Дуучин Чойжоо: Би хайрлаж, хүндэлдэг хүмүүсээ матарлачихгүй юмсан хэмээн бодож шоуныхаа дүрүүдийг гаргасан

Өчигдөр 10 цаг 00 минут

Уянгалаг хоолой, даруу төрхөөрөө олонд танигдаж, амжилттай яваа дуучин бол яахын аргагүй Б.Чойжилсүрэн буюу Чойжоо. Дотоод гүнээсээ, сэтгэлээ шингээн дуулах түүний дуу бүр хит болдог гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үед “Яг түүн шиг” шоунд оролцон олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа түүнтэй уулзаж, үзэл бодол, дотоод ертөнцөөр нь аялсан ярилцлагаа хүргэж байна.

Сайн байна уу. Манай урилгыг хүлээн авсан танд баярлалаа

Сайн байна уу. Намайг урьж оролцуулж буйд баярлалаа.

Багаасаа урлагт хайртай байв уу? Таныг урлагт хөл тавихад юу нөлөөлсөн бэ?

Урлагт хөл тавихад аав, ээж минь нөлөөлсөн. Аав минь “Алтан түрүү” хамтлагт гитар тоглож дуулдаг. Харин ээж маань гитар, баян хуур, ятга, мандалин зэрэг олон хөгжим тоглодог авьяастай хүн байсан. Эцэг эх маань эгч бид хоёрыг хөгжмийн авьяастайг анзаараад “Хөгжим бүжгийн коллеж”-д эгчийг төгөлдөр хуур, намайг хийлийн ангид оруулж байсан.

"Алтан түрүү" хамтлаг. 1988 он.

Бага насныхаа дурсамжаас хуваалцвал

Бага байхад аав маань тухайн үед их явдаг байсан цаг агаарын ая тоглож өгдөг байсныг их санадаг. Намайг 12,13 настай байхад ээж маань анх “Эмээ, өвөө, бясаа гурав” аяыг гитар дээр надад зааж өгч байсан. Түүнээс хойш гитар сурч эхэлсэн дээ.

Би өөрийгөө дуугаар илэрхийлдэг. Хүн бүр ямар нэгэн байдлаар чаддаг зүйлээрээ эсвэл харах өнцгөөрөө өөрийгөө илэрхийлдэг. Яг тэрэн шиг. Би амьдралд болж буй үйл явдал,  хүмүүсийг хараад өөрийгөө оронд нь тавьж ургуулан боддог. Би ийм байсан бол яах вэ гэж.

Уран бүтээлийн тань санаанууд хаанаас урган гардаг вэ?

Аз жаргалтай үед хажууд хэн байх нь хамаагүй байдаг. Харин зовлонтой үед дэргэд байх нь чухал. Зовлонг нь хуваалцаад, ярилцаад, хань болох нь их түшиг болдог. Тиймдээ ч би дуугаараа хүмүүст хань болохыг хичээдэг. Хүмүүс сонсоод надад ийм мэдрэмж авч байсан, би ингэж шаналж байсан гэдгээ хуваалцдаг нь дуу маань хүмүүст хань болж байгаагийн илрэл гэж боддог.

Та өөрийгөө ямар хүн гэж тодорхойлох вэ?

Би өөрийгөө тэгж их боддоггүй. Зурхай унших, MBTI /хувь хүний зан аашийг тодорхойлох тест/ бөглөөд би ийм тийм гэж өөрийгөө тодорхойлохыг хүсдэггүй. Тухайн цаг хугацаандаа амьдарч, хиймээр байгаа зүйлээ хийдэг, эрх чөлөөтэй хүн. Гэхдээ эрх чөлөөгөө хэтрүүлэн ашигладаггүй. Бусад хүмүүсээс зайтай байдаг. Гуниглаж байвал гунигладаг, баярламаар байвал баярладаг. Гэхдээ тийм ил задгай хүн бол биш.

