд 7679 нүүрс тээврийн автомашин нэвтэрчээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор явах нүүрс тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн ч, Замын-Үүд-Эрээн, Шивээхүрэн-Сэхэ боомтын хаалттай байгаа нь нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж байгаа юм. Шивээхүрэн-Сэхэ боомтоор цар тахал эхлэхээс өмнө жилд 10 сая тонн нүүрс гардаг байсан бол цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн сарын 18-наас зогссон юм

          Нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч, БНХАУ-д нүүрсний импортын дундаж үнэ буурч байна. Арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар БНХАУ-ын зах зээлд түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1250-1300 юань болж, нэг сарын өмнөх үнээсээ хоёр дахин буурсан аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна