БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн асуудлыг 100 хувь шийдсэн, сугалааны тогтолцоог албан ёсоор “халж” байна


Сургууль, цэцэрлэг ороход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Жил бүрийн энэ үед цэцэрлэгийн хүртээмжний асуудал хөндөгддөг билээ. Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл хийлээ. Тэрбээр:

“Монгол Улсад цэцэрлэгийн насны 303000 хүүхэд байдаг. Үүнээс нийслэлийн хэмжээнд хоёроос таван насны хүүхэд 141000 байдаг. Нийслэлийн цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 102000. 2022 оноос 2023 онд сургах боломжтой хүүхдийн тоо 106000. Жил болгон таван насны 3500, дөрвөн насны 3600, гурван насны 3572, хоёр насны 23780, нийт 34486 хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байсан. Тиймээс энэ сугалааны тогтолцоог бид албан ёсоор халж байна.

Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн асуудлыг 100 хувь шийдсэн Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай, Багануур гэх дүүргүүд есдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын 15-ны дотор хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн зориулалтаар 92 байр түрээсэлж 9850 хүүхдийг авах боломж бүрдсэн.

Хувийн цэцэрлэгт нэмэлт элсэлтээр хүүхдүүд авч байгаа бөгөөд тойргийн хүүхдүүдийг авсан тохиолдолд хувьсах зардлыг төрийн цэцэрлэгээс хоёр дахин нэмж өгнө. Энэ хүрээнд хувийн цэцэрлэгүүд нэмж 10272 хүүхдийг авахаар гэрээ хийж байна. Харин улсын цэцэрлэг нэмэлтээр 3881 хүүхэд авна. Шинээр 39 цэцэрлэг мөн дөрвөн гэр цэцэрлэгт 240 хүүхдийг нэмж авна. Энэ нь алслагдсан дүүрэгт хамаарна. Байгууллагын цэцэрлэгт 1000 гаруй хүүхдийг хамруулна. Цаашдаа цэцэрлэгийн орчин үеийн барилга байгууламжаар гэр цэцэрлэгүүдийг бүрэн солино.

Энэ жил шинээр ашиглалтад орох цэцэрлэгт хоёр үе шаттайгаар 5000 хүүхэд авна. Есдүгээр сарын нэгэнд долоон цэцэрлэгт 1640, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамаарна. Маргааш буюу найман сарын аравнаас цэцэрлэгийн хүсэлтүүдийг авна. Гурван үе шаттайгаар цэцэрлэгийн хамран сурах тойргийг зарлана. Ерөнхийдөө цэцэрлэгийн гадна үлддэг байсан 34486 хүүхдүүдээс 26643 хүүхдийг есдүгээр сарын нэгэнд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн. Үлдсэн 7755 хүүхдийг энэ онд багтааж 12 дугаар сарын 31-ны дотор цэцэрлэгт бүрэн хамруулна. Тиймээс эцэг эхчүүд хаягийн бүртгэлийг асуудлаа есдүгээр сарын нэгнээс өмнө цэгцэлж, оршин суугаа хаяган дээрээ хүүхдүүдээ бүртгүүлэхийг зөвлөж байна.

Судалгаагаар ачаалалтай байдаг сургууль, цэцэрлэгүүдэд нийт сурагчдын 40-50 орчим хувь нь тойргийн бус хүүхдүүд байсан. Тиймээс энэ жилээс эхэлж хүүхэд амьдарч байгаа дүүргийнхээ сургууль, цэцэрлэгт явна. Ингэснээр замын түгжрэл мөн буурах төлөвтэй байна. түгжрэлийн 30-40 хувийг хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгч, авдаг эцэг эхчүүд эзэлж байна”.


Д.Анударь



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах