Унхиагүй дарга нарын увайгүй мэдэгдэл ба Утаанд “эзлэгдсэн” Улаанбаатар

2022/01/11

Жил бүрийн өвөл нийслэлчүүдийн өмнө тулгамддаг агаарын бохирдол гурван жилийн өмнөөс нүдэнд харагдахуйц, мэдрэгдэхүйц хэмжээгээр тодорхой хугацаанд буурсан ч энэ жил эргээд ихэсчихлээ.

Иргэдийн дарсан гэрэл зургууд, гадна орчинд хөлдөөсөн буузны хар тортог зэрэг агаарын бохирдол ямар байгааг харуулах баримтууд сошиалд хөвөрч байгаа нь анхаарал татаж байна.

Гэтэл хариуцсан дарга нар нь иргэдийн буруу, иргэд түлшээ их хэрэглэж байна хэмээн хээв буруутгаад сууж байх юм.Тухайлбал, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Иргэд түлшээ уугиулаад байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна” хэмээн ярив.

Харин Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Шахмал түлшний үнэ хямд байгаа учраас иргэд хэт ихээр түлж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Товчхондоо, иргэд гэнэтхэн энэ өвөл шахмал түлшээ их хэмжээгээр худалдаж аваад зогсоо зайгүй түлээд байгаагаас агаарын бохирдол нэмэгдчихсэн бололтой.Гэвч бодит байдал дээр шал өөр дүр зураг буйг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс харж болохоор....

Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд илтэд харагдах утааны хэмжээ буурсан мэт боловч агаарын чанар дахь хортой бодисуудын хэмжээ нэмэгдсэн байж болзошгүйг ҮАГ-ын аудитын тайланд онцолжээ. Тухайлбал, хүхэрлэг хийн агууламж 2016 онд стандартаас 1.8 дахин их байсан бол 2020 онд Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.4 дахин өндөр болсон байна. Харин PM10 тоосонцрын хэмжээ 2016 оны жилийн дундаж агууламжаар Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.3 дахин их байсан бол 2020 онд хэмжээ нь бага зэрэг буурсан ч улсын стандартаас 1.8 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 4.5 дахин өндөр байжээ. 

Тэгвэл PM2.5 тоосонцор 2016 онд улсын стандартаас 3.16 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 3.9 дахин өндөр байсан бол 2020 онд улсын стандартаас 1.9 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.4 дахин өндөр хэвээр байсан байна. Өөрөөр хэлбэл, агаарын найрлага дахь бохирдуулагч бодисууд 2016 оноос хойш бага зэрэг буурсан мэт боловч хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байгааг дээрх тоо баримт харуулж байгаа юм. 

Манай улс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна.

Харамсалтай нь төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажилласныг өнөөдрийн бодит байдал ийнхүү харуулж байна.
Ингээд зогсохгүй ард түмний татварын мөнгийг энэ чиглэлд зарцуулах эрх эдэлж суугаа өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэж буй албаны хүмүүс бурууг өөрсдөөс биш бусдаас, ард түмнээс хайж буй нь хачирхалтай.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.38
    2022/01/12

    mergejliin bus amitas yaj zuv yrih ve? ednii buruu yu bhv, ashiglaj bgaa gahainuud n buruutai . zarim uls ergeed nuursee tulj bn gej sayhan medeelj bsndaa!

    Хариулах
  • 49.98.149.15
    2022/01/12

    ene eruul u yaanda iim banhar Mgl uls.n amral.g zaana te ⁉️ uur.nhu uriigch medehgui banhar yaj naad alband suuna be

    Хариулах
  • 122.201.22.39
    2022/01/11

    Амьдрал мэдэхгүй учир ийм өнгөц, гэнэн дүгнэлт хийж байна, энэ залуус.

    Хариулах
  • 66.181.180.175
    2022/01/11

    Доодохоосоо дор долгойтой дүднүүд

    Хариулах