“Яг түүн шиг” шоунд олон гайхалтай дүрийг бүтээлээ. Тэр дундаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Баяр агсанг дуурайж, түүний хүү Б.Хонгортой дуулсан нь олны сэтгэлд их хүрсэн. Энэ талаар дурсвал

Би хайрлаж, хүндэлдэг хүмүүсээ матарлачихгүй юмсан хэмээн бодож шоуныхаа дүрүүдийг гаргасан. Хатуухан хэлэхэд тэр хүмүүсийг хошин шог шиг харагдуулахыг хүсээгүй. Ялангуяа Баяр ахыг дуурайхад Хонгорт ямар байгаа бол гэж их боддог байсан. Хэцүү санал тавихад Хонгор маань бодож үзээд зөвшөөрсөн. Тэр л үед би маш их хичээх ёстойгоо ухамсарлаж билээ. Бэлтгэлийн үеэр би бараг 10,20 минут уйлсан байх аа. Уйлаад л бэлдээд байсан.

Бид бүгд хайртай хүмүүстэйгээ учирдаг, тэр хэмжээгээрээ бас алддаг. Энэ бол хорвоогийн жам. Хорвоо хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Яахав эр хүн уйлдаггүй юм гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ би уйлмаар байвал уйлчихъя л гэж боддог. Үнэхээр сэтгэл чинь хөдлөөд байвал уйлаад сэтгэлээ онгойлгоход буруудах зүйлгүй. Уйллаа гээд хүнд садаа болж эрхэнд нь халдахгүй. Тийм болохоор сэтгэл хөдлөлөө нуулгүй илэрхийлэх хэрэгтэй л гэж боддог. Гэхдээ би тэгж их уйлаад байдаггүй ч Хонгортой хамтарсан үзүүлбэр дээр сэтгэлээ барьж чадаагүй.

Эмэгтэй дүр гаргахад хэр хүндрэлтэй байсан бэ? Өндөр өсгийт дээр явахаас эхлээд их бэрхшээл тулгарч байв уу?

Өсгийтэй гутал өмсчхөөд өвдгөө нугалаад явахаар их муухай харагддаг юм билээ. Ард түмэн үзэж байхад тэгж алхаад байх нь зохимжгүй санагдсан. Дүр авсан л юм чинь хийсэн шиг хийе гэж зорьсон. Тиймдээ ч өсгийтэй гутал өмсөөд бэлтгэлийнхээ үеэр их алхдаг байлаа. Шилбэ булрахаас эхлээд зовлонг нь мэдэрсэн дээ. Нүд рүүгээ дусаалга ч дусааж чаддаггүй хүн чинь линз зүүж, хумс хийлгэхээс авахуулаад их ажил болсон. Үүнийг мэдрээд ямар их хичээл зүтгэл вэ гэж бодсон доо. Эрэгтэй хүн чинь усанд орж үсээ угаагаад л болчихдог шүү дээ /инээв/

“Яг түүн шиг” шоуны урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?

Өмнөх дугааруудыг үзээд би байсан бол ингэх байсан даа гэж их боддог байсан. Хэцүү байх болов уу гэж бодсон, яг түүгээр л болсон. Илүү сайн байж болох зүйлүүд байгаа. Гэхдээ нэгэнт өнгөрсөн юм чинь яахав дээ.

Би өөрийнхөө хувьд дугаар болгон ялсан гэж бодож байгаа. Амьдрал чинь харах өнцгөөс шалтгаалдаг шүү дээ. Би ялсан гэж бодвол би л ялсан гэсэн үг. Бусад оролцогчидтойгоо анхнаасаа өрсөлдье гэж бодоогүй. Тэд бүгдээрээ авьяастай, хайр татам сайхан хүмүүс. Бид үзүүлбэрээ л гоё хийе гэж зорьсон. Сэтгэлдээ хүртэл үзүүлбэрээ хийвэл надад ялчихсан юм шиг л санагддаг.

Танд сөрөг сэтгэгдэл ирдэг үү? Яаж хүлээж авдаг вэ?

Хүний бодол өөртөө зөв гэдэг шиг тэр хүний бодол тэр хүндээ зөв. Харах өнцөг нь тэр л юм байлгүй. Намайг үзэн ядаж болно. Түүнээс илүү намайг хайрлах хүмүүс байгаа. Арга билэг гэдэг шиг.

Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдадаа хандаж үг хэлэхгүй юу?

Ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Цаашдаа улам их хичээх болно. Итгэл хүлээлгэж, дэмждэг хүмүүстээ баярлалаа. Гэр бүл, ах эгч, хүүдээ хайртай шүү. Үзэн ядагчиддаа ч гэсэн хайртай.

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.133.198
    11 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах